Сэтгүүл зүйн салбарын үе, үеийн эрхмүүд, улстөрчид нэгэн дор цуглаж сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, тод өнгө болсон сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярыгаа дурслаа. Үзэг нэгт нөхөд, үе үеийн хамтран ажиллагсад, гэр бүл, ахан дүүс нь танхимд багтахгүй болтлоо олноороо цугларлаа. Бүгд ийнхүү хуран цугларсан шалтгаан нь сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын сэтгүүл зүйн шилдэг бүтээлүүд гурамсан ботид багтан мэндэлсэн явдал юм.
1000 гаруй бүтээл, 4500 хуудас


Нийтлэлч Г.Отгонбаярыг 2012 онд "Балдорж" шагнал хүртсэнийх нь дараа сэтгүүлч Б.Энхцэцэг ярилцлага авахдаа “Сайн сэтгүүлчид номоо гаргадаг. Чи хэзээ нэгэн цагт гаргана биз дээ” хэмээхэд “Гаргана аа. Сэтгүүлчдэд гарын авлага болох сайн ном гаргахыг хүсэж байна” хэмээн тэртээ 12 жилийн өмнө өгүүлжээ. Ханийнхаа энэ хүслийг гэргий Т.Сайханцэцэг нь биелүүлж, номыг нь бүтээх санаачилга гарган эмхэтгэн, “Үндэсний шуудан” өдөр тутмын сонинд мөр зэрэгцэн ажиллаж байсан сэтгүүлч Л.Тунгалаг, удирдлагад нь ажиллаж байсан сэтгүүлч Б.Түвшинтөгс нар редакторлан, “Зууны мэдээ” сонинд мөн хамтран ажиллаж байсан С.Лхагвасүрэн дизайныг нь хийж бүтээсэн нь ийнхүү олны хүртээл болж байна.

1998 оноос хойш түүний бичиж туурвисан бүтээлүүдийг "Ардын эрх", "Өдрийн сонин", "Зууны мэдээ", "Зууны шуудан", "Үндэсний шуудан" зэрэг өдөр тутмын сонин, baabar.mn болон 2015 онд өөрийнх нь үүсгэн байгуулсан “iToim.mn” сайтын нийтлэл, ярилцлагуудаас түүвэрлэн аналитик 112 нийтлэл, 22 ярилцлагыг гурамсан ботид багтаажээ.
Б.Ганболд: Г.Отгонбаярын бүтээл бол тухайн цаг үеийн товчоон

“Үндэсний шуудан” сонины үүсгэн байгуулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганболдод номын нээлтийг эхлүүлэх хүндтэй үүрэг ногдсон юм. Тэрбээр “Манай Отгоо бол сэтгүүл зүйд сэтгүүлч хүн яаж зүтгэдгийг өөрөөрөө үлгэрлэж явсан гэж би боддог. Отгоо бид анх өдөр тутмын сониноос гараагаа эхэлсэн. Энэхүү гурван боть бүтээл бол тухайн цаг үеийн товчоон. Хүмүүс, улс төр, нийгэм ямар байсныг түүний бүтээлүүдээс тольдож болно. Бүтээлийг нь уншихад хуучин танилтайгаа уулзаж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Миний хувьд өдөр тутмын сонин гэдэг бол сэтгүүл зүйн гол цөм нь гэж боддог. Өдөр тутмын сонины орон зайг сануулах том дохио бол манай Отгоогийн бүтээлүүд болжээ. Эмхэтгэн ажилласан Г.Отгонбаярынхаа гэр бүл, ахан дүүс, “Үндэсний шуудан” сонины хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлж байна. Монголд “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан”-гийн гээд өдөр тутмын сонины олон “школа” бий. “Үндэсний шуудан”-гийн школыг бий болгосон том төлөөлөл бол манай Отгоо байсан. Түүний ажилсаг чанар, зарчимч байдал, өдөр тутмын редакцтайгаа “зууралдаж”, редакторлаж байсан зэрэг энэ бүхний үр дүнд сонин маань хөгжиж, явж ирсэн. Өдөр тутмын сонины төлөөллүүд энд бүгд ирсэн байна. Отгоо биднийг уулзуулж байна. Өдөр тутмын сонин орон зайгаа алдсан харамсалтай энэ цаг үед энэ бүтээл бол маш чухал. Г.Отгонбаярын энэ бүх бүтээлийг уншаад дахин Отгоо шиг бичиж, улам өргөжүүлээрэй гэж хүсэж байна” хэмээсэн юм.
