Нүүрсийг эс тооцвол манай улсын экспортын гол түүхий эдүүд өнгөтэй байна. Алтны ханш гэхэд байсхийгээд л дээд цэгээ эвдэж, эдүгээ бүх цаг үеийн түүхэн оргил түвшиндээ хүрчээ. Зэрэгцээд зэс ч мөчөөгөө өгсөнгүй. Үнэ нь өссөөр жил гаруйн дээд цэгтээ тулж ирээд байна. Гал дээр тос нэмж газрын тос ч чангарав. Үнийн өсөлтийн буухиа таваарын зах зээлд ийн үргэлжилж байна.
Том зургаар харвал дэлхийн эдийн засаг эдүгээ бүрэн тэнхрээгүй л байна. Цар тахалд туйлдаж, тамираа барсан дэлхийн эдийн засаг сэхээнээс нөхөн сэргээх тасаг руу шилжээд удаагүй байна. Тэр утгаар дэлхийн улс орнууд дундаас бусдаасаа онцгойрч, эдийн засаг нь огцом өсөж өндийж буй улс тун цөөн байна. Дор бүрнээ л их өсөлт гэхээсээ илүү эргээд хэвийн голдиролдоо орох гэж хичээж байна. Энэ хэрээр хувьцаа, валют, үл хөдлөх хөрөнгө гээд олон улсын гол зах зээлүүдэд уналт нүүрлэж, үүнээсээ өндийж чадахгүй байна. Харин сүүлийн үед олон улсын таваарын зах зээлд өсөлт ажиглагдаж, зарим түүхий эдийн үнэ он гарсаар цойлов.
Алт 2500 ам.долларт хүрэх үү
Олон улсын зах зээлд өнөөдөр алт шиг гялалзаж буй металл алга. Алтны ханш он гарснаас хойш тасралтгүй өссөөр, өдгөө бүх цаг үеийн түүхэн дээд цэг дээрээ хэлбэлзэж байна. Тавдугаар сарын 20-ны байдлаар унц алт 2436 ам.долларт хүрлээ. Алтны үнэ ийн өсөх суурь нөхцөл буюу тохироо зах зээлд алт хэдийнэ бүрдсэн.
Нэгд, одоо ч дэлхийн бөмбөрцгийн хоёр туйлд дарийн утаа манарч байна. ОХУ Украин, Ойрх Дорнодын байдал намжих нь бүү хэл улам хүндрэв. Дэлхийн эдийн засаг хямарч, дайн дажин нөмрөхөөр алт “гялалздаг”. Энэ дагуу алтны ханш чангарч байна.
Хоёрт, ам.доллар алтны ханшийг өдөөж байна. Мөнгөний бодлогын жишиг хүүгээ танахаа өнгөрсөн сар түр азнасан АНУ-ын төв банк ирэх саруудад тэр дундаа энэ оны есдүгээр сард бууруулна гэж шинжээчдийн олонх үзэж байна. Америкийн төв банк бодлогын хүүгээ танавал ам.долларын нийлүүлэлт зах зээлд нэмэгдэж, ханш нь буурна. Ингэхээр ам.доллартой урвуу хамааралтай алтны ханш чангарах юм. Ам.долларын ханш сулрах нь алтны ханшийг “автомат”-аар өсгөнө гэсэн үг. Нэмээд дэлхийн томоохон төв банкууд алт худалдан авалтаа нэмэгдүүлж байгаа нь зах зээлд шар металлын эрэлтийг өсгөж байна. Дэлхийн төв банкууд алт худалдан авалтаа сүүлийн есөн сар дараалан өсгөж байгаа аж. Үүнээс Хятадын төв банк гэхэд сүүлийн 17 сар дараалан алт худалдан авалтаа нэмэгдүүлжээ.
