“Яг түүн шиг” шоуны шүүгч, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.
-Та “Яг түүн шиг” шоуны өмнөх улирлын оролцогч байсан. Харин энэ жил үндсэн шүүгчийн үүргийг гүйцэтгэж байна. Шүүгчийн үүрэг, хариуцлаыг талаар ярьвал?
-Шүүгч гэдэг үнэхээр хариуцлагатай ажил юм байна. Өөрөө оролцож байсан хүн найман оролцогчоо ямар их хөдөлмөрлөж байгааг мэдэх учир шүүнэ гэдэг их хэцүү юм. Богино хугацаанд маш их бэлдэж, бүх сэтгэл зүрхээ зориулж байгаа дүү нартаа бүгдэд нь л хамгийн өндөр оноо өгчихмөөр санагддаг. Гэхдээ шоуны дүрмийн дагуу шударга шүүх ёстой учир ажлаа хариуцлагатай хийхийг их хичээж байгаа.
-Энэ улиралд ямар уран бүтээлчид оролцохыг сонсоод ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Энэ цаг үеийг тодорхойлж байгаа сайхан уран бүтээлчид оролцож байгааг сонсоод үнэхээр их таалагдсан, баярласан. Тэд бүгд өөрсдийгөө сорьж, “Цаана нь ийм их авьяас чадвар байжээ” гэсэн бодлыг ч төрүүлж, суралцаж байна. Би 1994 онд СУИС-ийг төгссөнөөс хойш дунд нь ямар нэгэн завсарлага авахгүйгээр 30 жил тайзан дээрээ ажиллаж байгаа. Хажуугаар нь, одоог хүртэл суралцсаар л явна. Байнга, цаг минут бүрд шинэ зүйлийг сурч, өөрийнхөө илүү хувилбарыг бүтээсээр явдаг нь энэ салбар, мэргэжлийн онцлог.
-“Яг түүн шиг” шоу оролцогчдодоо хэр их өгөөжтэй байдаг вэ?
-Энэ шоу олон үзэгчийг дэлгэцийн өмнө уяж чаддаг учир оролцож буй уран бүтээлчдэд өөрийгөө нээх, улам илүүг харуулах том боломж болдог. Урлагт багагүй хугацааг өнгөрүүлсөн хүмүүст бол өөрсдийгөө “өөр” байдлаар харуулах боломж. Тиймээс уран бүтээлчдийн хувьд маш өгөөжтэй шоу гэж боддог.
-Таны хувьд өгөөж нь юу байсан бэ?
-Миний хувьд, олон хэл дээр дуулахаас эхлээд асар олон зүйлээр өөрийгөө нээсэн. Үзэгчдэд ч бас шинэлэг байсан болов уу гэж боддог. Насны хувьд би хамгийн ахмад нь байлаа. Тиймээс өөрийнхөө үеийнхэнд “Бид өөрсдийгөө ингээд болчихсон гэж бодож болохгүй юм байна. Цаашаа явах, хийх зүйл их байгаа шүү!” гэсэн эрч хүч, урам зориг өгье гэж зориглож оролцсон. Түүнээс бус яг нуулгүй хэлэхэд санаанд багтахгүй л байсан. (инээв)
-Та үеийнхэндээ эрч хүч, урам зориг өгөх зорилгоо биелүүлсэн гэж боддог уу?
-Хангалттай биелүүлсэн гэж боддог. Тэр цагаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч одоо болтол яригдсаар л байгаа. Үеийнхэн маань надад талархахаас гадна залуучууд их эерэгээр хүлээж авсан. Яагаад гэвэл, залуучуудын шүтэн биширдэг уран бүтээлчдийн дүрд хувирч чадсан учраас тэдэнд их сайн хүрсэн нь мэдрэгдсэн.
-Та тэр үед багагүй жин хассан санагдсан. Шоундаа зориулж хассан уу?
-Тийм ээ, жингээ сайн хасаж байж шоундаа орсон. Тарган хүн өөр дүрд хувирахад хэцүү. Шоундаа орсон үеэсээ эхлээд бас 7-8 кг жин хассан.
-Түүнээс хойш та жингээ барьчихсан уу?
-Тийм ээ. Одоо сайхан жингээ барьж байгаа. Энэ нь эрүүл мэнд, сэтгэл зүй гээд олон зүйлд эерэгээр нөлөөлж байна. “Яг түүн шиг” шоунд орсондоо үргэлж баярлаж явдаг. Цаашдын уран бүтээлд маань эрч хүч өгч, өөртөө итгэх итгэл илүү сэргэж, “Цаашаа надад олон боломж байгаа юм байна” гэж бодох болсон. Уран бүтээлчийн хувьд бүх төрлөөр тоглож ажиллахад энэ шоу асар их нөлөө үзүүлсэн. Одоо би “шоу мен” болчихоод байна шүү дээ. (инээв)