Номын нээлтэд хүрэлцэн ирсэн үзэг нэгт нөхөд, дотнын найзууд, удирдлагад нь ажиллаж байсан сэтгүүлчид, гэр бүлийнхэн нь найзыгаа, эрхлэгчээ ийнхүү дурслаа.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
“Ардын эрх”-ийн шар байшинд Отгоотой танилцаж байлаа. Үүнээс хойш хараа, бараандаа амьдарч, өрсөлдөгчид, найзууд гэж явлаа. Отгоогийн 20-25 жилийн өмнө бичиж байсан нийтлэлүүд одоо ч цоо шинээр уншигдаж байна.
УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар
Энэ хүн бол зөвхөн улс төрийн сэдвээр нийтлэл бичиж байгаагүй. Олон сайхан ярилцлага хийсэн. Нийгмийн сэдвээр олон шилдэг бүтээл бичиж байсан. Цаашид ч олон, олон ном болох бүтээл бий гэдгийг хамт ажиллаж, нөхөрлөж явсны хувьд сайн мэднэ.
Сэтгүүлч Б.Түвшинтөгс
Маш их сэдвийн эрэл хайгуул хийж, мэргэжлийн түвшинд нийтлэлээ туурвидаг, аналитик сэтгүүл зүйн өнгийг тодорхойлсон, тэр дундаа улс төрийн чиглэлээр гойд гарамгай бичдэг сэтгүүлч байсан. Энэ гурван дэвтэр бол Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, үйл явдлуудын товчоон гэж ойлгож болно.
“Ub.life” сайтын сэтгүүлч, нийтлэлч Б.Энхцэцэг
Г.Отгонбаяр бичиж байна гэдэг нь Монголд ямар нэгэн үйл явдал болж байна, түүнд нухацтай хандах ёстой гэсэн дохио байсан. Ийм сэтгүүлч байна гэдэг тийм амархан биш. Г.Отгонбаяр үзгээ шүүрч, тэр дугаарт нийтлэл бичихэд тэр нь хадаас болдог нь ёс юм шиг тогтчихсон. Бичлэгийн өнгө аяс нь эмх цэгцтэй, логик дэс дараалалтай, мэргэжлийн хуульчдыг сандаргах, УИХ-ын гишүүдийг өөрсдөөсөө ичиж зовох хэмжээнд хүртэл ийм л улс төрийн нийтлэлүүдийг бичдэг байлаа.
Сэтгүүлч, нийтлэлч Д.Мөнгөндалай
Отгоо “Ёс зүй гэдэг бол Харвардын дипломоос үнэтэй” гэж хэлсэн байдаг. Ёс зүй бол үнэхээр манай салбарт тулгамдсан асуудал болчихсон. Манай салбар мэргэжлийн сэтгүүл зүйгээс гадна сошиал сэтгүүл зүйтэй холилдоод ялгагдахаа байчихсан. Хэрвээ сошиалчид алдаа гаргавал сэтгүүлчдийг алдаа гаргалаа гэж дайрна. Мөн сошиал хөгжсөн энэ цаг үед сэтгүүлчдийн хариуцлага, мэргэжлийн ур чадвар сайжирч, илүү ёс зүйтэй болох ёстой. Үүнийг манай Отгоо ямагт эхэнд тавьж ярьдаг сэтгүүлч байсан.
Сэтгүүлч Э.Энэрэл
Сэтгүүлч хүнд үзэл бодлоосоо урвадаггүй, нурдаггүй, аль нэг талд хэт их дагалдан гүйдэггүй байх чанар хамгийн чухал. Нийтлэлч Г.Отгонбаярын хувьд бүтээлүүдээрээ, улс төрийн даацтай нийтлэлүүдээрээ энэ бүхнийг хэлж байсан. Салбарт маань дутагдаж буй энэ бүхнийг бүтээлээрээ хэлж байх шиг санагдаж байна.