Энэ мэт хүчин зүйлээс үүдэн алтны ханш дээд цэгтээ хүрсээр байна. “JPMorgan Chase”, “Goldman Sachs” зэрэг хөрөнгө оруулалтын томоохон банкууд энэ онд алтны ханш илүү өснө гэж таамаглаж байгаа ба шар металлын үнэ ирэх саруудад 2500 ам.долларт хүрэх төлөвтэй байна. Монгол Улсын төсөвт энэ онд алтны ханшийг 1950 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцсон. Тэгвэл олон улсын зах зээлд алтны ханш одоогоор төсөвт суулгасан дүнгээс даруй 450 орчим ам.доллароор өндөр байна.

Эх сурвалж: Business insider
Ирээдүй нь ойлгомжтой зэсийн зах зээл
Зэсийн ханш 11 мянган ам.долларыг давлаа. Зэсийн ханшид хүчтэй нөлөөлж байгаа хэд хэдэн хүчин зүйл бий. Нэгд, зэсийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн харьцаа. Энэ онд дэлхийн цэвэр зэсийн зах зээлд 467 мянган тонн зэсийн илүүдэл үүснэ гэж Олон улсын зэсийн судалгааны группийн өнгөрсөн онд тооцож байв. Энэ тооцоогоор зэсийн ханш өсөх бус буурах, наанадаж л тогтвортой байх учиртай. Гэтэл илүүднэ гэж тооцож байсан зах зээлийн нийлүүлэлт саарч эхэллээ. Тухайлбал, дэлхийн зэсийн гарцын нэг хувийг нийлүүлдэг томоохон уурхайг Панамын дээд шүүх хаах шийдвэр гаргалаа. Канадын “First Quantum” компанийн Панам улсад эзэмшдэг энэ уурхай хаагдахаар болсон нь зах зээлд хүчтэй нөлөөлөв. Мөн салбарын гол тоглогчдын нэг Anglo American компани 2024, 2025 онд зардлаа бууруулахын тулд зэсийн гарцаа танахаа мэдэгдээд байна. Ийнхүү зэсийн нийлүүлэлт буурах эрсдэл бий болов.
Нөгөө талд, эрэлтийг харвал дэлхийн зэсийн хэрэгцээний тэн хагасыг бүрдүүлдэг Хятадын эдийн засаг саарч, барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар муудсан. Энэ нь эрэлт талд дарамт болов. Гэхдээ сүүлийн үед Хятадын тоонууд сайжирч эхлэв. Урд хөршийн үйлдвэрлэлийн гарц энэ оны эхний хоёр сард долоон хувиар өссөн бол тус салбарын гол индекс гуравдугаар сард сүүлийн зургаан сард анх удаа дээшилжээ. Эдгээр тоонууд ирэх саруудад Хятадын эдийн засаг сэргээх найдвар төрүүлж, зэсийн эрэлтэд итгэл дагуулав. Мөн зэсийн томоохон хэрэглэгч болох Энэтхэгийн эдийн засгийн үзүүлэлтүүд ч урд өмнө байгаагүй өссөн нь давхар найдвар төрүүлэв. Энэ мэт хүчин зүйлс нь зэсийн ханшийг богино хугацаанд дээш шидэж байна.
Харин урт хугацаанд зэсийн ханш хааш чиглэх нь ойлгомжтой болсон. Ирээдүйд аль улс илүү их зэстэй байна, тэр улс дэлхийд энэ хэрээр нөлөөтэй байна гэж дэлхийн алдартай хөрөнгө оруулагчдын нэг Роберт Фридланд хэлсэн байдаг. BMI-ийн тооцоогоор дэлхийн зэсийн эрэлт 2023 онд 27 сая тоннд хүрсэн бол 2032 он гэхэд 38 сая тоннд хүрнэ. Зэсийн эрэлт тасралтгүй өссөөр байх ба үүнийг дагаад ханш ч чангарах төлөвтэй. Одоогоор зэсийн ханш энэ оны улсын төсөвт тооцсон дүнгээс 300 гаруй ам.доллароор өндөр байна.
