Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 599 дэх дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох сэдвүүдийг танилцуулъя.

Нэг. Зууны түүхтэй зэлүүд сумд

Хил хязгаараа манах, орон нутгаа эзэнжүүлэх нэг агуулгын хүрээнд Монгол Улсыг 300-аад нэгжид хуваасан гэдэг. Түүх сөхвөл, нутаг дэвсгэрийг бүс нутгийн байгаль экологийн онцлог болон нүүдлийн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагаатай уялдуулан хуваарилсан зургаан аймаг, 110 хошуутай 1923 оны тэртээгээс нийт дөрвөн удаа засаг, захиргааныхаа нэгжийг өөрчилжээ. Хамгийн сүүлд, 1992 онд баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлд хуваасан байна. Тухайн үед манай улс 18 аймаг, 200 гаруй сумтай байсан бөгөөд нэг сумын нутагт нэгдэл, сангийн болон тэжээлийн аж ахуй багтдаг байв. Харин 1992 онд тэдгээрийг тус бүрд нь сум болгосноор өнөөгийн 330 сум бүрдсэн байна.

Тэгвэл 100 жилийн тэртээ нэгжид хуваарилагдсан сумд эхнээсээ 100 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж эхэлсэн. Энэ жил л гэхэд 17 аймгийн 100 сум түүхэн ойгоо тэмдэглэх нь. Гэвч эдгээр сумын 53 нь жижиг буюу 3000-аас доош хүн амтай. Үүнээс 2000-аас доош хүн амтай 20-иод сум байна. Ийн хилээ манаж, нутгаа эзэнтэй байлгах агуулгатай сумд 100 жилийн босгон дээрээ эзгүйрч үлджээ.

Б.Цэнд-Аюушийн "Зуун жилийн "цөллөг"" нийтлэлээс

Хоёр. Сонсголын үр дүнг хэзээ үзэх вэ?

УИХ-аас өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны, нүүрсний сонсголуудыг явуулсан бол саяхан эмийн үнийн өсөлтийн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгууллаа.  Сонсголууд сонирхолтойгоос илүү нууц, бугшмал олон асуудлыг дэлгэснээрээ ач холбогдолтой байлаа. Гэхдээ сонсгол явуулаад эдгээр салбарт бугшсан өвчин өргөс авсан мэт эдгэрчихгүй. Тиймээс сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь илүү чухал

С.Эрдэнэбаярын "Сонсгол сонгуулийн дуулианд дарагдах вий" нийтлэлээс

Гурав. Н.Энхболд үеийнхнээсээ хамгийн сүүлд чуулганы танхимыг орхино

УИХ-ын сонгууль сар гаруйн дараа болно. Нэр дэвших, дэвшихгүй бүх улстөрч сонгуульд анхаарлаа хандуулж, бас “Би, манай нам ялах болов уу, яах бол” гэж сэтгэлээ чилээн суугаа. Ялангуяа эрх баригчид эрх мэдлээ хадгалж үлдэхийн төлөө хичээж буй. Харин тэдний дунд сонгуульд санаа зовохгүй ганцхан УИХ-ын гишүүн бий. Тэр бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд. Түүнийг Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудлыг УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд хаалттай хэлэлцэж, томилохыг дэмжсэн. Ингэснээр 2000 оноос хойш УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдож ажилласан түүний хувьд бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад юу хийхдээ санаа зовох шаардлагагүй болсон юм. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад урд хөршийг зорино. Тэрээр 1954 онд төрсөн казах түмний төлөөлөл Х.Баделхан гишүүнийг эс тооцвол үеийнхнээсээ хамгийн сүүлд УИХ-ын танхимыг орхин гарч байгаа нь энэ. Н.Энхболд нь 1957 онд төрсөн 67 настай бөгөөд Ц.Нямдоржоос нэг, Ч.Улаанаас гурав дүү, Д.Лүндээжанцантай нас чацуу. МАН-ын нэгэн үеийн гол цөм болсон улстөрчдийн нэг Н.Энхболд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Батлан хамгаалахын сайд гээд олон удаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж байлаа. Тэрээр улс төрийн сүүлийн карьераа БНХАУ-д суух Элчин сайдаар өндөрлүүлэхээр төлөвлөснийг нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар дэмжлээ. 67 настай түүний хувьд 71 насандаа Элчин сайдын албан тушаалаас чөлөөлөгдөнө.

Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдохоор болсон Н.Энхболд буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг “Одоо энэ УИХ-ын ажил надад хамаагүй” гээд хоног тоолон зүгээр суусангүй. Тэрээр УИХ-аар дэмжигдсэнийхээ дараа буюу энэ сарын 2-нд санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн барив.

С.Шийлэгтөмөрийн ""Өвгөн" гишүүний үеийнхэндээ зориулсан хууль" нийтлэлээс

Дөрөв. “Царцаа” нүүлгэхийг бүртгэлийн маргаан төдийхнөөр хуульчилсан

Сонгууль будлиантвал юу болдгийг бид мэднэ. 2008 оны сонгууль, түүний үр дүнг эсэргүүцсэн иргэд тухайн үеийн эрх баригч МАН-ын байрыг шатаасан. Долоодугаар сарын 1-ний тэрхүү дотоодын үймээн, иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирсон, төрд итгэх итгэл алдарсан зэргээс сургамж авч УИХ-аас 2011 онд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг баталсан. Ингээд 2012 оноос эхлэн санал тоолох автомат төхөөрөмжөөр сонгогчдын саналыг тоолж, УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн хэд хэдэн сонгууль амжилттай хийлээ. Ялагдсан нам, нэр дэвшигчид ялагдлын шалтгаанаа энэхүү “хар машин” руу чихдэг. Маргаан гарсан тойргуудад гараар хяналтын тооллого хийхэд зөрүү гарч байгаагүй, яг л мөргөдөг. 2020 оны сонгуульд ялагдсан улстөрчид ч үүнийг гэрчилнэ. Энэ жилийн сонгуулиар улс даяар хяналтын тооллого хийхээр хуульчилсан. Харин одоо хүртэл “сонгуулийн царцаа”-гаа л бүрэн шийдэж чадаагүй явна. “Сонгуулийн царцаа” гэдэг нь улстөрчид санал өгүүлэх зорилгоор иргэдийг олноор нь өөр тийш хаягийг нь шилжүүлж байнгын оршин суугчаар бүртгүүлэх луйвар. Тэд бүртгэлтэй “царцаа”. Сонгуулийн хууль чангараагүй байхад хаягийг нь шилжүүлэхгүйгээр автобусаар бөөнөөр нь зөөж санал авах байр хэсүүлэн санал өгүүлдэг байсан.

Г.Улсболдын ""Царцаа" нийтлэлээс

Тав. Зүрх сэтгэлийн болоод оюуны боловсролд хөгжмийн нөлөө их

Урлаг тэр дундаа хөгжмийн боловсрол нь хүүхдийг ёс зүй, хүмүүжил, бие бялдар, сэтгэл санааны хувьд хангалттай чадавхжуулдаг. Түүнчлэн урлагийн боловсролтой хүүхдийн аливаа зүйлд хандах хандлага, оюуны болоод сэтгэл зүйн чадамж бусадтай харьцуулахад хамаагүй илүү байдаг. Ийм ч учраас хөгжмөөр дамжуулж, хүүхдийг тодорхой чадваруудад сургах арга барил өнөө цагт “мода” болоод байна. Сонгодог хөгжмүүд дотроос хүүхдэд бүр бага наснаас нь эхэлж сургахад хамгийн тохиромжтой, нарийн ур чадвар шаарддаг нь хийл, төгөлдөр хуур. Эдгээр хөгжмийн зэмсгийг тоглоход хүний хоёр гарын үйл ажиллагаа, харах, сонсох мэдрэхүй зэрэг идэвхждэг байна. Хөгжим тоглохын тулд нот уншиж, цээжлэх, дуу чимээний ялгааг мэдрэх зэрэг олон үйлдлүүдийг нэгэн зэрэг хийдэг учраас хүний баруун, зүүн тархины үйл ажиллагаа идэвхжиж, хэл яриа, сэтгэн бодох, ой тогтоолтын чадвар сайжирдаг аж. Мөн нүдээрээ нот уншиж цээжилснээр уншаад цээжлэх буюу фото цээжлэлд сайжирдаг байна. Тархины хөгжлийг гайхалтай дэмждэг хэдхэн энгийн арга байдгийн нэг нь яалт ч үгүй хөгжим юм. Зорилготойгоор сонгосон хөгжим, аялгуугаар та хүүхдийнхээ бүтээлч чадваруудыг дэмжээд зогсохгүй, ой тогтоолтыг сайжруулж, гадаад хэл сурах хурдыг нэмэгдүүлэх төдийгүй, аливааг хийх эв дүйтэй, сэтгэлзүйгээ удирдаж чаддаг хүчирхэг хувь хүнийг бүтээх боломжтой.