Улс төрийн аналитик нийтлэлч Г.Отгонбаярын талаар улс төрчид юу өгүүлэв

“Улс төр, сэтгүүл зүй хоёр уралдан дампуурч, бас нэг нэгнээ дэгээдэн унагааж байна” хэмээн өгүүлж байсан улс төрийн аналитик нийтлэлч Г.Отгонбаярын талаар нээлтэд хүрэлцэн ирсэн төрийн түшээд ийнхүү өгүүллээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: Өдөр тутмын сонин, мэдээллийн сайтын зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм
“Үндэсний шуудан” сониныг Г.Отгонбаяр эрхлэгчгүйгээр төсөөлөхийн аргагүй болтол ажиллаж байсан. Ялангуяа Б.Ганболд эрхлэгч “Монголын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байхад “Үндэсний шуудан”-г нуруундаа үүрч явсан эрхэм. Цаг үе, хөгжил дэвшилтэй уялдаад “Itoim.mn” сайтыг нээн ажиллуулж байлаа. Тухайн үед олон мэдээллийн сайт гараагүй байсан. Яг тэр үед өдөр тутмын сонины школыг мэдээллийн сайт руу хөрвүүлж байв. Мэдээллийн сайт илүү өргөн агуулгатай, өдөр тутмын сонины үүргийг гүйцэтгэх боломжтойг нотолж харуулж байлаа. Энэ утгаараа яалт ч үгүй өдөр тутмын сонин, мэдээллийн сайтын зах зээлд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм. Өнөөдөр нээлтийг нь хийж байгаа гурван боть номыг харж, сөхөж үзлээ. Үнэхээр улс төр, нийгэм, эдийн засгийн сэдэв голчилсон нийтлэл ярилцлага, тоймууд байна. Тэдгээрийг гарчиглахад улс төрийн дурсамжийг сөхөж байна. Ялангуяа манай намын үйл хэрэгтэй холбоотой нийтлэл ярилцлагууд, нам дотор үүсэж байсан өрсөлдөөн, зөрчилдөөн гээд олон зүйлийг тодоор харуулжээ. Энэ ярилцлагын номыг л уншихад 10, 20 жилийн түүхийг харж болохуйц бүтээл болжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Г.Отгонбаяр сэтгүүлчийн нийтлэлийг алгасалгүй уншдаг байсан
Өнөөдөр нэг бодлын харамсалтай, нэг бодлыг бахархал төрсөн өдөр байна. Би Г.Отгонбаяр сэтгүүлчийн нийтлэлийг алгасалгүй уншдаг байсан. Миний аав надад “Мэргэжилдээ эзэн байх нь хүний хамгийн том карьер” гэж хэлдэг байсан. Г.Отгонбаяр бол мэргэжилдээ хайртай, зүрх сэтгэлээсээ үнэнч, бас эзэн болж чадсан хүн. Тиймээс маш үнэ цэнтэй хүн байсан. Г.Отгонбаяр эрхлэгчтэй би олон удаа ярилцаж байсан, найз нөхөд байсан. Хэлэх ёстой юмаа хэлдэг, зөвлөдөг, бас шүүмжилж чаддаг байсан. Тэр нь үнэн байдаг учраас үнэ цэнтэй байсан. Бид хоёр 10 гаруй жилийн өмнө намайг УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх байхад анх танилцаж байсан. Тэгэхэд би гурван удаа “Баяртай яриа” гэдэг ток шоу хийж байсан юм. Бас дөрөв, таван нийтлэл бичиж байсан. Тэгээд нэг л болж өгөхгүй байсан. Харин нэг нийтлэлийг нь Г.Отгонбаяр эрхлэгч “Энэ их зүгээр болсон байна” гэж байсан. Тухайн үед урам аваад бичмээр ч юм шиг, бичвэл болмоор ч юм шиг санагдаж байсан.
