Өнөө цагт дэлхийн хөдөлмөрийн зах зээлд Z болон Y үеийнхэн ажиллах хүчний дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Иймд ажил олгогчдын зүгээс шинэ үеийн залуусын ажиллах хэв маягт тохируулан уламжлалт ойлголтыг халж, ажиллах орчныг шинэлэг байлгах, уян хатан цагийн менежментийг бий болгоход түлхүү анхаарах шаардлагатай тулгарчээ.

Дэлхий нийтээрээ байгууллагууд дижитал орчинд, дэвшилтэт программуудын тусламжтайгаар өдөр тутмын ажлаа хийж гүйцэтгэх болсон. Ингэснээр ажилтнууд заавал нэг танхимд хамт сууж, ажлын найман цагийг ягштал баримтлах шаардлагагүй болсон юм. Харин үүний оронд гэрээсээ цахимаар ажиллаж, хурал уулзалтыг онлайнаар зохион байгуулан ажилдаа ирж, очих цагаа хэмнэх боломж үүссэн. Ингэснээр чөлөөт цагаа үр дүнтэй зүйлд зарцуулах нөхцөл бүрдэх болжээ.

Олон улсад ажилтныхаа гэр бүл төдийгүй биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндэд нь анхаарч ажлын найман цагийг уян хатан болгож, дундын оффис, долоо хоногийн нэг өдрийг онлайн өдөр болгох гэх мэтээр өөрчлөлт оруулах болсон. Энэ нь ажилтны хувьд эерэг үр дүн үзүүлээд зогсохгүй ажил олгогчдод ч ашигтай хувилбар болжээ. Харвардын бизнесийн сургуулийн хийсэн судалгаагаар уян хатан цагийн менежментээр ажилладаг ажилчдын 87 хувь нь ажилдаа сэтгэл ханамж өндөр байдаг гэх судалгааны үр дүн гарчээ. Энэ хэрээр ажлын бүтээмж дээшилдэг аж. Учир нь уян хатан орчинд ажиллах нь ажилчид хамгийн үр бүтээлтэй цагаар ажиллах боломжийг үүсгэдэг тул бүтээмжийг нэмэгдүүлдэг гэж судлаачид үзжээ. Түүнчлэн судалгаанд, хүмүүсийн хөдөлмөрийн бүтээмжийн оргил цагууд харилцан адилгүй учир цагийн менежментээ өөрчлөх нь ашиг тустай байгааг дурдсан байна. Харин ажил олгогч компаниудын хувьд дундын оффис, цахим өдрийг бий болгосноор хотын төвд үнэтэй оффис түрээслэхгүй байх, цахилгаан болон дулааны төлбөрөө хэмнэх зэргээр эдийн засгийн эерэг үзүүлэлт бий болсон байна.

Энэхүү шинэлэг шийдлүүдийг дэлхийн томоохон компаниуд болох Microsoft, Apple, Google зэрэг компанид хэрэгжүүлдэг бөгөөд өдгөө жижиг компаниуд хүртэл ашиг орлого, ажилчдын ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хэрэгжүүлэх болжээ.

Манай улсын хувьд ч ихэнх томоохон байгууллагууд болох М-Си-Эс Групп, Голомт банк, "Оюу толгой" ХХК зэрэг компаниуд ажлын уян хатан цагийн нөхцөлийг дэмжин ажилладаг. Улмаар ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, хөдөлмөрийн зах зээлийн сул талыг нөхөх, замын түгжрэлийг сааруулахад хувь нэмрээ оруулдаг байна.

"Ажилтнууд бол байгууллагын хамгийн үнэт баялаг. Тийм ч учраас бид банкны хэмжээнд ажлын байрны уян хатан цагийн тогтолцоог бий болгож, ажлын 1-2 өдөр нь зайнаас ажиллах, тухайн ажилтан ажилдаа ирэх болон тарах цагаа өөртөө тохируулан сонгох боломжийг олгодог. Мөн хөл хүнд ажилтнууд ажлын цагаа богиносгох, жирэмсний амралттай байгаа ээжүүд, оюутнууд цагаар болон зайнаас ажиллах боломж олгох зэргээр хүний нөөцийн зөөлөн бодлого руу шилжээд байна."

