УИХ 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, 2020 оноос хэрэгжүүлж эхэлснээр ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг болсон. Өмнө нь 50-иас доошгүй ажлын өдөр чуулах хуультай байв. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлж эхэлснээс хойш анх удаа УИХ-ын сонгууль болох гэж байна. УИХ бүрэн эрхийн хугацаандаа ганцхан удаа л ээлжит чуулганаа эрт завсарлуулдаг. Энэ бол сонгуулийн жилийн хаврын чуулган. Бусад жилүүдэд хаврын чуулганыг наадмын өмнөхөн завсарлуулдаг бол сонгуулийн жил зургаадугаар сарын эхээр завсарлуулах шаардлагатай болдог юм. Энэ нь УИХ-ын сонгууль ойртож парламентад суудалтай нам, эвслсүүд, гишүүд сонгуульдаа хамаг анхаарлаа хандуулдагтай холбоотой. Мөн сонгуулийн сурталчилгаа ч эхэлдэг. Тиймээс сонгуулийн жилийн хаврын чуулганыг эрт завсарлуулдаг.
Өмнө нь УИХ-ын ээлжит чуулган 50-иас доошгүй ажлын өдөр хуралддаг байсан бол сонгуулийн сурталчилгаа одоогийнхоос урт байдаг байлаа. Харин энэ удаад сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-нд эхэлж 17 хоног үргэлжилнэ. Тиймээс УИХ-ын хаврын чуулганыг хэзээ завсарлуулах вэ гэсэн асуулт хариултаа хүлээж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулдаг болсноор хаврын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 5 бус гуравдугаар сарын 15-нд нээдэг болсон юм. Энэ удаагийн хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны баасан гаригт нээлтээ хийсэн. Түүнээс хойш тооцвол хаврын чуулганы хуралдсан хугацаа энэ долоо хоногт ажлын 75 хоногтоо хүрч завсарлах болзлоо хангах юм байна. Ирэх баасан гариг гэхэд УИХ-ын хаврын чуулганы хуралдсан хугацаа 77 дахь ажлын өдөртөө хүрэх юм. Тиймээс хаврын чуулганыг ирэх баасан гаригт завсарлуулж болно гэсэн үг. Гэвч одоогоор завсарлуулах тухай мэдээлэл гараагүй байна. Энэ долоо хоногт завсарлуулахгүй бол дараагийн баасан гариг буюу зургаадугаар сарын 7-нд завсарлуулах биз ээ. 10-нд нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.