“Үндэстний ТОЙМ” сэтгүүл Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын урын сантай хамтран Монголын сонгодог урлагийн түүхэн дэх сор бүтээлүүдийг анхлан туурвисан уран бүтээлчдийг танилцуулах “Сонгодог урлагийн анхдагчид” буланг эхлүүлсэн билээ. Энэхүү булангийнхаа 10 дахь дугаарт Ж.Вердийн “Аида” дуурийн тухай өгүүлж байна.
Египетийн хааны хүсэлтээр мэндэлсэн Аидагийн анхны тоглолт Каирт болжээ
Ж.Верди “Аида” дуурийг 1871 онд Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичжээ. Ж.Верди Францын Египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариеттийн хэлснээр үйл явдлыг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэсэн гэх боловч он цагийг нь тодорхой хэлээгүй байдаг. Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе, үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ.
Ж.Верди Мариеттаас авсан дөрвөн хуудас түүхээ франц найз Камилль Дю Локлийн хамт дөрвөн бүлэгт цомнол болгоод Италийн яруу найрагч Гисланцонийн хамт итали хэлэнд хөрвүүлэн, үйл явдлыг дэлгэрүүлж, өрнүүлэн, өөрөө цөөнгүй тооны шүлгийг италиар бичиж өгсөн байдаг. Тэрээр зохиолчдодоо өндөр шан харамж төлж, өөрөө ч мөн цомнолыг төгс болгохын тулд ихээхэн хөдөлмөрлөсөн бөгөөд хөгжмийг нь бичихэд харин ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ.
Энэхүү дуурийн дэлхийн хэмжээний нээлт 1871 онд Ж.Боттезинийн удирдлагаар Каирт, 1872 онд Ф.Фаччогийн удирдсанаар Миланы Ла Скала театрт, 1875 онд Петрбургийн Мариинский театрт тус тус тавигджээ.

Монголын анхны Аида С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил гранд “Аида” дуурийг хэр баргийн театрт тавиад байдаггүй билээ. Учир нь, том хэмжээний бүрэлдэхүүнтэй нүсэр баг бүрддэг учраас зүрхшээдэг аж. Тэгвэл УДБЭТ Монголд төдийгүй Азидаа анхлан уг дуурийг 2011 онд тавьж анхдагч болсон түүхтэй. Тодруулбал, А.Гисланцони, К.дю Локлийн цомнол, Ж.Вердийн хөгжим “Аида” дуурь Монголын тайзнаа 2011 оны дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 1-нд мэндэлсэн. “Аида” дуурь тайзнаа анх тавигдсанаас хойш 140 жилийн дараа ийнхүү Монголын үзэгчидтэй уулзсан юм. УДБЭТ-ын хувьд “Аида” дуурь нь олон жилийн мөрөөдөл байсан. Учир нь, уг дуурь нь театрын уран бүтээлчдээс өндөр түвшний мэдрэмж, мэргэжлийн чадвар, ёс зүй, тайзны хүчирхэг шийдэл, өндөр зохион байгуулалт шаарддагаараа бусад дууриас онцлог. Уг дуурийг ОХУ-ын Красноярск хотын Дуурийн театрын ерөнхий удирдаач, ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной найруулан тавьж, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллажээ.
“Аида” дуурийн хамгийн чухал зүйлийн нэг нь тайз байдаг. Тэгвэл уг дуурийн ерөнхий зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар ажиллаж, “ГЭСҮ дизайн”-ы уран барималч, зураач нар хамтран ажилласан юм.
Харин Монголын анхны Аидад гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Ш.Наранчимэг нар гоцолсон бол Радамест Ч.Түмэндэмбэрэл, гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир нар гоцолсон түүхтэй.

"Ж.Вердийн сор бүтээлийн нэг нь “Аида” дуурь юм. Энэхүү дуурийг дэлхийн олон театр урын сангийнхаа хойморт залдаг уламжлалтай. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд гарсан оюуны хөгжлийн асар том бүтээл болох “Аида” дуурийг Монголын тайзны урлагийн ертөнцөд туурвин бүтээсэндээ баяртай байна."