Б.Нямцэрэнгийн "Хөгжмийн боловсрол амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ" нийтлэлээс

Зургаа. Зах зээл дэх зайлшгүй шаардлага

Энэ жил улсын хэмжээнд нийт 35485 сурагч арванхоёрдугаар ангиа төгсөж байна. Эдгээр сурагчид хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжилтэн болж бэлтгэгдэх, хойшид хэрхэх талаар чухал шийдвэр, сонголтын өмнө ирээд буй. Тухайн хүүхдүүдийн ирээдүйн карьер, эдийн засгийн чадамж, нийгмийн статусыг тодорхойлох гол хүчин зүйл нь мэдээж хэрэг ажил мэргэжил болоод албан тушаал. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд мэргэжил сонголттой холбоотой асуудалд бүгд нухацтай хандах болов.

Өнгөрсөн хугацаанд мэргэжил сонголтод дан ганц өөрийн хүсэл сонирхол болоод эцэг эхчүүдийн заавар зөвлөгөө ихэд чухал нөлөөтэй байв. Харин өнөө цагт нийгмийн хувьсал, эдийн засгийн өөрчлөлт, техник, технологийн хөгжлийн нөлөөтэй уялдуулж, мэргэжлээ зөв сонгох зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт ямар байна вэ, хувь хүний сонголт тийш чиглэж байна.

Б.Нямцэрэнгийн "Ирээдүйд үнэлэгдэх ажлын байрууд" нийтлэлээс

Долоо. Хиймэл оюуны эрсдэл

Их сонгуулийн мөчлөгөөс урьтаж өнгөрсөн хоёрдугаар сард Microsoft, OpenAI, Google, Meta, TikTok, X /хуучнаар Twitter/ тэргүүтэй технологийн 20 компани хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч аудио, дүрс бичлэг, дүрсийг илрүүлэх технологийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон. Гэвч нэдэр дээр нийгмийн сүлжээний аварга компаниуд хуурамч мэдээллийг хянах үүрэгтэй хэлтэс нэгжээ үлэмж хэмжээгээр цомхотгож, ажиллах арга хэлбэрийг нь өөрчилсөн болохыг өмгөөллийн Free Press байгууллагын саяхан гаргасан тайланд дурджээ. Ялангуяа WhatsApp, Instagram, Facebook дээр гурван тэрбум орчим хэрэглэгчтэй Meta компани 2023 онд 20 мянган ажлын байраа цомхотгосон нь цахим орчинд ардчиллыг хамгаалахад тийм ч тохиромжтой шийдэл биш болсныг Free Press-ийн ахлах зөвлөх Нора Бенавидез онцолж буй. Гэтэл өнгөрсөн онд хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг, дуу (Deepfake)-ны тоо дэлхий даяар 10 дахин, Ази, Номхон далайн бүсэд 16.3 дахин өсжээ. Дэлхийн улс орнуудын дийлэнхэд, ялангуяа Ази Номхон далайн бүсэд хиймэл оюуныг зохицуулсан хууль, журам байхгүйн дээр иргэд нь ч ийм технологид хууртагдах магадлал өндөр болохыг улс төрийн бохир технологид хэдийн ашиглаад эхэлсэн. Тухайлбал, хоёрдугаар сард болсон Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тэртээ 16 жилийн өмнө нас барсан тус улсын удирдагч “булшнаасаа босож ирээд” намынх нь нэр дэвшигчийг сонгохыг уриалав. Нэгдүгээр сард Нью-Хэмпширийн оршин суугчид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас мужийн захирагчийн сонгуульд оролцохгүй байхыг уриалсан дуут зурвас хүлээж авсан нь мөн л хиймэл оюуны бүтээл.