Би iToim-ын залуучууд, хамт олонтой шууд хэл нэвтрэлцэж чадна. Өөрөөр хэлбэл, би ямар ч сэдвээр ярилцаж чадна. Яагаад гэхээр энэ хүний итгэж цуглуулсан баг, шалгуурыг нь давсан байна гэдэг тийм үнэ цэнтэй гэсэн үг. Тиймээс миний хувьд тэр хэмжүүрээр явдаг. Итгэл нь хариуцлагатайгаа хамт явдаг. Улс төр харагдаж байгаа шигээ байдаггүй. Ард иргэд өнгөн талыг нь л хардаг. Энэ хөтөлсөн жүжиг ч байж магадгүй, хэдэн ч үзэгдэлтэй байж магадгүй. Сэтгүүлч хүн ганцхан эх сурвалжтай байвал энэ маш их төөрөгдөл болно. Аливаа зүйлд шууд итгэл үнэмшлээр хандаж болохгүй.
Г.Отгонбаяр асуудалд баримттай, нотолгоотой, эх сурвалжтай, туйлшрахгүй, мэргэжлийн байх гээд энэ олон үнэт зүйлийг өөртөө шингээсэн хүн байсан. Энэ ч утгаараа энэ хүний бичсэн нийтлэлүүд дотортой, бас гадартай. Үг бүхэндээ заавал нэг дотор, утга шингээж явдаг, түүндээ хариуцлагатай ханддаг байсан.
Надад бол нэлээд шүүмжлэлтэй ханддаг, хэлдэг байсан. Хүн итгэж байгаа, бусдаас илүү хайрлаж байгаа хүндээ сайн, мууг харамгүй хэлдэг гэж би боддог, хүлээж авдаг байсан.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Нийгмээ гэрэлтүүлэх лаа нь байж чадсан
Г.Отгонбаяр нийтлэлч бол нийгэм, улс төр, эдийн засгийн талаар “жинтэй” тоймлодог, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэлч эрхэм байлаа. Бичиж буй бүхэн нь үнэтэй, хүмүүс сонсдог, мэргэжлийнхэн анхаарч хардаг байлаа. Ажил хэргийн шугамаар анх холбогдсон ч сүүлдээ дотнын нөхөд болсон. Зовлон, жаргалаа хуваалцаж, ярилцдаг байлаа. Тэр их дулаахан, сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн байсан. Аливаа юмны учир шалтгааныг нь дандаа эрж хайна. Мэргэжлийн хүн гэдэг утгаараа яагаад гэх асуултад хариулт өгөх гэж хичээдэг, шүүмжлэлтэй ханддаг, бүтээлчээр сэтгэдэг. Сэтгүүл зүйн тод өнгө, төлөөлөл гэж хүмүүс ярьж байна. Миний хувьд бол салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм л гэж хэлнэ. Би Отгоогоо “Том зүрхтэй, өргөн цар хүрээтэй сэтгэдэг, хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм” гэж хэлнэ. Хэдийгээр бие нь ертөнцөд үгүй ч өөрийнх нь хэлсэн үг, бичсэн мөр одоо ч амьд оршиж бүтээл болж мөнхөрч байгааг харахад баяртай байна. Эргээд харахад маш их үнэ цэнийг бүтээжээ. Түүний бүтээлүүд өнөөдөр, маргааш ч хэрэгтэй үнэт өв болон үлдэж байна. Сэтгэлийн дуудлагаараа номын нээлтэд цугласан энэ олон хүмүүсийг харахад маш сайхан байна. Тэр үнэ цэнтэй байсан учраас л танхим дүүрэн энэ хүмүүс цугласан. Хэдийгээр өөрөө урсаж одсон ч нийгмээ гэрэлтүүлэх лаа нь байж чадсан гэж би найзыгаа хэлнэ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Дараагийн Отгонбаяруудыг төрүүлэхийн төлөө “Нийтлэлч Отгонбаяр” сантай хамтарч ажиллана
