Үерлэх нь

Ихэнх нутгаар бороо хур ихтэй өдрүүд үргэлжилж байна. Тэр дундаа төвийн аймгуудын ихэнх нутгаар ахиу хэмжээний бороо орж, үерийн эрсдэл үүсэж буй. Өчигдөр оройноос Улаанбаатар хотод орж эхэлсэн борооны улмаас нийслэлийн зарим хэсэгт ус их хэмжээгээр тогтоод байна. Өнөөдрийн 08.00 цагийн байдлаар Гурвалжингийн гүүр орчмын нөхцөл байдлыг зургаар харуулъя.

Цаашид ч бороо хур ихтэй өдрүүд үргэлжилнэ. Тухайлбал, цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд нутгийн баруун хагаст бороо орно. Мөн голуудын усны түвшин нэмэгдэж, зарим нь үерлэж байгааг ч анхааруулсан юм.Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Онги, Алтай нуруунаас эхтэй Ховд, Бодонч зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдэж Ховд, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-25 см, Булган гол Байтаг , Үенч гол Үенч сум орчмоор үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.

Мартаж болохгүй сургамж

Өнгөрсөн онд дөрвөн хүний амийг авч, олон зуун айл өрх, аж ахуйн нэгж байгууллагыг хохироосон үерийн аюул нийслэл хотод нүүрлэсэн билээ. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас нийслэл хотод олон тооны орон сууц, барилга, зам, гүүр, далан, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл учирч нийслэл даяараа эрсдэл үүрсэн. Тухайлбал, Сэлбэ голын ус үерлэж далан нурснаас үүдэж Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны орон сууцны барилгын нэг давхар үерлэж байв. Улмаар барилгын зоорины давхарт байсан автомашинууд живж, иргэд их хэмжээний хохирол амссан нь нийслэлд долоодугаар сард болсон үерийн уршиг. Дараа нь наймдугаар сард их хэмжээний бороо орсны улмаас уулын ус суурьшлын бүс рүү бууснаас үүдсэн үерт, Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх орчмын айл өрхүүд үерт автаж, эрдэнэт хүний амь нас эрсдэж их хэмжээний хохирол учирсан юм. Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас гаргасан тоо баримтаар "Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38.3 га талбай үерт өртсөн. Үүний улмаас дөрвөн хүн (нэг хүүхэд) харамсалтайгаар амиа алдсан. Мөн 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн" гэх мэдээллийг өгч байсан юм. Үерийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээ одоо хүртэл бүрэн гараагүй байна.

Ирэх сард олон жилийн дунджаас ахиу бороо орно

Зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байгаа. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Зургаадугаар сард л гэхэд Төвийн ихэнх, Сэлэнгийн зүүн, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадастай байх аж.

Гамшигт бэлэн үү

Өнгөрсөн онд тохиолдсон үер, гал түймэр, ган гачигийн гамшигт үзэгдлүүд энэ жил ч давтагдахыг үгүйсгэх аргагүй. Тэр тусмаа Номхон далайн экваторын усны гадаргын давхаргын температурын хэлбэлзлээс болж дулаарал үүсдэг Эль Ниньо үзэгдлийн нөлөөгөөр Монголд үерийн давтамж гурав дахин нэмэгдсэн байдаг. Эл үзэгдлийн хоёр дахь жил буюу 2024 оныг өмнөхөөсөө ч илүү, түүхэн дэх хамгийн халуун жил болно гэж дэлхийн цаг уурчид онцолж байгаа. Хэт халалттай, хөрс хуурайшсан үед аадар бороо ороход л хэдхэн минутын дотор их хэмжээний үер болох эрсдэлтэй байдаг.

Гэхдээ бид энэ гамшигт бэлэн биш байна. Тэр дундаа хүн амын төвлөрөл, барилгажилт, замбараагүй хот тэлэлт, газар олголт, шаардлага хангаагүй үерийн хамгаалалтын байгууламж, үерээс хамгаалах тогтолцоо бүрдээгүй манай нийслэл хотынхон үерийн аюулын эсрэг бэлэн биш байна. Нийслэлийн хэмжээнд зам, талбайн борооны ус зайлуулах 169 км шугам, 3084 шүүрт худаг, 3601 үзлэгийн худаг, нэг насос станц, 10 насост худаг байдаг. Харин борооны ус зайлуулах гол цуглуулагч шугамуудын 70 орчим хувийг 1990 оноос өмнө хийсэн буюу нэлээд хуучирч муудсан гэсэн үг. Мөн шугам хоолойн 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагдсан байдаг. Мөн зарим газрын үерийн хамгаалалтын бүсэд барьсан барилга байгууламжийг буулгаж, шилжүүлж байгаа ч үерийн аюулаас бүрэн хамгаалж буй хэрэг биш.

Тиймээс хуучирч муудсан шугамуудыг шинэчилж, шинээр шугам, худгууд байгуулж, далан шуудуу барьж, эрсдэлт нөхцөлд байгаа айл өрхүүдийг нүүлгэж, голын ай савд газар олгохгүй байхаас гадна усан сантай болох нь үер усны аюулаас сэргийлэх арга зам. Эдгээрээс хамгийн чухал нь тохируулгын усан сан байгуулах ажил гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна. Тухайлбал, Усны газрын дарга З.Батбаяр "Үерийн дараа ган болдог. Үүний гол гарц нь усан сан. Борооны ус хуримтлуулах усан сан байгуулъя. Төлөвлөлтийн үндэс ус. Хятадад 23 мянган усан сан, БНСУ-д 19 мянган усан сан байна. Усыг төлөвлөхгүйгээр хотыг хөгжүүлэх боломжгүй. Үерийн хамгаалалтын үндсэн арга ганц далан биш, усан сан" гэсэн юм. Гэвч бидэнд аюулаас гаталгах хэмжээний усан сан алга.