"Дэлхийн сонгодог урлагийн томоохон бүтээлүүдийн нэг болох Дж.Вердийн “Аида”-г тайзнаа тавьсан нь Монголын соёлын амьдралд гайхалтай, чухал үйл явдал боллоо."

“Аида” дуурийн анхны бүрэлдэхүүн
Аида /Эфиопын гүнж, олзны бүсгүй/ -С.Мөнгөнцэцэг /МУГЖ/ Ш.Наранчимэг
Радамес /Хааны ордны хамгаалалтын дарга/ -Ч.Түмэндэмбэрэл, Б.Гомбо-Очир
Амнерис /Хааны гүнж/ -Р.Доржхорол, М.Дариймаа
Рамфис /Их тахилч/ -Б.Алтанхуяг, О.Хүрэлбаатар
Амонасро /Эфиопын хаан, Аидагийн эцэг/ - Ц.Баттөр, Э.Амартүвшин
Египетийн хаан - Ч.Чинзориг, Ж.Бямбажав
Элч - Г.Шижирболд, М.Даваадорж
Их тахилчмаа - Б.Уранчимэг УДБЭТ-ын найрал дуучид, балетын жүжигчид, симфони найрал хөгжим, ХБК-ийн оюутнууд оролцон тоглоно.
Ерөнхий найруулагч: А.П.Чепурной /ОХУ-ын гавьяат жүжигчин, удирдаач/
Ерөнхий удирдаач: Н.Туулайхүү /урлагийн гавьяат зүтгэлтэн/
Ерөнхий зураач: Г.Ганбаатар
Хувцасны дизайнер: Г.Оюун
Ерөнхий хормейстр: Н.Дашбямба
Хормейстр: Л.Баярмаа, Д.Отгонбаатар
Концертмейстер: Б.Солонго /МУГЖ/ Б.Ундрам, У.Уянга
Бүжиг дэглээч: Х.Гэрэлчимэг /МУГЖ/
Туслах найруулагч: Ё.Сарантуяа
Ассистент найруулагч: Б.Дамдинсүрэн /МУГЖ/
Гадаад хэлний зөвлөх: Б.Эрдэнэтуяа
ХБК-ийн найруулагч багш: Б.Сүхээ
Продюсер: Б.Сэргэлэн
Зөвлөх: Д.Баатар
Гоцлол хөгжимчин: Ц.Мөнхболд
Ерөнхий машинист: Ж.Цогбат
Гүйцэтгэх зураач: Ц.Ганзориг, Р.Төгөлдөр
Гэрлийн техникч: Д.Энхбаатар
Оёдлын мастер: Б.Туул
Оёдолчид: Я.Цэцэгдорж, Саруул
Парик, нүүр хувиргагч: Ч.Наранцэцэг
ГЭСҮ дизайны баримилчид: С.Бат-Эрдэнэ, Ц.Батболд, Н.Наранбаатар, Түвшин,
Зураачид: Д.Энхцэцэг, Ц.Отгонбулаг

