Үлгэрийн баатар ахмад Дэгээ, “Карибын тэнгисийн” Жэк Спарроугийн адал явдлаар далайн дээрэмчдийг төсөөлдөг, худалдааны хөлөг онгоцны тонуул дээрэм хоёр зууны тэртээ төгссөн гэж боддог хүмүүс олон. Гэвч техник технологийн эринд ч дэлхийн усан зам эрсдэлтэй хэвээр. Хүмүүс далай тэнгисээр аялж эхэлсэн цагаас л дээрэмчид зэрэгцэн оршиж хөлөглөдөг онгоц, барьдаг зэр зэвсэг нь л өөрчлөгдсөнөөс бус мөн чанар нь өнөөг хүртэл янзаараа. Далайн дээрэм бол аль нэг бүс нутагт хамаарахгүй олон улсын үзэгдэл гэх тодорхойлолттой. Ер нь эдийн засгийн чадавх сул, Засгийн газрын хяналт тааруу далайн эргийн бүс нутагт, тэр дундаа иргэний дайны явцад хяналтгүй зэр зэвсэг иргэдийн гар дээр тархсан улс орнуудад дээрэм тонуул цэцэглэн хөгждөг нь жам ёсны үзэгдэл. Дундад зуунаас ялгаатай нь амьжиргаагаа залгуулахын тулд жуулчид, худалдаачдын хөлгийг шоглоод өнгөрдөг байсан бол яваандаа зэвсэгт бүлэглэлүүдийн үйл ажиллагааг тэтгэх мөнгө цуглуулах арга хэрэгсэл болж хувирсан.

Олон улсын далайн товчооны тооцоолсноор дэлхийн усан замын тээвэр дээрэм тонуул, тээврийн саатал, даатгалын зардал зэргээс шалтгаалж жилд 25 тэрбум ам.долларын эдийн засгийн алдагдал хүлээдэг. 2010 онд дэлхий даяар далайн дээрмийн тоо дээд цэгтээ хүрч, нэг жилд хөлөг онгоц барьцаалж мөнгө нэхсэн, далайчдын амь насыг хохироосон 445 орчим хэрэг бүртгэгдсэний дийлэнх нь Сомалийн хойгт өрнөсөн юм.

Африкийн эвэр дэх хар далбаа

2005 онд Сомалид болсон иргэний дайны өмнө энгийн загасчин байсан залуус шүдээ хүртэл зэвсэглэн задгай далайд гарснаар Зүүн хойд Африкийн усан зам дэлхийн хамгийн эрсдэлтэй орчин болж хувирсан юм. Үүнээс ч өмнө 1990 онд дарангуйлагч Сиад Баррегийн дэглэм нуран унасны дараа тус улсад далайн дээрэм цэцэглэн хөгжих үндэс суурь тавигдсан гэж үздэг. 1993 онд 500 мянган ам.долларын бараа ачсан хоёр хөлөг онгоцыг барьцаалсан нь дээрэмчдийн анхны томоохон олз болжээ. Удалгүй иргэний дайн дэгдэж улс орон даяар эмх замбараагүй байдал үүссэнээр дээрэмчид жинхэнэ дураараа дургиж эхлэв. Адений хоолойг гатлан зүүн хойд эрэг буюу Африкийн эврийг тойрон гарах тээврийн хөлгийн дийлэнх нь Сомалийн дээрэмчдийн халдлагад өртөж байлаа. Иргэний дайны удирдагчид дээрмээс тодорхой ашиг хүртэхийн тулд залуусыг зэр зэвсэг, хар тамхиар “угжина”. Өлсгөлөн ядууралд нэрвэгдсэн иргэд ч үмх будааны төлөө дээрмийг эхнээс нь дэмжив. Эргийн дагуух тосгон, суурингуудын эдийн засаг тэр чигтээ далайн дээрэм дээр оршин тогтнож зэвсэг агссан тонуулчдаас гадна орчуулагч, нягтлан бодогч, эмч, зуучлагч, олзны хүмүүсийг хооллож ундлах үйлчилгээнийхэн зэрэг олон ажлын байр бий боллоо.

2011 он хүртэл долоон жилийн хугацаанд Сомалийн далайн дээрэмчид дэлхийн улс орнуудын хөлөг онгоцыг тайван зорчуулсныхаа шанд 340 сая ам.долларын төлөөс авчээ. Харин үүний дараа 29 улс нэгдэн цэргийн ажиллагаа явуулснаар дээрэмчид үүрэндээ орсон юм. 2012 оноос хойш мянга орчим далайн дээрэмчин буу зэвсгээ орхиж, загас агнуур болон бусад ажил, хөдөлмөр рүү шилжлээ. Гэхдээ сурсан занг сураар боож болдоггүйн үлгэрээр дээрэм үе үе сэргэж Улаан тэнгисээр зорчих арилжааны хөлөг онгоцуудыг гоочилдог хэвээр. Өнгөрсөн сард л гэхэд Энэтхэгийн тэнгисийн цэргийн хүчин тусгай ажиллагаа явуулж барьцаалагдсан 17 далайчнаа Сомалийн дээрэмчдээс аюулгүй суллаж чадсан.

Сомалийн дээрэмчид загас агнуурын улиралд загасчдын сарын дундаж орлогоос 2-5 дахин их, борооны улиралд 135 дахин их орлого олдог болохоор хуучин завиа хөлөглөн далайд гарахыг илүүд үзэх нь мэдээж. Харин далайчид аль болох энэ бүсээс зайлсхийхийг хичээдэг ч тээвэрлэлтийн өртөгөө бодоход дөт замыг сонгох шаардлагатай болдог аж. Тийм ч учраас одоо арилжааны хөлөг онгоцуудыг цэргийн онгоц дагалдаж, далайчдыг халдлагад өртсөн тохиолдолд хэрхэн биеэ авч явах талаар сургадаг болжээ.

