УИХ-ын гишүүн дахин сонгогдохын тулд тойргоо тосолж, бэлэг сэлт, одон медаль тараасаар энэ нь улс төрийн бохир соёл болж нэгэнт тогтжээ. Эцэст нь УИХ-ын танхимд ч баян, ядуугийн ялгаа ихсэж, иргэдийн сонголтыг мөнгөөр шийдэх болов. Тиймээс УИХ-аар эцсийн хэлэлцүүлгийг нь хийсэн баталж амжаагүй байгаа УИХ-ын тухай хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүн эд мөнгө тарааж, элдэв үйлчилгээ үзүүлэхийг хориглон хуульчлах санаачилгыг зарим гишүүн гаргаж байв. Дахин сонгогдох хүсэлтэй 76 гишүүнтэй сүүлчийн парламентыг гаднаас иргэний нийгмийн байгууллагууд шахаж буй.
Бэлэгсэг гишүүд
Олон гишүүнтэй том парламент байгуулахын өмнө, өмнөх 76-аас хэн нь юу хийсэн бэ гээд үзэхээр санаачилсан хууль, оролцсон ажлын хэсэг, хэлсэн үг, хуралдсан ирцээрээ сүү, тос шиг ялгараад ирнэ. Өнгөрсөн дөрвөн жил ямар ажил хийсэн бэ гэхэд “Аян зохион байгуулсан, урлаг, спортын тэмцээн зохион байгуулсан” гэж ам бардам хэлээд одоо нэр дэвшинэ гэж байгаа гишүүн ч бий. Тэр бүү хэл мөнгө тараана, нэг аймагт 10 тэрбум тараадаг, одоо дөрвөн аймагт дөчин тэрбумыг тараачихна аа гэж байгаа гишүүд ч бий гэдгийг парламентын гишүүд ярьж байна. Бэлэг тараахдаа гишүүд гаршсан. Хэвийн боов биш бэлэн мөнгө нь зүгээр юм билээ, бидон тараадаг ах ирнэ гээд сонгогчид маань хүлээж байгаа, өөрийн компанийн ашгаа яаж зарцуулах нь миний асуудал гээд яриад сууж байгаа гишүүдтэй шударга сонгууль ярих аргагүй юм.
Сонгууль угтаж дэвших хийгээд дэвшихийг горилогсод жилжин тойрог гороолж юм тараасан. Баахан зангиа хослолтой, сайхан дээл хувцастай, том хар машины цуваагаар сүр үзүүлсэн хүмүүс төрийн хайр энэрлийн мутар лугаа явлаа. Өөрийгөө товойлгосон ажил санаачилж шагнал бэлэг тараах, түүнийгээ уламжлал болгон сонгогчдодоо ээнэгших ядмаг аргыг Монголын улстөрчид чадмаг хэрэглэдэг. Үүгээрээ сонгогчийн боловсрол, тэгш өрсөлдөөнийг хумьж дарсан. Шууд юм тарааж болохгүй бол эссэ бичлэгийн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, спортын наадам, тоглолт урлагийн үдэшлэг, олимпиад, загварын наадам, алхалт гүйлт, нийтийн бүжиг, ахмадын золголт, бүр “5 гар”-ын тэмцээн зохиож байгаад “юм”-аа тараадаг. Эцэст нь улстөрчдийн халамжит эцгийн дүрд тоглосон энэ явдал нийгэмд асар их хор уршигтай гэж судлаачид үзэж байна.

"Энэ явдал даамжирвал иргэний эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд сөргөөр нөлөөлнө. Тухайн хүмүүсийн халамж анхааралд орчихож байгаа тохиолдолд чөлөөтэйгөөр тэр хүнийхээ дуугарах боломжийг хаана. Бүр цаашилбал нийгэм өөрөө дарга ангид үйлчилсэн нийгэм болж хувирах аюултай."
