“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн билээ. Энэхүү булангийнхаа 13 дахь дугаарт Төрийн шагналт, ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” балетын тухай өгүүлж байна.
51 жил тайзнаа
Ардын жүжигчин, удирдаач, хийлч, хөгжмийн зохиолч Ж.Чулууны “Уран Хас” вальсыг мэдэхгүй хүн үгүй билээ. Үндэсний шилдэг бүтээл “Уран Хас” нь балетын бүтээл болон театрын тайзнаа анх тоглогдсоноос хойш 51 дэх жилтэйгээ золгож байна. 1973 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр уг балетыг анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй. 51 жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглогдож буй тус балетыг Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэн, балетын анхны тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Жамсранжав удирдан, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх ажиллажээ. Уг балетын цомнолыг нэрт эрдэмтэн, түүхч, төр нийгмийн зүтгэлтэн, академич, Хөдөлмөрийн баатар Б.Ширэндэв бичсэн юм.
Зууны манлай балетчины анхны дүр Хандармаа
Харин гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг зэрэг балетын гоцлоочид тоглож байжээ. Тус балетыг 51 жилийн турш театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгосон. Уг балетыг 2008 онд дахин шинэчилж, буга согооны бүжгийн хэсгийг нь хасаж, вальсын хэсгийг нь онцлон гаргаж тавьсан түүхтэй. Харин 2013 онд “Уран Хас” балетын 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд буга согооны бүжгийн хэсгийг дахин оруулж балетыг хуучин хэлбэрээр нь тоглож үзэгчдийн хүртээл болгосон билээ. Буга, согооны бүжгийн хэсэг нь массыг хамарсан нэлээд сонирхолтой хэсэг нь юм. Сонирхуулахад, Ардын жүжигчин, Зууны манлай балетчин Ю.Оюуны бүтээсэн анхны дүр нь “Уран Хас” бүжгэн жүжгийн Хандармаагийн дүр бөгөөд дүрийнхээ өгүүлж буй санаа, үйл явдлыг үнэхээр гайхалтай урнаар амилуулжээ.
Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Жамъяндагва
"Уран Хас” бол Ж.Чулууны бүжгэн жүжгийн анхны томоохон бүтээл юм. Тийм учраас авьяас, чадвараа үнэхээр дайчилсан. Их ч зовсон, их ч хөдөлмөрлөсөн дөө. Ерөөс том бүжгэн жүжиг бүтээнэ гэдэг хэцүү. Ж.Чулуун бид хоёр “Уран Хас” дээр байнга ажиллаж байлаа. Түүний хувьд, билиг авьяастай хүн учраас балетмейстерийн зүгээс хэлсэн санаануудыг маань сайтар ойлгож, хөгжмийнхөө зарим хэсгийг маш мэдрэмжтэй өөрчилж байсан. Ж.Чулуун маань зөвхөн хийлч, удирдаач биш жинхэнэ хөгжмийн зохиолч гэдгээ “Уран Хас”-аар харуулсан юм шүү дээ."
“Уран хас” балетын анхны бүрэлдэхүүн
Хас-Э.Оюунбат, Д.Батхүрэл
Хандармаа-Ю.Оюун /БНМАУ-ын гавьяат жүжигчин/, Н.Эрдэнэцэцэг
Ханд /Хасын эх/-Л.Дуламжав /БНМАУ-ын гавьяат жүжигчин/, Ю.Цэрмаа
Хандармаагийн найз хүүхнүүд-С.Шарав /БНМАУ-ын гавьяат жүжигчин/, А.Навчаа, Ж.Цэцгээ, Б.Энхээ
Цорж лам-Р.Батсайхан /БНМАУ-ын гавьяат жүжигчин/
Шавь лам-Д.Наранхүү, Ж.Батцэнгэл, Х.Чойжилсүрэн
Тарган банди-Д.Цогтсайхан /БНМАУ-ын гавьяат жүжигчин/
Дүвчин лам-Н.Баатар /БНМАУ-ын гавьяат жүжигчин/, Б.Очирбат
Хулгана-Д.Алтантуяа /БНМАУ-ын гавьяат жүжигчин/
Үхэр-Х.Чойжилсүрэн
Бар-Н.Баатар /БНМАУ-ын гавьяат жүжигчин/
Туулай-Т.Туул /БНМАУ-ын гавьяат жүжигчин/
Луу-Д.Цэдэндамба, Д.Чинбат
Могой-Т.Батчулуун
Морь-Г.Дашдулам /БНМАУ-ын гавьяат жүжигчин/, Г.Мандхай
Мич-А.Батдэлгэр, Ж.Наранбаяр
Нохой-Ж.Ганбат
Гахай-Д.Цогтсайхан /БНМАУ-ын гавьяат жүжигчин/

Нэгдүгээр үзэгдэл
Хангай нутаг
Идэр мөрний хойт хөвөө, уулархаг хадан хясаануудаар чимэглэгджээ. Хясааны хажуу талд ганц бор гэр харагдах нь уран Хасынх бөгөөд үүнд Хас ээжийн хамт амьдардаг байжээ. Хөшиг нээгдэхэд Хас төрөл бүрийн зүйлсийг урлан хийж байна. Тэр урлан хийсэн далавчаа үзэж, хясааны орой дээрээс үсрэн буухаар зориглон хөдөлтөл Хасын найз Хандармаагийн үерхдэг хоёр хүүхэн ирж түүнд саад боллоо. Тэгж байтал Хасад сэтгэлтэй Хандармаа ирнэ. Хас гурван бүсгүйд далавчаа үзүүлж өндөр хясаанаас үсрэхээ хэлсэнд тэдний хэн ч түүнд үл итгэн харин ч тоглоом тохуу хийцгээнэ. Гэтэл Хас нэгэнт хясааны орой дээр гарч үсрэхээр завдахад гурван хүүхэн ихэд айж нүдээ аньцгаалаа. Хандармаа яах ч учраа олохгүй түүний хойноос гүйнэ. Өндөр хясаанаас үсэрсэн Хас энх тунхаа мэдэгдэн үсрэн бүжихэд гурван хүүхэн ч хөгжилдөнө. Энэ чимээнээр Хасын ээж гарч ирнэ. Гэтэл нэгэн лам хүрэлцэн ирж Хасыг хүрээнд аваачиж цорж ламд шавь оруулах болсныг мэдэгдэнэ. Хасыг найз нөхөд, ээж нь үдэж мордуулна.