Би телевизэд, Отгоо сонинд ажилладаг байх үеэс л бид нөхөрлөж эхэлсэн. Орон нутгийн болон гадаадын олон томилолтод хамт ажилладаг байлаа. Отгоог үгийн инженер, уран сийлбэрч гэдгийг хүн бүр хэлж байна. Харин би түүнийг маш сайн хань, аав байсныг дурсмаар байна. Гадаадын томилолтод ажиллах үеэрээ хамгийн нандин, сайхан бүхнийг эхнэр гурван охиндоо авдаг. 2016 онд намайг УИХ-д нэр дэвшихэд Отгоо маань тулж, түшиж байлаа. Би чамд ганц л зүйл хийж өгч чадна гээд “М.Оюунчимэгийг сонгох 5 шалтгаан” гэж үнэхээр гайхалтай нийтлэл бичиж өгсөн. Хэн ч уншаад М.Оюунчимэгийг сонгочихъё гэтэл тэр минь бичиж өгсөн. 2020 онд ч мөн бичиж өгсөн. Энэ сайхан сэтгүүлчээ үгүйлж байна. Сайхан андынхаа төлөө санаачлан, үүсгэн байгуулсан “Нийтлэлч Отгонбаяр” сантай хамтарч ажиллах болно. Дараагийн Отгонбаяруудыг төрүүлэхийн төлөө хичээж ажиллахаа илэрхийлж байна.
Түүнийг бүтээлийг АНУ-ын Конгрессын номын санд хадгална

Номын нээлтийн баярын үеэр сэтгүүлч Г.Отгонбаярын удирдлага дор “Үндэсний шуудан” сонинд ажиллаж байсан, эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч буй сэтгүүлч Л.Мөнхзаяа мэндчилгээ дэвшүүлж, түүний бүтээлийг АНУ-ын Конгрессын номын санд хадгалуулахаар болсон тухайгаа дуулгалаа. Мөн дэлхийд эрэмбээрээ 13-т, АНУ дотроо зургаад ордог Пенсильванийн их сургуулийн (University of Pennsylvania) номын санд хадгалуулахаар болжээ. “Зууны мэдээ”, “Зууны шуудан”, “Үндэсний шуудан” зэрэг өдөр тутмын сонинд хамтран зүтгэж байсан, одоогоор Япон улсын Осака хотноо ажиллаж, амьдарч буй сэтгүүлч В.Сарантуяа мөн мэндчилгээ дэвшүүлж, Япон улсын Осака дахь Ерөнхий консулын газарт уг бүтээлийг хадгалуулахаар болсон гэдгээ уламжилсан юм. Мөн УИХ-ын даргын ажлын албаны зөвлөх Л.Нинжжамц УИХ-ын Тамгын газрын номын санд 30 ширхэг бүтээлийг худалдаж авахаар болсноо ч дуулгалаа. “Нийтлэлч Отгонбаяр” сангаас гурван боть бүтээлийг Үндэсний болон нийтийн номын сан, их сургуулиудын сэтгүүл зүйн тэнхимүүдэд хандивлана гэв.
“Нийтлэлч Отгонбаяр” сан аналитик сэтгүүл зүйг Монголд хөгжүүлэхийн төлөө ажиллана

Энэхүү гурамсан ботийг “Нийтлэлч Отгонбаяр” сангаас хэвлүүлсэн бөгөөд сангийн зорилго нь орчин цагийн сэтгүүл зүйн салбарт аналитик сэтгүүл зүйн бүтээлийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх мөн сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын оюуны бүтээл, өвийг хамгаалах, мөнхжүүлэх юм. Энэ хүрээнд түүний бүтээлүүдээр ном гаргаж, бүтээлүүдийг нэгтгэн, цахим хуудас хөгжүүлэх аж. Түүний нэрэмжит шагнал, тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж, аналитик нийтлэлийн шагналт уралдаан, сэтгүүл зүйн чиглэлээр суралцагч оюутнуудын дунд тэтгэлэгт хөтөлбөр зарлана гэдгээ сангийн тэргүүн Б.Оргил номын нээлтийн үеэр мэдэгдсэн юм.