Бэлэгсэгийн гай
Яг жилийн өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн орон нутгийн уулзалт дээр өөрийн биеэр дугтуйтай мөнгө тараасан бичлэг нэлээд шуугиан тарьсан. Тэр үүнийгээ ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн гэж тайлбарлаад өнгөрөхөд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нь үүнийг “Ёс зүйн алдаа гэхэд хэцүү олон жил ингээд явчихсан” гэж хаацайлсан байдаг. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Туваан намыхаа Говийн бүсийн форумд оролцохдоо “Энэ намар бол олдошгүй хамгийн сүүлийн юм өгч болох ахмадын баяр, юм өгч болох, хүүхдүүдэд бэлэг өгч болох хамгийн сүүлийн шинэ жил. Ингэж бодож ажиллаарай” гэж ярьсан нь бичлэгээрээ ил болсон. Ер нь нам ялгалгүй гишүүд болон горилогсод ингэж л ажилладаг. Улстөрчид тойрогтоо үзэл санаа, хууль тогтоомж ярихаас илүү юм тараахыг чухалчлах болсон нь харамсалтай. Энэ бол шинэ залуу улстөрчдийн гарааны нөхцөлийг хааж, сонгогчдыг тархиараа биш хэн алга дээш харуулсныг дэмжих хандлагад дасгаж ирсний гай билээ. Тийм учраас тойргийг бүсчилж томсгосон. Гэтэл тойрог томсгоод ч мөнгөтэй хүмүүсийн хувьд юм тараахыг хааж чадахгүй болтой. Улайм цайм юм тараана гэдгээ чуулганы индрээс зарлаад суух гишүүн ч байна.
Гажуудлыг гацаах зам
Улстөрчид тойрогтоо элдэв бэлэг сэлт тараахыг шууд сонгуулийн авлигад тооцдог бол олон хүний зам хаагдахаар байна. Харамсалтай нь сонгуулийн жилээр таслаад чөлөөтэй зөвшөөрсөн маягтай тогтолцоо асуудлыг улам бүр гажуудуулж ирсэн. Сонгуулийн тухай хуульдаа тухайн сонгуулийн жил эхэлснээс хойш элдэв бараа үйлчилгээ тараахыг нэр дэвшигчид хориглодог. Гэтэл гишүүн болсон хойноо дараагийн сонгуулийн жил эхэлтэл юм тараах нь хоригдоогүй. Ер нь хууль тогтоогч болсон л бол иргэдэд ямар ч бараа үйлчилгээ үнэгүй тараах, элдэв холбоод ТББ-ын удирдлагад ажиллахыг ч хориглох тухай яригддаг ч энэ шийдвэрийг гаргах хүмүүс нь өөрсдөө парламентчид учраас шийдвэр гардаггүй. Гурван жил өвөл нь өвс, хаврын эхэн сард боов календар, зуны сард хурдан азарган үрээ тараагаад наадмуудыг ивээн тэтгэчихэж байгаа гишүүдтэй дараагийн нэр дэвшигчид ижил гараанаас өрсөлдөх үндэс ч байхгүй. Тиймээс 126 гишүүнтэй шинэ парламентаас эхлээд бэлэг, эд бараа тараахыг хориглох нь зүйтэй гэж зарим гишүүн үзэж байна. Зарим мөнгөтэй улстөрчийн хувьд сонгогдож л байвал юм тараасаар байгаад ахиад л сонгогдоно, тойрог томссон, хүн олширсон байх хамаагүй. Ийм эд мөнгөний асар их зөрүү хууль тогтоох байгууллагад илт илэрхий болж ирсэн учраас зарим гишүүн ерөөсөө энэ явдлыг хуульчлан зогсоох ёстой гэсэн байна.

"Гишүүд сонгуулийн жилээс бусад гурван жилд нь тойргоороо санал цуглуулах зорилгоор маш их юм тараадаг. Тэрийг больмоор байна. Нийт сонгогчдын талд нь ул боов тараахад л 75-100 тэрбум шүү дээ. Зарим гишүүн чуулгандаа суудаггүй, нэг ч хууль санаачилдаггүй, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаггүй, төсөв хэлэлцэх болохоор л орж ирж байшин барилга ярьдаг. Тэгээд л ерөөсөө юм тараадаг. Томсгосон тойрог гээд одоо болих болов уу гэсэн дөрвөн аймагт 40 тэрбумыг бол тараачихна гэсэн л гишүүд байгаа шүү дээ."

"Эд мөнгө, эсэн бусын юм тараахыг зайлшгүй зогсоох ёстой. Парламент дотор мөнгөтэй, мөнгөгүйгээрээ ялгардаг, мөнгөтэй нь хүний тойнд багтамгүй мөнгөөр юм тараадаг энэ байдлыг энэ Их хурал хуулиар нь хаагаад өгөх хэрэгтэй. Одоо 76 байхдаа замбараагүйтэж байсан юм чинь 126 болоод ингэвэл иргэдийн улс төрийн боловсрол бүр байхгүй болно. Хууль тогтоогчид нь иргэд олон нийтээ төлөөлөөд, хууль тогтоох үндсэн үүргээ л биелүүлдэг байгаасай."
