12 дахь удаагийн Алтан Өргөө олон улсын кино наадам тавдугаар сарын 8-12-ны хооронд болно. Энэ жил тус кино наадам Кентан Дюпьёгийн найруулсан Сальвадор Далигийн тухай сюрреалист комеди "ДААААААЛИ" киногоор нээлтээ хийх юм.
Тус кино наадамд нийт 60 орны 422 кино оролцсоноос олон улсын уралдаант хэсэгт 14, Монгол уралдаант хэсэгт арван кино шалгараад буй. Эдгээр уран бүтээл олон улсын уралдаант хэсэг, Six Shooter, болон Монгол уралдаант хэсгийн үзвэрүүдээр үзэгчдийн хүртээл болох аж.
Мөн найман бүрэн хэмжээний тусгай үзвэр, хоёр сургалт, нэг илтгэл хэлэлцүүлэг, хоёр тусгай богино хэмжээний цоморлог үзвэрийг үзэгчдийн хүртээл болгохоор бэлдсэн байна.