"Бичиг соёл" төв санаачлан Монголын урчуудын эвлэлтэй хамтран монгол уран бичлэгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах мөн уран бүтээлчдийн шинэлэг санаа, авьяас чадварыг дэмжиж нийтэд таниулах зорилгоор "Бичиг соёл" үзэсгэлэнг 15 жил тасралтгүй зохион байгуулжээ.
Үзэсгэлэнгийн онцлог нь анх удаа уран бүтээлч, багш, оюутан, сурагчдын нэгдэл байгуулсантай холбогдуулан хамтарсан бүтээлүүд хийсэн бөгөөд үзэсгэлэнгийн заалыг хөшгөөр тусгаарлаж, хоёр хэсэгтэй болгон нэг хэсэгт нь уран бүтээлчдийн хамтарсан цогц бүтээлийг байршуулж, нэг хэсэгт нь бие даасан бүтээлийг байршуулснаараа онцлогтой юм.
“Тэнгэрийн хаалга” нэртэй хамтарсан бүтээл нь 12 метрийн урттай цаасан дээр 20 гаруй уран бүтээлч хамтран энэтхэгийн нэрт яруу найрагч Галидасын “Үүлэн зардас” найраглалыг бичиж урлажээ. Тус найраглал нь бүсгүй хүний сайхан сэтгэл гоо жавхланг магтсан 120 бадаг 480 мөрөөс бүтсэн юм.
Уг үзэсгэлэнд нийт 30 гаруй уран бүтээлчид оролцжээ. Монгол Улсын Үндэсний Номын сан, Монголын Урчуудын Эвлэл, "Бичиг соёл" төв, "SRP rising group" хамтран зохион байгуулж буй бөгөөд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 2024 оны тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 11-ний өдрийг хүртэл гарна.
Анх "Бичиг соёл-2013" үзэсгэлэнд зориулж бичиг соёл төвийн үүсгэн байгуулагч Д.Ганбаатар “Монгол бардамнал” бүтээлийг бичиж байсан бол "Бичиг соёл-2024" үзэсгэлэнд зориулж түүний шавь уран бүтээлч Э.Анхбаяр “Монгол бардамнал” бүтээлийг туурвижээ.
“Бичиг соёл” төвийн талаар сонирхуулбал, монголын уламжлалт уран бичлэг, хэл, бичиг соёлын өв санг хадгалан хамгаалах, монгол уран бичлэгийг уламжлан хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.
“Мөнх тэнгэрийн бичиг”, “Бичиг Соёл”, “Нэг ертөнц Яруу найраг”, “Гоо бэхи”, “Бийрийн эрдэм Төгсөшгүй” зэрэг үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
2016 онд Олон улсын уран бичлэгийн холбоог хамтран байгуулснаар олон улсад идэвхтэй ажиллаж байна. 2022 оноос SRP компанийн дэмжлэгээр “Бичиг соёл” галерейг нээн, үзэсгэлэн сургалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
"Бичиг соёл" төв нь уран бүтээлчид, ЕБС-ийн багш нар, их, дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдыг дэмжих зорилгоор “Бичиг соёл” уран бүтээлийн нэгдэл байгуулан ажиллаж буй. Мөн Дорнод аймгийн XII сургуулийн монгол хэл уран зохиолын багш Ө.Одмандахын санаачилгаар Дорнод аймгийн боловсрол соёлын газар, номын сангийн дэмжлэгээр "Бичиг соёл" төв салбараа байгуулж үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.