Баян, ядуугийн ялгаатай парламент
Дээрээ том шинэчлэл, тогтолцооны өөрчлөлт ярьдаг ч доор нь иргэдийн сонголтыг худалдаад л авчих хэмжээний нэр төрийг улстөрчид хэдхэн жил, сар бэлэг тараагаад олчихдог байдал хэвээр байвал шударга сонгуулийн учир утга байхгүй болно. Нийгэм нийтээрээ баян, ядуугаараа зааглагдаад байхад парламент нь хүртэл дотроо баян ядуугийн ялгаатай болсныг УИХын гишүүд өөрсдөө ярьж байна. Гишүүний нэрээр халхавчилж бэлэг сэлт тараадгаас даваад төрийн ажил, төсвийн ажлуудыг ч бэлэг шиг харагдуулж сурсан байна. Судалгаагаар гишүүд тойрогтоо тоног төхөөрөмж гардуулах, шагнал гардуулах ажлууд өндөр хувьтай байна. Гэхдээ улсын төсвөөр авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ юм уу өөрийн санаачлага санхүүжилтээр хийж байгаа ажил эсэх нь ч эргэлзээтэй, тодорхойгүй байдал давамгайлж иржээ.

"Шаардлагатай байгаа эд хогшил, тоног төхөөрөмж гардуулан өгөх ажлыг гишүүд их хийдэг. Энэ нь гэхдээ улсын төсвөөр хийгдсэн ажил байдаг. Аймаг, сум орон нутагт хийгдэж байгаа төсвийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлын нээлтүүд, одон медалиуд гардуулах гээд гишүүдийн парламентын гадна ажил нь хязгаарлагдмал байдалтай байдаг."
Аяга шаазан, боов чихэр, гурил будаа, цаг, дуран, шатар даам, хурдан адуу, ноолуурын ямаа, үржүүлгийн хуц бухнаас эхлээд төрийн одон, төсвийн ажлыг хүртэл өөр дээрээ нааж нялзайж байгаад бэлэг болгодог УИХ-ын гишүүний давамгай байдлыг халах боломжийг хуульчлах тухай яригдлаа. Энэ санаачлагыг олон гишүүн дэмжиж хуульд оруулж чадвал улс төрийн түүхэнд гавьяа болно. Хөлдүү бууз чимхэх, дуурийн дуу дуулах, хоол хийх, элдвээр попрох нь яах вэ гэхэд халамж ивээлээр тойглосоор иргэдийн сонголтыг хуурч авдаг явдлыг зогсоовол сүүлчийн 76 гишүүнтэй парламентын энэ гавьяа дурсагдаж үлдэнэ. Улстөрчид сонгогдсон, томилогдсон албан тушаалаа ашиглаж, бэлэг сэлт, одон медаль тараасаар өрсөлдөөний тэгш гарааг хумьж ирсний гор нь одоогийн улс төрийн боловсролын хэмжээ. Цаашид сонгуулийн мөнгөний хамаарлыг багасгахын тулд томоохон өөрчлөлтүүдийг хийх ёстой гэж судлаачид үзэж байна. Тиймээс УИХ-ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийн хугацаанд эд мөнгө тарааж, элдэв үйлчилгээ үзүүлэхийг хориглон хуульчлах санаачлагыг дэмжих нь зүйтэй гэцгээж байна.

