Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд

  • Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар;
  • Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна.

АТҮТ-ийн авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт 100 автобус хамруулснаас 1 нь тэнцэж, 99 тэнцээгүй аж. Мөн худалдан авах гэрээнд евро V хөдөлгүүртэй их багтаамжийн автобус авахаар тусгасан боловч ногоон автобусууд евро II хөдөлгүүртэй ангилалд хамаарах үндэслэлтэй байгааг шинжээчид хэлж байлаа.

Үүнээс гадна үйлдвэрийн нөхцөлд технологийн шаардлага хангаагүй будсан, арал дээрх мэдээллийг засварласан байх магадлалтай аж.