Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ бямба гарагт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор дэлгүүрүүдийн лангуун дээр үнийн хувьд харилцан адилгүй ч чихэр, амттанаар бялдаж, чимэглэж гоёсон ууттай бэлэгнүүд эрийж харагдана. Энэ үеэр импортын хямд бараа бүтээгдэхүүн хамгийн ихээр борлуулагддаг байна. Учир нь томчууд бэлэг сонгохдоо үнийн дүн болон үзэмж төдийхөнд нь л ач холбогдол өгдөг. Боломжийн үнэтэй хэр нь ахиухан чихэр, пичень, амттантай бэлэг байвал сайн гэж үзнэ. Харин худалдаа эрхлэгчдийн зүгээс хэрэглэгчдийн энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлгээ баглаж, бэлтгэдэг аж.

Худалдаа эрхлэгч Х.Мөнгөнсувд

Эцэг эхчүүд ихэвчлэн хямд бэлэг сонгохыг илүүд үздэг. Ийм ч учраас сонголтод нь тааруулж бэлэг боохоос аргагүй. Үүнтэй холбоотойгоор өдийд импортын хямд бараа бүтээгдэхүүний борлуулалт огцом нэмэгддэг. Дан ганц эцэг эхчүүд ч гэлтгүй албан байгууллагууд хүртэл хямд бүтээгдэхүүн сонгож, бэлэг боолгож байна.

Түүнчлэн хүнсний томоохон дэлгүүр, худалдааны төвүүдэд ууттай бэлэг бэлдэхдээ дотор нь юу хийсэн нь тодорхойгүй, гаднаасаа харагддаггүй зурагт хайрцагт хийсэн байдаг. Энэ төрлийн бэлэг хүүхдийн сонирхлыг илүүтэй татаж, эцэг, эхчүүд таг сохроор худалдан авалт хийхэд хүрдэг. Товчхондоо тухайн бэлэгт багтсан бүтээгдэхүүнүүд хэзээ, хаана үйлдвэрлэгдсэн, найрлагандаа юу агуулж байгаа нь тодорхойгүй байдаг. Дэлгүүрийн лангуун дээр удаж буй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг багцалж боосон байх ч эрсдэлтэй.  Ихэнх тохиолдолд гадуур худалдаалагдаж байгаа ууттай бэлэгнүүд тухайн ондоо зарагдаагүй, хугацаа дуусах дөхсөн, эсвэл хамгийн муу чихэр, хийжүүлсэн ундаа зэргээс бүрдэж байна.

Сахарын хэтийдсэн хэрэглээ

Насанд хүрсэн хүний нэг өдрийн сахрын хэрэглээг 25 грамм хэмээн тооцоолсон байдаг. Харин хүүхдийн сахарын хоногийн хэрэглээг 5-8  грамм тооцоолжээ. Гэтэл хүүхдийн баярт зориулан багцалсан нэг уут бэлэгт ойролцоогоор 412 грамм сахар агуулагдаж байна. Тодруулбал, нэг уут бэлгийг нэг жүүс, нэг жигнэмэг, нэг шоколад, гурван төрлийн чихэр зэрэг нийт зургаан ширхэг бүтээгдэхүүнтэй байхаар тооцож судалжээ. Өөрөөр хэлбэл, нэг уут бэлгэнд насанд хүрсэн хүний сахарын хэрэглээнээс 16 дахин, хүүхдийн сахарын хэрэглээнээс 80 дахин их хэмжээтэй бүтээгдэхүүн бий гэсэн. Сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэхэд хүүхдэд цатгалан мэдрэмж төрүүлэн хоолны дуршлыг бууруулдаг. Улмаар шим тэжээллэг хоол хүнс идэхээс дургүйцэх, зөвхөн чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг идэх дуршилтай болж, шүдний өвчлөлд өртдөг.

Хүүхдийн эмч Б.Мөнгөнчөдөр

Нэг уут бэлгэнд ойролцоогоор 420 гр сахар агуулагддаг. Нэг баяраар хүүхэд хэдэн уут бэлэг иддэг вэ. Энэ нь хүүхдийн дотор эрхтэнүүдэд огцом ачаалал өгч, цочмог үрэвсэл, хордлого үүсгэх эрсдэлтэй. Хэт их сахарын агууламжтай чихэр печень, хийжүүлсэн ундаа зэрэг чанаргүй, баталгаагүй бүтээгдэхүүнээр хүүхдийг хуурч, хордуулахаа болих хэрэгтэй.

Баярын үеэр хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн газрыг нягталж, гарал үүсэл нь баталгаатай эсэхийг шалгах хэрэгтэй. Ингэснээр хүүхдийнхээ эрүүл мэндэд үүсэж болох болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ бэлэг сонгохдоо сахрын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас аль болох татгалзахыг уриалж байна. Худалдаанаас ууттай бэлэг сонгож буй тохиолдолд багцалсан хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа, чанар, аюулгүй байдал нь алдагдсан эсэхийг шалгаж авахыг зөвлөж байна.

Таргалалт ба эрүүл бус хүнс

Сургууль, цэцэрлэгийн орчинд худалдаалж байгаа хямд үнэтэй, эрүүл бус хүнснээс хүүхдүүд өдөр бүр авч байна. Судалгаагаар хоёр хүүхдийн нэг нь чихэрлэг ундааг, таван хүүхдийн дөрөв нь чихэрлэг хүнс буюу контик, зайрмаг, вафли, бялуу, чихрийг өдөр бүр хэрэглэдэг нь тогтоогджээ. Бага насны хүүхдийн бичил тэжээлийн дутлыг бууруулах гол арга нь хүүхдийг эхийн сүүгээр хооллох. Гэвч хүүхдийг эхийн сүүгээр хооллох үзүүлэлт жил ирэх тусам буурч, нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаан сардаа эхийн сүүгээр дагнан хооллож байна гэсэн судалгаа байдгийг эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Товчхондоо илүүдэл жин ба таргалалтын тархалт 6.7 дахин нэмэгдэж, 28.6 хувьд хүрсэн нь анхаарал татсан асуудлын нэг болжээ. Энэ нь давс, сахар, өөх тосны агууламж ихтэй, шим тэжээл багатай хагас болон бүтэн боловсруулсан хүнсний хэрэглээтэй шууд холбоотой. Томчууд хүүхдийнхээ эрүүл хооллолт, жингийн асуудалд хэт хойрго хандаж буй нь энэ мэт баярын үеүдэд бүр илэрхий харагдана . Хүн амын эрүүл мэндийн статистик мэдээллээс харахад хоол боловсруулах тогтолцооны эмгэгээр өвчлөгсдийн 13.1 хувийг мөн л өсвөр үеийнхэн эзэлж байна. Таргалалт бол томчуудын өвчин биш, хүүхдүүд ч эрчимтэй өртөж байгаа юм.