Азийн аюултай усан зам

Сомалийн хойгоос гадна өнөө үед далайн дээрэмчдийн халдлага ихэвчлэн Сингапурын хоолой болон Перугийн эрэг орчмоор үйлдэгддэг болсон. Энэтхэгийн далайг Өмнөд Хятадын тэнгистэй холбосон 113 км урт, 19 км өргөн хоолой нь өдөрт 1000 орчим хөлөг онгоц дамжин өнгөрдөг дэлхийн хамгийн хөл хөдөлгөөнтэй худалдааны усан замын нэг юм. Олон улсын навигаци, дэлхийн худалдаанд чухал үүрэг гүйцэтгэдэг усан хоолойн нарийн зам, хөдөлгөөний хэт нягтрал нь хөлөг онгоцуудыг далайн дээрэмд өртөмтгий болгодог аж. 2023 онд гэхэд л уг хоолойгоор дамжин өнгөрсөн 60 гаруй хөлөг халдлагад өртөн хүний амь нас хохироогүй ч их бага хэмжээгээр тонуулжээ. Цар тахлын дараах ажилгүйдэл, загасны нөөц хомсдсоноос санхүүгийн хүндрэлд нэрвэгдсэн загасчид дээрмээр амьжиргаа залгуулахыг бодон далайчдын үнэт эдлэл, хөлөг онгоцоор тээвэрлэж буй эд зүйлсээс дээрэмдэхийг завдана. Нөгөө талаар далайн экосистем загас агнуурт нөлөөлж буй усан зам, газрын тос тээвэрлэлтийг эсэргүүцэх нэг хэв маяг нь дээрэм болж хувирчээ. Газрын тос тээвэрлэгчид Сингапуртай зэрэгцээ Малайзын Малакка хоолойгоор өдөрт 15.2 сая баррель газрын тос тээвэрлэдэг. Энэ нь Европын холбооны орнуудад импортолж буй газрын тосны хэмжээнээс давсан үзүүлэлт. Нефтийн үнэ нэмэгдэхийн хэрээр түүхий газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцуудыг онилох нь нэг талаас ашиг олох зорилготой ч нөгөөтэйгүүр байгалийн баялгаа харийнханд алдахаас сэргийлсэн тэмцэл гэж өөрсдийгөө зөвтгөдөг.

Өөр зорилго

Израил, Хамас бүлэглэлийн сөргөлдөөн ширүүссэн 2023 оны арваннэгдүгээр сараас хойш Адены булан далайн тээвэр эрхлэгчдэд хамгийн аюултай цэг болж хувирлаа. Йемений хууль ёсны Засгийн газрыг эсэргүүцдэг Хуси хөдөлгөөний дайчид 2014 оноос хойш Улаан тэнгис дагуух нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг хяналтандаа аваад буй. Хуси босогчид Газын зурвас дахь дайны хариуд Улаан тэнгисээр зорчих худалдааны хөлөг онгоцууд руу агаараас довтолж эхэлсэн юм. Тэд үүнийгээ Израилийн холбоотнуудад өгч буй исламчуудын сануулга хэмээн сүрдүүлж, “Газа дахь түрэмгийллээ зогсоосон цагт довтолгоогоо зогсоох талаар бодолцоно” хэмээн гэдийв. Хусит босогчдыг Иран ил далдаас дэмжин зэвсэг техникээр хангадаг бол сүүлд хөөргөсөн пуужингаас хангул бичиг олдсон нь Умард Солонгос Тегеранаар дамжуулан тэднийг зэвсэглэдэг гэх таамагт хөтөлж буй.

Хуситууд арваннэгдүгээр сарын 19- нөөс хойш Улаан тэнгисээр зорчиж буй худалдааны хөлгүүд рүү 40 гаруй удаа довтолсон. Гэтэл дэлхийн эдийн засагт чухал ач холбогдолтой энэ замаар нийт далайн ачаа тээврийн 15 хувь нь дамждаг. Хэдийгээр АНУ, Их Британи тэргүүлсэн цэргийн эвсэл хуситуудын байрлалд агаараас цохилт өгч байгаа ч олон улсын томоохон тээврийн компаниуд тус бүсээр зорчихоос аль болох зайлсхийж эхэлжээ. Энэ нь ачаа тээврийн өртгийг нэмэгдүүлж, дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэлээ. Одоо чингэлэг тээврийн компаниуд Улаан тэнгисийн оронд Африкийн өмнүүр Сайн итгэлтийн хошууг тойрох чиглэлийг сонгох болсноор аяллын хугацаа багадаа 10 хоногоор уртсаж буй. Дэлхийн худалдааны байгууллагын дүн шинжилгээгээр 2023 оны арвахоёрдугаар сараас хойш Улаан тэнгисийн хоолойгоор дамжин Европ руу чиглэсэн чингэлэгийн үнэ дунджаар 256 хувиар өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Суэцийн сувгаар дамжин өнгөрөх ачааны хөлөг онгоц 42 хувиар цөөрчээ. Дээр нь өндөр эрсдэлтэй бүс нутгаар дайран өнгөрөх тээвэрлэлтийн даатгалын хураамж 250 хувь хүртэл нэмэгдэх төлөвтэй байгаа аж.