Тэрээр нийгэм болоод салбарынхаа тухай хэрхэн өгүүлж байв

Номын нээлтэд сэтгүүлч нийтлэлч Г.Отгонбаярын нийтлэлээс түүвэрлэн нийгэм, улс төр, сэтгүүл зүйн салбартаа хандаж бичиж байсан үгсийг тусгай самбарт хэвлэн байршуулжээ. “Сэтгүүл зүй нийгмийнхээ баллуур бус гэрэлтүүлэх лаа нь байх ёстой” хэмээж байсан тэр ийнхүү өгүүлж байжээ.
“Бид нам нь иргэнээ дагадаг нийгэм байгуулах гэж зорьж яваа. Гэтэл 20 жил нийгэм нь намуудаа дагаж будиллаа. Одоо бүлэглэлүүд хүчирхэгжсэнээр нам нь бүлэглэлүүддээ хөтлүүлдэг болов. Энэ бүхэн ганцхан манай улсад л байгаа стандарт бус жишиг”
“Авьяаслаг монголчууд ба нүүрсний үнэтэй сэтгэхүй” Itoim.mn 2015 он
Монголын сэтгүүл зүй нийгмийнхээ баллуур бус, гэрэлтүүлэх лаа нь болох ёстой юм. Бид үүнийгээ мэддэг, ойлгодог. Харин бодит байдал дээр, яг өнөөдөр Монголын сэтгүүл зүй нийтээрээ юунд үнэнч байж, хаашаа яваад байгааг өчүүхэн ч эргэлзээгүйгээр зовхио өөд нь өргөөд зоригтойхон хэлчих хүн хэд байна вэ?
“Игзаар хүрснээ эрх чөлөөний өдрөөр…” Itoim.mn 2018 он
Сонгууль бол бидний ирээдүйгээ харж тархиараа хийх ёстой сонголт. Гэтэл улстөрчид сонгуулийг шоу болгож байгаад ходоодоор нь дамжуулж санал хулгайлж, худалдаж авдаг уламжлалт аргаа амташсан хэрээ адил арван гурав дахиа нахихаар анаж сууна.
“Авьяаслаг монголчууд ба нүүрсний үнэтэй сэтгэхүй” Itoim.mn 2015 он
Энэ төслийг дагасан их бүтээн байгуулалт аль нэг гүрний бус, Монгол Улсын эдийн засгийг тэтгэх учиртай. Төслийн эцсийн үр дүнд хөрөнгө оруулагчдаас илүү их ашгийг Монгол Улс хүртэх ёстой.
“Оюу толгойн гэрээтэй шинэ өглөөний мэнд ” “Үндэсний шуудан” сонин 2009 он
Хэзээ, хаана, юу болсныг сэтүүлчид мэдээлэх гэж гүйх шаардлагагүй. Үүнийг сошиалчид хийж чадна. Сэтгүүлчид ЯАГААД гэдгийг л бичих ёстой. Сэтгүүлч бол мэргэжлийн ажил гэдгээрээ сошиалаас ялгаатай.
“Таалагдсаныг нь бичвэл сайн сэтгүүлч, эс таалагдсаныг бичвэл худалдагдсан сэтгүүлч” “Үндэстний тойм” сэтгүүл 2019 он

Сэтгүүлч, нийтлэлч Г.Отгонбаярын 23 жилийн хугацаанд бүтээж туурвисан оюуны их өв болох нийтлэл, ярилцлага нь тухайн цаг үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн дүр зураг, үйл явдлын учир шалтгааныг дэлгэн харуулж, задлан шинжилж бичсэн аналитик тойм гэдэг утгаараа улстөрчид болон судлаачид, шинэ залуу сэтгүүлч, оюутан залууст сэтгүүл зүй судлалд нь чухал хэрэглэгдэхүүн болно гэдгийг номыг бүтээгчид болон сэтгүүл зүй судлаач нар, үе, үеийн нөхөд нь өгүүлж байна.
Бие нь үгүй ч бүтээлээрээ дахин амьдрахын жишгийг ийнхүү тод харуулсан үдэш байлаа.