Шинжээчид энэ оны эцэст хүртэл зэсийн ханш 9000 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй гэж таамагласан ч энэ байдлаараа зэсийн ханш 9500 ам.доллар хүргэх төлөвтэй байна. Харин 2025 он гэхэд зэсийн ханш 10-15 мянган ам.доллар хүрэх төлөвтэй гэж Citibank үзсэн байна.
Зэсийн ханш
2024 $9,000
2025 $10,000-$15,000
Эх сурвалж: Citiban

Эх сурвалж: Business insider
Газрын тос газардах уу
Газрын тосны ханш эргэн тогтворжиж эхлэв. Газрын тосны үнэ өсөж буй нь шатахуун түлшний бүтээгдэхүүн импортолдог Монгол Улсад сайнгүй мэдээ байж болох ч бид түүхий газрын тосоо гадаадад гаргадаг экспортлогч улс гэдгээ мартаж болохгүй. Газрын тос жилд дунджаар 300-400 сая ам.доллар Монгол Улсад авчирдаг ба экспортын орлогоороо эл түүхий эд нүүрс, зэс, алтны араас жагсдаг. Тэгвэл Монгол Улсад хамгийн их валютын орлого авчирдаг дөрвөн түүхий эдийн нэг болох газрын тосны ханш тавдугаар сарын 20-ны байдлаар 83 ам.долларт хүрээд байна.
Газрын тосны ханш нь нийлүүлэлттэй холбоотой. Газрын тосны нийлүүлэгч орнууд тосны “крант”-аа хааж ч магадгүй. Дэлхийн газрын тосны түшиц бүс нутаг болох Ойрх Дорнодод нөхцөл байдал улам ээдрээтэй болж байна.
Энэ сарын дөрөвдүгээр сард Сири дэх Ираны Элчин сайдын яам агаарын цохилтод өртсөн. Энэ дайралтыг Израил улс хийсэн гэж Ираны талд үзэж байгаа юм. Улмаар Израилд хариуг нь барина гэж Ираны дээд удирдагч Али Хаменеи мэдэгдсэн нь дайран дээр давс нэмэв. Ирэх саруудад Иран, Израилын улмаас газрын тосны нийлүүлэлт саатаж болзошгүй. Үүнээс гадна OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа танах шийдвэр гаргаснаас энэ он гарсаар газрын тосны үнэ 18 хувиар өсөөд байгаа юм.Нэмээд эрчим хүчний түүхий эдийн хамгийн хүчирхэг нийлүүлэгч болох ОХУ-ын Украинтай үүсгэсэн дайн тодорхойгүй хэвээр.
Үүнээс үүдэн газрын тосны үнэ өснө гэж арилжаанд оролцогчид үзэж байна. Гэхдээ АНУ-ын инфляц эрчимжиж, тус улсын газрын тосны нөөц өнгөрсөн оны долоодугаар сараас хойших дээд түвшинд хүрсэн нь газрын тосны үнийн хөдөлгөөнд нөлөөлж магадгүй байна. Брэнт төрлийн газрын тосны үнэ энэ онд 100 ам.доллар хүрэх төлөвтэй гэж “JPMorgan Chase” банк тооцоолж буй бол “Anz Banking Group” газрын тосны үнийн төсөөллөө 95 ам.доллар болгон ахиулсан байна.
Ингээд харахаар Монгол Улсын экспортын орлогод жинтэй нөлөө үзүүлдэг дөрвөн түүхий эдийн гурвынх нь өсөж байна. Өсөлтийн шалтгаан нь олон улсын харилцаа. Өөрөөр хэлбэл, геополитикийн зөрчил хүрээгээ тэлж, улам хурцдаж байгаа нь нийлүүлэлтэд саад учруулж, тодорхойгүй байдлыг улам дэвэргэж байна. Энэ хэрээр тавааруудын ханшийг өдөөж байна.