“Аида” дуурийн либретто
Нэгдүгээр бүлэг
Мемфис дахь хааны ордон. Тэргүүн зайран Рамфис, Эфиопчууд Египет рүү довтлох гэж байгаа тухай ордны хамгаалалтын залуу ахлагч Радамест дуулгана. Радамес тэр дайнд их цэргийг удирдан ялалт байгуулж нэр төр олоод өөрийн хайрт Эфиоп боол бүсгүй Аидаг эрх чөлөөтэй болгохыг тэсч ядан хүснэ. Радамест дурласан хааны гүнж Амнерис Аидатай ярилцах зуураа хардах сэтгэлээ илэрхийлнэ. Аида мөн сэтгэлийн зовлон эдэлж Радамесийг хайрлах сэтгэл, Эфиопын ард түмний хувь заяаны төлөө давхар түгшинэ. Эзэн хааныг гарч ирэхэд элч хүрэлцэн ирж Аидагийн эцэг, Эфиопын хаан Амонасро цэрэг хөдөлгөн Фивад ойртон ирж байгаа тухай мэдэгдэнэ. Эзэн хаан тэдэнтэй дайтах их цэргийн жанжнаар Радамесийг сонгоно. Цөхөрсөн Аида ялалт байгуулахыг Радамест хүсэх боловч өөртөө үхлийг сонгохоор шийдэн ядна. Сүмд сүлд хийморийн ёслол болж тэргүүн зайран Рамфис дээдсийн ариун илдийг Радамест гардуулан өгнө.
Хоёрдугаар бүлэг
Боол бүсгүйчүүд ялгуулсан баатар Радамесийг хүлээж буй Амнерисийг хувцаслах зуур Аида түүний титмийг авчирна. Амнерис Аидаг уран аргаар эрхэндээ оруулан Радамесаас хайраа татахыг тулган дарамтлана. Фива боомтын талбайд ялагчдыг угтаж байна. Радамес ирж хүндэтгэлтэйгээр ёслоход эзэн хаан Амнерисийн гараар түүний тэргүүнд алдрын титмийг зүүж өгнө. Эзэн хаан түүний хүслийг биелүүлэхээ амлахад Радамес олзлогдогсдыг авчирч танилцуулна. Тэдний дунд Амонасро байх бөгөөд өөрийгөө илчлэхгүй байхыг охиндоо сануулна. Тэрээр Эфиопын хааныг дайны талбарт үрэгдсэн гэх бөгөөд олзныхон болон боолчуудад өршөөл үзүүлэхийг фараоноос гуйна. Эзэн хаан олзныхныг чөлөөлж харин Рамфисийн зөвлөснөөр эцэг охин хоёрыг барьцаанд үлдээхээр болж Амнерисийн гарыг Радамест атгуулна.
Гуравдугаар бүлэг
Нил мөрний эрэг дээрх шөнө. Сүмээс Изиде бурхны сүлд дуулал эгшиглэнэ. Амнерис Радаместай хуримлахаар бэлдэж, Аида насан туршдаа уучлахыг гуйхаар Радамесийн ирэхийг хүлээнэ. Гэнэт Амонасро гарч ирнэ. Тэрээр Аида, Радамес хоёрыг гадарласан байна. Түүнийхээр бол Эфиопчуудыг эргэн ялахад тус болох нууцыг Радамесаас эвтэйхэн тандах явдал гэнэ. Аида үүнээс татгалзах боловч эцэг нь түүнийг хүчлэн шаардана. Радамес Аидатай уулзан энхрийлж дахин ялалт байгуулж өөрийг нь авах хүслээ эзэн хаанд илэрхийлэхээ андгайлна. Аида харин эндээс оргох санал гаргана. Радамес нэлээд эргэлзсэний эцэст зөвшөөрнө. Аида хилийн аль хэсэг нь хамгаалалтгүй байдгийг асуухад Радамес нууцыг задлана. Тэр нь египетчүүд дайсан руу довтлоход бэлэн байдаг цорын ганц зам гэнэ. Энэ мөчид Амонасро нуугдсан газраасаа гарч ирэн өөрийгөө илчилнэ. Залуу дайчинд эх орноосоо урвах гэсэн санаа сэтгэлийг нь түгшээнэ. Сүмээс Амнерис, Рамфис нар гарч ирэхэд Аида эцэгтэйгээ оргон зайлах бөгөөд Радамес өөрийгөө тэдний гарт тушаана.
Дөрөвдүгээр бүлэг
Хааны ордон. Амнерис, Аидаг оргосон болон Радамесийг урвасанд гашуудан шанална. Тэрээр хэрвээ өөрийг нь хайрлавал эзэн хааны өршөөл үзүүлж чадахаа Радамест амлана. Гэвч Радамесийн сэтгэлийг эргүүлж эс чадна. Ордны доод нүхэн өрөөнд Радамесийг амьдаар нь сүмийн бунханд оршуулан цаазлах ял хэлэлцэхэд Амнерис бүх зайрангуудыг зүхэн хараана. Сүмийн доод нүхэнд Радамес зөвхөн Аидаг бодон үхлээ хүлээнэ. Гэнэт хайртынхаа зовлонг хуваалцахаар бунхныг нэвтрэн орж ирсэн Аидагийн ёолох дуу сонсогдоно. Тэр үхэх ёстой гэжүү гэсэн аймшигт бодол Радамесийг цочооход Аида түүнийг тайтгаруулна. Тэдний үхэл Амнерисын мөргөлийн уншлагатай сүлэлдэн уусна.