
Засгийн газрын шийдвэрээр иргэдээс 1072 хувьцааны 30 хувийг нэрлэсэн үнээр нь худалдан авахаар болсон. Энэ дагуу иргэд долоо хоногийн эхний өдрөөс эхлэн арилжааны банкуудад хувьцаагаа худалдах хүсэлтээ өгч эхэлсэн. Өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хувьцааг мөнгөжүүлэх асуудлыг дахин хэлэлцлээ. Нийт 1 сая 650 мянган иргэн 1072 хувьцаа эзэмшиж буйгаас өчигдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ илгээжээ. Иргэдийн хувьцааны мөнгөний түрүүч ирэх долоо хоногоос дансанд нь орно гэдгийг Сангийн сайд Б.Болор мэдээлэв.
Нийт 1 сая 650 мянган иргэн 1072 хувьцаа эзэмшиж буйгаас өчигдрийн байдлаар 650 мянган иргэн хувьцаагаа худалдах хүсэлтээ илгээжээ.
Засгийн газраас шийдвэрлэсний дагуу иргэдэд 30 хувийн хувьцаанд нь ногдох 300 мянган төгрөгийг гурав хувааж олгоно. Өөрөөр хэлбэл, 7 хоног бүр 100, 100 мянгаараа гурав хуваагдаж олгох юм. Энэ нь нэг талаас хувьцааг мөнгөжүүлж буй алхам ч нөгөө талаас бэлэн мөнгөний тараалт гэж үзэх хүмүүс байгаа. Тодруулбал, өчигдөр ИЗНН-ынхан мэдээлэл хийж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хувьцаа худалдан авах нэрээр иргэдэд бэлэн мөнгө тарааж байна гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ Засгийн газраас хувьцаа худалдан авч байгаа нь бэлэн мөнгө тараасан алхам биш гэдгийг өчигдөр дахин мэдэгдэв.

Гэсэн хэдий ч бодит байдалд ирэх долоо хоногоос эхлэн хамгийн багадаа 650 мянган иргэний гар дээр шууд 100 мянган төгрөг орж ирэх нь. Энэ нь 65 тэрбум төгрөг гэсэн үг. Гэхдээ иргэдийн хувьцаагаа худалдах эрэлт маш их байгаа нь дөрөвхөн хоногт 650 мянган иргэний хандалтаас мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, цаашдаа энэ тоо улам нэмэгдэнэ. Тэр хэрээр зах зээлд нийлүүлэгдэх мөнгөний хэмжээ ч өсөхөөр байгаа юм. Харин бэлэн мөнгөний нийлүүлэлт тодорхой хэмжээгээр инфляцид нөлөөлдөг “жамтай”.
Бэлэн мөнгө тарааж байсан үед инфляци хэрхэн өсч байсныг эргэн саная. 2010 онд Засгийн газраас иргэн бүрт 120 мянган төгрөг бэлнээр олгохоор болж, 50 мянга болон 70 мянган төгрөгөөр тасалж олгосон. Эхний ээлжинд иргэн бүр 50 мянган төгрөгөө авсны дараа тухайн үед 2000 орчим төгрөгөөр зарагдаж байсан махны үнэ 7000 болтлоо өсч байсан гашуун түүх бий. Тухайн онд инфляци 16 хувьд хүрч, иргэдэд олгосон бэлэн мөнгө дэмий “цаас” болж хувирсан удаатай. Засгийн газар энэ алдаагаа засч, 2011 оноос иргэдэд сар бүр 21000 төгрөг олгож эхэлсэн билээ. Гэсэн хэдий ч 21000 төгрөгийн тараалт ч бас инфляцид хүчтэй нөлөөлж байсан.

Тэгвэл энэ удаад иргэдэд очих 100 мянган төгрөг эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Эдийн засагчдын хувьд 100 мянган төгрөгөө аваад, лангуунд үрэлгүйгээр хадгаламжиндаа хийх, эсвэл өөр бусад хэрэгтэй зүйлдээ хөрөнгө оруулахыг санал болгож буй. Гэхдээ бодит байдалд иргэдийн ихэнх нь өнөө маргаашийнхаа хэрэгцээнд л 100 мянган төгрөгөө зарцуулах гэж байна. Эсвэл өрөө төлнө.
Нийтдээ иргэдийн хувьцааг мөнгөжүүлэхэд Засгийн газар 490 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг урт хугацаатай эх үүсвэрээс босгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ зургаа, долоодугаар саруудад зах зээл дээр 490 тэрбум төгрөгийн нэмэлт эрэлт бий болох нь. Харин эрэлтийг хангах бараа, бүтээгдэхүүн тийм ч хангалттай биш. Энэ тохиолдолд инфляци улам л хөөрөгдөх дүр зураг ажиглагдаж байгаа юм.
Монголбанкны мэдээгээр инфляци тавдугаар сард 3.2 хувьд хүрчээ. Харин зургаа, долоодугаар сард энэхүү өсөлт хэдэн хувьд хүрэх бол. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө очино. Дээр нь баяр наадам тохионо. Эрэлт маш ихээр нэмэгдэнэ гэсэн үг. Эдийн засагчдын онцолж буйгаар энэ удаагийн хувьцаа худалдан авалт инфляци хамгийн багадаа 2 хувийн нөлөөтэй гэж байна. Хамгийн багаар нөлөөллөө гэж бодоход долоодугаар сарын 5.2 хувьд хүрэх бололтой. Харин Монголбанк энэ онд инфляцийг 7.0 хувьд барих зорилт дэвшүүлсэн.