Хоёрдугаар үзэгдэл
Сүмийн дотоод байдал
Зарц лам Хасыг дагуулан ирнэ. Цорж лам Хасын уран авьяасыг ашиглах зорилгоор элдэв бурхадын дүрсийг урлан хийхийг даалгаад ихэмсэг дүр үзүүлэн буцна. Банди нар ч гурил мод, төмөр, шар тос зэрэг хэрэгслийг багажийн хамт Хасад авчирч өгөөд, түүнийг ихэд тохуурхана. Ганцаар үлдсэн Хас угийн шүтлэггүй учир багаж хэрэгслэлийг ашиглан олон янзын хүүхэлдэйн дүрс хийхийн хажуугаар цорж ламыг айлгах нэгэн муухай дүрс хийхээр шийдвэрлэнэ.
Харанхуйлал
Хэд хоног өнгөрсөн бололтой. Хасын урлан хийсэн хүүхэлдэйнүүд бүтээлэгтэй харагдана. Хас бурханы нэг ч дүрс хийсэнгүй, харин охин, ноён, хатан зэрэг хүүхэлдэйнүүдийг урлан хийснээ амилуулан бүжиглүүлнэ. Цорж ламын ирэх чимээнээр бусад хүүхэлдэйнүүдийг бүтээгээд, ламыг айлгахаар хийсэн том эрээн дүрсийн ард нуугдана. Бурхадын дүрийг урлан хийсэн гэж баярласан Цорж лам, гэнэт амилсан лүдийн дүрийг харж айсандаа ном уншин тарнидах боловч эцэст нь ухаан алдан унана. Банди нар ч Хасыг баривчилна.
Гуравдугаар үзэгдэл
Хүрээний зах газар
Цорж ламыг айлгасан, лүдийн дүрсийг шатаахаар хуурай мод овоолон, асаахад бэлтгэжээ. Түүнийг хэдэн банди нар харж хамгаална. Хүрээний ардууд ч цугларна. Хайртай хүнийхээ хойноос харь холоос ирсэн Хандармаа болон Хасын найзууд цугларагсдын дотор харагдана. Лам нар, золигт гарган хүрээнээс хөөхөөр шийдсэн Хасыг дагуулан ирцгээлээ. Харин цорж лам хараахан ирээгүй байхад дээрэнгүй банди нар зодоон үймээн гаргана. Цорж лам ирж зодооныг зогсоон лүдийг шатаана. Бүх хүмүүс тарахад Хандармаа бүсгүй ганцаар үлдэж элдвийг бодсоор Хасынхаа хойноос явахаар шийднэ.
Дөрөвдүгээр үзэгдэл
Хангай нутгийн үзэсгэлэнт байгаль
Буга согоо бүжин наадацгаахад уран Хас ирнэ. Мөн Хасыг эрэхээр явсан Хандармаа энд ирж, хайртай хүнтэйгээ уулзаж учрах нь үнэхээр жаргалтай. Хас, энэ сайхан нутагт ээжийгээ авчран гурвуулаа хамтран амьдрахыг Хандармаад хэлэхэд Хандармаа зөвшөөрсөнгүй. Харин нутагтаа очихыг ятган Хасыг дагуулан явцгаахад үзэсгэлэнт согоонууд үдэн гаргах мэт.
Тавдугаар үзэгдэл
Нэгдүгээр үзэгдлийн тайз
Хадан хясааны өвөр талд асар том зүйл бүтээлэгтэй харагдах нь Хасын, нутагтаа ирээд урлан бутээсэн бүтээл байжээ. Нутгийн ардууд түүнийг үзэхээр хүрэлцэн ирцгээнэ. Хасын ээж, хадаг барин бүтээлгийг авч наадам эхэллээ. Хасын энэ бүтээл бол 12 жилээр хийсэн цаг бөгөөд үнэхээр гайхамшигтай урласныг нь нутгийн хүмүүс шагшран магтана. Хас ч тэр баярт зориулан 12 жил бүрд баг хийж найз залуусаа бүжиглүүлэхээр бэлджээ. Багт наадам эхэлж, ивээл гурван жилүүдээр бүжиглэх нь хүчтэн нь хүчгүйдээ эвлэрэн орж, эв найрамдлаар найрсан дуусах нь энх тайвны бэлэг тэмдэг гэлтэй. Нутгийн ардууд дуртайяа бужиглэж, Хас Хандармаа хоёрыгоо дээш өргөн, сайн сайхныг хүсэн ерөөж, ард түмэндээ улам ихийг бүтээхийг хүсэж байгаагаар уг бүжгийн жүжиг дуусна.