Цагдах бус цаг гаргах

2035 он гэхэд хөдөлмөрийн зах зээлийн 33 хувийг шинэ мянганыхан буюу 2000 оноос хойш төрсөн залуучууд эзэлнэ гэх тооцоолол бий. Тэгэхээр хөдөлмөрийн насны гурван хүн тутмын нэг нь шинэ үеийнхэн байна гэсэн үг. Иймд үе хоорондын ялгаатай байдлыг үнэлж дүгнэж, ажиллах арга барилыг орчин үеийн шийдлүүдтэй хослуулан хэрэгжүүлэх нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн заавал анхаарах чухал асуудал юм. Манай улсын хувьд хөдөлмөрийн зах зээлд ажиллаж буй залуучууд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хангагдаагүй. Ажлын байрны хувьд таатай орчин бүрдээгүй гээд макро, микро түвшинд олон асуудал бий.

Тэгвэл уг асуудлыг шийдэж буй үлгэр жишээ байгууллагууд ч шил шилээ дагаад түүчээлэх болсон. Жижиг, том гэхгүй компани зохион байгуулалтдаа анхаарч түгжрэлийн цагаар бус уян хатан ажлын цагийг санал болгож ажилчдын цаг завыг хэмнэх нь компанийн томоохон давуу тал болоод буй. Тухайлбал, томоохон компаниуд ажилчдаа заавал төв салбар дээр ажиллах шаардлагагүй болгож өөрт ойр салбар оффистоо ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.

Unitel компанийн хувьд ажилтнуудаа заавал хотын төвд байрлах оффисыг зорьж замын түгжрэлд цагаа алдахгүйгээр, Улаанбаатар хотын 4 зүгт байрлах гэртээ аль ойрхон DISTRIBUTED оффист ажиллан цагаа хэмнэж, хэмнэсэн цагаа өөрийгөө хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарах боломжийг олгодог болсон байна. Улмаар энэ нь ажилчдын хувьд гэр бүлдээ илүү их цаг зарцуулах, ажил амьдрал тэнцвэрт эерэг нөлөөлөл үзүүлэх шийдэл аж.

"Хийж бүтээхийг ажил гэдэг болохоос ажлын цагаар таны байдаг газрыг ажил гэхгүй"

Түүнчлэн бусад байгууллагууд ажилтнуудынхаа тав тухтай байдлыг хангах үүднээс DISTRIBUTED оффистоо амрах хэсэг, цайны өрөө, сургалт, уулзалтын өрөө, хувцасны өрөө, хүүхдээ ажил дээрээ авчран хичээлийг нь хийлгэх номын сантай хүүхдийн өрөө гэх мэт хэсгүүдийг бий болгож өгдөг байна. Ингэснээр ажилчид сэтгэл амар, тав тухтай ажиллах нөхцөл бүрддэг аж.

Мөн өөр нэг шийдэл нь байгууллагуудын хувьд оффисын зохион байгуулалтыг илүү задгай шийдэлтэй байхаар төлөвлөсөн байдаг. Энэ нь хэн ч, хаана ч очоод ажиллах тухтай бүсийг бий болгож өгдгөөрөө ажилчид заавал ширээний ард тогтсон газраа суудаг хэвшмэл ойлголтыг халж буй явдал юм. Харин үүний оронд зөөврийн компьютероо барьж очоод зөөлөн сандал дээр сууж ажлаа хийх гэх мэтээр орчин нөхцөлөө өөрийн хүслээр солих боломж үүсэж буй хэрэг юм.

Ийнхүү ажлын уян хатан цаг, тав тухтай орчин нь ажилчдыг ажилдаа илүү эергээр хандах, сэтгэл ханамжтай ажиллах гол нөхцөлийг бий болгож өгдөг.

Ажлын байрны сэтгэл ханамж бол хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хувьд маш чухал үзүүлэлт. Энэ үзүүлэлт өндөр байх тусам тухайн ажилтны, цаашлаад компанийн бүтээмж нэмэгддэг. Компанийн соёл ч түүнийг дагаад сайжирч, ажилчдын ажилдаа үлдэх, сэтгэл хангалуун байх, өөрийгөө дайчлах сэдэл нэмэгддэг байна.