Мөнгөний сонгуулиас мөнгөний сонгууль руу
Шуудхан хэлэхэд, Монгол Улс асар их мөнгөний сонгуулийн өмнө ирээд байна. Яагаад гэвэл тойргийг бүсчилж томсгосон учраас улстөрчид тойглож дассан тойргоосоо гарч 2-3 аймаг, дүүрэгт ажиллахад хүрсэн. Эндээс шинэ залуу улстөрчид гарч ирэхэд хэцүү. Харин мөнгөтэй чадалтайчуудын өрсөлдөөн болно. Одоо тойргийг томсгосон учраас гаръя гэж хүсэж байгаа бүхэн бүхнээ шавхана. Нэлээд хэд нь өртэй гарах байх. 2020 оны сонгуульд 13 нам, 4 эвслээс болон бие даагч нийт 606 нэр дэвшигч сонгуульд оролцсон. Тэдний 469 нь тайлангаа ирүүлж 137 нэр дэвшигч зардлаа тайлагнаагүй байдаг. Тайлангаа ирүүлсэн 469 нэр дэвшигчийн дансанд нийт 66.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 67.2 тэрбум төгрөг зарцуулж, харилцах дансанд 855.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй, 1.3 тэрбум төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байдаг юм. Энэ бол зөвхөн тайлагнасан дүн. Тайлангаас гадуур ямар мөнгө зарсан, сонгуулиас өмнө тараасныг тооцох аргагүй юм. 2020 оны сонгуулийн дараа Иргэний нийгмийн байгууллагууд нэр дэвшигчдийн тараасан бэлэг эд бараагаар үзэсгэлэн гаргах үедээ 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны 16 хоногт нэр дэвшигчид нийт 75 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Тэгэхээр нэр дэвшигчид хоногт 4.7 тэрбум төгрөг, цагт 195 сая төгрөг, минутад 3.3 сая төгрөгийг зарцуулсныг гаргаж тавьсан юм. Дөрвөн жилийн өмнө тухайн тойргоос хамааран 360.4 сая төгрөгөөс 775.5 сая төгрөгийн хооронд тогтоосон зардлын дээд хэмжээ байсан бол өнөөдөр 890 саяас 1.5 тэрбум болчихоод байгааг харвал улам их зардал гарна гэсэн үг. Энэ сонгуулийн дараа зөвхөн тайланд бичсэн зардал их наяд хүрвэл гайхах юмгүй. Харин ийм их мөнгө зарсан хүмүүс сарын гурван сая гаруйхан төгрөгийн цалинтай ажилд яах гэж очиж байна. Ахиж сонгогдохын тулд ахиад л юм тараана, төсвийн ажлуудыг өөрөөрөө гарчиглана. Тиймээс одоо хэлэлцэж байгаа хуульд УИХ-ын гишүүн бүрэн эрхийн хугацаандаа эд бараа тараахыг хориглох асуудал яригдаж байна.

"Бэлэг сэлт тараах гэдэг санал авах гэсэн далд үйлдэл. Нүдэн дээр илт май гээд өгөхгүй ч гэсэн хуулийн цоорхой ашиглаад үүнийгээ хэвийн үйлдэл болгосон. Парламентын гишүүн хүн юу хийх ёстой гэдгээ ойлгоогүй, чадамж сул байгааг харуулж байна."
Сонгуулийн хуулиар сонгуулийн жил эхэлснээс хойш бэлэг эд бараа тараахыг хориглодог. Гэхдээ УИХ-ын гишүүн болсны дараа 3.5 жилд нь энэ хязгаарлалт үйлчлэхгүй чөлөөтэй орхиж байгааг улстөрчид ашигласаар ирсэн. Эцсийн урхагт дагавар нь УИХ мэргэжлийн биш байна, гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байна, тэд элдэв авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байна зэрэг асуудлууд гарч хууль тогтоох байгууллагын нэр хүнд унаж ирсэн юм. Товчхондоо гишүүн болохын тулд ихийг зарсан хүмүүс гишүүн болоод “Би юу хийх ёстой хүн бэ” гэдэг үүргээ ухамсарлахаас илүү “Би УИХ-ын гишүүн болчихвол надад давуу байдал үүснэ” гэдэг хувийн ашиг сонирхол давамгайлах байдал руу энэ мөнгөний хамаарал аваачжээ.

"Тойрогт зарцуулах мөнгөний хэмжээ тэрбумаар хэмжигдэх боллоо. Гэтэл улс төрийн хандивын соёл Монголд тогтоогүй, хүмүүс сонгуулийн зардлыг халааснаасаа гаргаж байна. Ийм тохиолдолд шилэн дансаар зардлыг хянаж байж л үүнийг шийднэ. Гэхдээ энэ сонгуулиар хуучин шигээ л бужигнаад өнгөрөх шинжтэй болж байна. Гишүүдийг бүрэн эрхийнх нь хугацаанд эд бараа тараахыг хориглож болно. Хамгийн гол нь хэрэгжүүлэх нь чухал. Ер нь санал худалдан авах бол хамгийн муухай зүй. Ардчилсан улсын иргэнд олгож байгаа хамгийн нандин эрхийг хуурч авч, хамгийн бусар аргаар төрийн эрх рүү тэмүүлж байна гэсэн үг."