С.Лхагвасүрэнгийн "Нийгмийн сүлжээ ялах уу" нийтлэлээс

Найм. Мөнгөний үнэ цэнэ ба ойлголт

“Хэрвээ банканд 100 мянган ам.долларын өртэй бол та банкнаас хамааралтай, харин 100 сая ам.долларын өртэй бол банк танаас хамааралтай болно” гэх наргиа мөнгөний үнэ цэнэ хэрэглээг хялбархан тайлбарлаад өгч буй. Бидний ихэнх нь мөнгөтэй хэрхэн харьцах талаар тодорхой ойлголтгүй. Нэг үгээр санхүүгийн боловсролын талаарх ойлголт дутмаг. Нөгөө талдаа хэт нийгмийн туйлширсан ойлголтод автдаг. Иймдээ ч хэрэглээ, хүсэл хоёрыг ялгаж салгалгүй мөнгөө хий дэмий зүйлсэд үрэх нь элбэг. Улмаар өр зээлээс салахгүй явсаар стресс, бухимдалд хүрч эрүүл мэндээрээ хохирох нь олон. Тухайлбал, хэн нэгэнд гоё сайхан, ганган харагдах гэж хичээж өөрийн хэрэгцээнээс давсан зүйлийг худалдаж авч байгаа нь өөрөө санхүүгийн эрсдэлд орох хүчин зүйлсийн нэг жишээ юм. Ингэснээр мөнгөний боол болдог. Мөнгөний боолчлол бол цаг хугацаа, эрүүл мэнд, мөрөөдлийг үгүй хийдэг. Учир нь, тухайн хүн өөрийн мөрөөдөл бус мөнгө олохын тулд ажил хийж ихэнх цаг хугацаагаа алдана. Энэ хооронд бусдыг даган дуурайж, тренд дагаж удахгүй үнэ цэнэ нь алдагдаж, зах зээлээс арчигдах эд материалыг өөрийн олсон мөнгөөрөө худалдан авч, эцэст нь хоосордог.

И.Сарангоогийн "Орчин цагийн боол" нийтлэлээс

Ес. Амилуулах суурь тусламж ба мэдлэг

Альваа гэнэтийн эрсдэлд орсон хүнд  хамгийн эхэлж амилуулах суурь тусламжыг үзүүлдэг. Энэ нь халдвар хамгаалалын хэрэгслээс өөр багаж хэрэгслэлгүйгээр амьсгалын замыг чөлөөлөх, амьсгалуулах, цусны эргэлтийг тэтгэх үйл ажиллагааг хэлдэг. Ингэхийн өмнө тухайн өвчтөний эрсдэлийг үнэлэх нь чухал. Үүний тулд хэрвээ хэн нэгнийг ухаангүй байдалтай харсан бол ойртож очихоосоо өмнө эхлээд эргэн тойрон аюулгүй эсэхийг шалгах нь хамгаас чухал. Энэ нь та өөрийгөө дараачийн осолдогч болох эрсдэлээс сэргийлж буй явдал. Улмаар өөрийн аюулгүй байдлаа хангасан бол дараа нь осолдогчийн хажууд очин өвдөглөн суугаад хоёр мөрнөөс нь барин сэгсэрч, чангаар “Зүгээр үү” гэж асууна. Хэрэв осолдогч хариу үйлдэл үзүүлэхгүй бол ухаангүй буюу (unconscious) гэж үзэн түргэн тусламж дуудах хэрэгтэй. Үүний дараагаар амьсгалж байгаа эсэхийг нь шалгана. Ингэхийн тулд нэг гараараа духан дээр, нөгөө гарын хоёр хуруугаар эрүүнээс түлхэж өгөн агаарын замыг нээнэ. Ингээд 10 секундийн турш цээж/гэдэс хөдөлж байгаа эсэхийг нүдээрээ ажих ёстой. Хүн дунджаар таван секундэд нэг амьсгал авдаг. Хэрэв хэвийн амьсгалж байгаа бол хажуу тал руу харуулах, эсвэл босгож суулгана. Харин осолдогч амьсгалахгүй байгаа бол CPR буюу хиймэл амьсгал хийх ёстой. CPR (Cardiopulmonary resuscitation) буюу хиймэл амьсгал хийхэд дараах зүйлсийг анхаарах нь чухал

И.Сарангоогийн "Анхны тусламж амь аварна" нийтлэлээс