Мөнгөлөг гишүүдийн мөнхийн хүсэл хийгээд эс үйлдэл
Зөвхөн сонгуулийн жилд бэлэг, эд бараа тараахыг хориглодог. Үлдсэн гурван жил хагаст нь чөлөөтэй. Сонгуулиас бусад жилүүдэд ч сонгогчдын саналыг татах зорилгоор ямар ч үйлдэл, үйл ажиллагаа явуулж болохоор байгаа хийдлийг арилгаж ерөөсөө УИХ-ын тухай хуульд заагаад гишүүн болсон бол бүрэн эрхийн хугацаанд нь бүтэн хориглох асуудал УИХ дээр яригдаж байна. Гэхдээ том, жижиг хамаагүй тойргоор нь тослох бяртай мөнхийн албан тушаалтай байхыг хүсэж байгаа олон улстөрч үүнийг дэмжихгүй байж мэднэ. Сонгуулийн хуулийг харвал улстөрчдийн бэлэг мөнгө тараах нь санал худалдан авах зорилготой гэдгийг хүлээн зөвшөөрсөн, хор хохиролтой гэдгийг мэдээд байгаа юм шиг хэрнээ бусад цагт нь чөлөөтэй орхичихож байгаа нь улстөрчид өөрсдөддөө бий болгосон боломж зохицуулалт хийгээд авлигын эсрэг эс үйлдэл. Энэ хуулийн цоорхойг ашиглан улстөрчид сонгуулийн жил эхлэхээс өмнө сонгогчдын саналыг татах зорилгоор дээрх бүх зүйлсийг хийсээр ирсэн юм. Гурван жил хагас “тойргоо услан” мөнгө цацсан улстөрч парламентад сонгогдлоо гэхэд олж авсан эрх мэдлээ “шархаа нөхөх”, “ашиг хийх”, “бизнесээ томруулах” хэрэгсэл болгож л ашиглахгүй гэх ямар ч баталгаагүй юм.

"Бидэнд өөрсдийнхөө төлөөлөгчийг парламентад сонгох замаар төрийн эрхийг барих том эрх бий. Энэ бол ардчиллын суурь зарчим. Хэдийгээр бид одоохондоо улстөрчдийн тарааж буй мөнгө, бэлгийг аваад саналаа өөрийн өгөх хүндээ өгнө гэж бодох боловч яваандаа ийм байдлаар улс орны хөгжлийн бодлогыг санал болгож сонгуульд өрсөлддөг бус мөнгө, бэлэг тараадаг “бохир”, “увайгүй” улстөрчдийг сонгоод байвал дарамт, шахалтад орж саналаа өгдөг ядуу буурай, ардчиллаас ухарсан улсуудтай адилхан түвшинд очих амархан."
Бэлэгсэг гишүүдийг бандъя
Монголын улс төрд мөнгөнөөс хамааралтай байдал нэмэгдсээр. Үүнийг УИХ-ын гишүүн болсон хүмүүс улам бүр хавтгайруулж ирсэн. Сонгогдох гэж их мөнгө сонгогдсоны хойно тойргоо баталгаатай өөрийн болгон хаяглаж, дараагийн сонгуулийн хөрсөө бэлдэж дөрвөн жил тойглоно. Хувь хувьсгалын бүхнийг өөрөөрөө гарчиглана. Эцсийн эцэст энэ нь сонгуульд нэр дэвшигчдэд өрсөлдөөний тэгш гарааг байхгүй болгоно.
Тойрогтоо ил далд дөрвөн жил албан тушаалаа ашиглан ажилласан, хөрөнгө, мөнгөтэй хүнтэй өрсөлдөж ялах нь шинэ, залуу, хөрөнгө муутай, зөвхөн бодлого дэвшүүлж буй нэр дэвшигчдийн хувьд хэцүү. Ардчилсан шударга сонгуулийн тухай ярихад хүнд болгож байна. Хэвийн боов биш бэлэн мөнгө нь зүгээр юм билээ гээд яриад сууж байдаг, бидон тараадаг ах ирнэ гээд сонгогчид маань хүлээж байгаа гээд сууж байдаг би, өөрийн компанийн ашгаа яаж зарцуулах нь миний асуудал гээд яриад сууж байгаа гишүүд шударга сонгуулийн тухай ярих нь хэтэрхий өрөөсгөл. Мөнгөний хамаарлыг багасгах олон санаачилга гардаг. Гэвч сүүлчийн 76 гишүүнтэй парламент сонгуулийн босгон дээр энэ заалтыг хуульчлах зориг гаргах эсэх нь эргэлзээтэй байна.