Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын хөдөлмөрийн насны нийт хүн ам одоогийн түвшнээс 19.7 хувиар өсөж, 2.7 саяд хүрнэ гэж тооцсон байдаг. Насны бүтцийн хувьд 40.2 хувийг нь 15-34 насны залуучууд бүрдүүлэх юм. Шинэ үеийн залуус гэгдэх эдгээр үе хөдөлмөрийн зах зээлийн дийлэнх хувийг эзэлснээр ажиллах хүчний оролцоог урьд хожид байгаагүй өндөр түвшинд хүргэх таамаг бий.
Гэсэн хэдий ч бодит байдал дээр ажиллах хүчний хомсдол манай улсад нүүрлэсэн. Энэ талаар Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 2024-2035 оны эрэлт, нийлүүлэлтийг судалсан дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танилцуулсан байна.
Уг судалгааны үр дүнгээс хэд хэдэн зүйлийг онцолвол,
- Манай улсын ажиллах хүч 300 мянган хүнээр дутагдаж байна
- Ажил олгогч нарт өнөөдөр хүний нөөцөө тогтоон авч үлдэх бэрхшээл тулгарч байна
- Gen Z үеийнхэн буюу 2000 оноос хойш төрсөн шинэ мянганы залуучууд 2035 он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын 43 хувьтай тэнцэнэ. Энэ нь хүний нөөцийн бодлогыг эрс шинэчлэх шаардлага үүсэж байгааг харуулж байна.
- Мөн манай улс ажиллах хүчээ гадаад руу их алдаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар, БНСУ-д 54 мянган хүн ажиллаж байгаа бол Шведэд 20 мянга гаруй монгол иргэн байна. Монголчууд Австрали, Чех, Япон зэрэг улс руу олноор их зорчдог аж. Энэ нь нэг талаар гадаадын улс орнуудад хүн амын хөгшрөлт их, ковидоос хойш ажиллах хүчээр дутагдаж буй хүчин зүйл нөлөөлж байгаа бол дотоод талын хүчин зүйл нь эдийн засгийн өсөлт нийгэмд бодитойгоор буухгүй байгаатай холбон тайлбарлаж байна
- 15-64 насны иргэдийн 67 хувь нь гадагшаа явж ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв
- Албан бус хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж байна
- Ажилгүйчүүдийн эгнээнд сүүлийн жилүүдэд залуучууд, эмэгтэйчүүд их орж байна гэсэн дүн гарчээ.
Судалгааны үр дүнгээс харахад 2030 онд хөдөлмөрийн насны дийлэнх хувийг эзлэх 15-34 насны залуучуудын 67 хувь нь гадагшаа явах сонирхолтой байгаа нь ирээдүйд ажиллах хүчний хомсдол манайд хүчтэй нөлөөлөх шалтгаан болно гэж таамаглаж буй. Учир нь залуучуудын ихэнх нь цалин хөлс, бүтээмжийн үнэлэмжид сэтгэл дундуур байдаг. Түүнчлэн ажлын байран дээрх үе хоорондын таарамжгүй байдал нь ажлын бүтээмжид нөлөөлөх зэргээс шалтгаалж гадаад улсыг зорихыг илүүд үзэж, энд ажил хөдөлмөр эрхлэх сонирхолгүй байх нь олонтоо. Тэгвэл энэ үеийг тогтоон барих, ажиллах таатай орчноор хангах нь өнөөдөр анхаарах зайлшгүй шаардлагын нэг болоод байна.
Учир шалтгааныг эрэхүй
Ажиллах хүчний 70-80 мянган хүн гадаадад амьдарч, элчингийн гадаах визний дараалал нэмэгдэж буй энэ үед ажлын байрны тоог нэмэгдүүлэх байдлаар уг асуудалтай тэмцэж байгаа нь тийм ч оновчтой шийдвэр биш. Учир нь дэлхийн нийтийн ажиллах хүчний төлөв байдал чиг хандалга асар хурдацтай өөрчлөгдөж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд мэдлэгт суурилсан эдийн засагтай орнууд байгалийн ухаан (science), технологи (technology), инженеринг (engineering), болон тооны (mathematics), буюу товчлоод (STEM) мэргэжилтэй ажилтнууд хамгийн өндөр цалин авч буй. Эдгээр мэргэжилтнүүдийг олон улс өндрөөр үнэлж аж үйлдвэрлэлийн салбар ч тэдний бүтээмжээр эдийн засгаа эргэлтэд оруулж байна. Гэвч манайд аль аль шатандаа эрэлтэд мэргэжлүүдэд хүүхдийг дурлуулах, байгалийн ухааны хичээлийг хүүхдэд сонирхолтой заах зэрэг асуудлууд учир дутагдал хэвээр.
Зарим багш нарын хувьд физик, химийн хичээл дээр туршилтын тоног төхөөрөмжийг эвдэлж, сүйтгэхээс сэргийлж ашиглуулахаас зайлсхийдэг гэх мэт зөрчлүүд ихээхэн гардаг. Үүнээс үүдэж манай улсад нарийн мэргэжлийн инженерүүдийн ажиллах хүчний орон тоо бага байх зэргээр эдийн засагтай халтай нөлөөлөл үүсгэж буй . Инженерүүдийн гол суурь мэдлэг нь физикийн ухааны хичээл юм. Иймд байгалийн ухааны салбарыг дэмжиж ажиллах нэн шаардлага бий.

Одоогийн Засгийн газар “Халамжаас хөдөлмөрт” гэдэг уриа дэвшүүлээд ажиллаж байна. Гэхдээ дорвитой том алхмуудыг зоригтой хийх хэрэгтэй. Би мэргэжлийн боловсрол дээр онцолж хэлмээр байна. Германд бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 20% нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх процесст шууд оролцдог. Ажил олгогч, боловсролын байгууллагын хамтын ажиллагаа ийм өндөр түвшинд байна гэсэн үг. Ийм учраас герман залуусын ажилгүйдлийн түвшин Европт хамгийн бага хувьтай байдаг. Дадлага хийгээд тэр хүүхэд цалин авна. Энэ компанийн хувьд зардал мэт боловч хоёр, гурван жилийн дараанаас тэр хүүхэд компанидаа өгөөж авч ирж эхэлдэг. Улмаар сургуулиа төгссөнийхөө дараа тэр хүүхэд компанийнхаа хамгийн үнэ цэнтэй ажилтны нэг болдог. Компани нь ч тэр хүүхдээ алдахгүйн тулд цалин, хангамжийг нь өрсөлдөхүйц түвшинд аваачдаг. Ийм сайн туршлагуудыг Монголд жижиг, дунд бизнесүүд болон МСҮТ хамтраад хэрэгжүүлэх ёстой.
Түүнчлэн ажиллах хүчний салбарт дан ганц байгалийн ухааны салбараас гадна зөөлөн чадвар буюу багаар ажиллах, бүтээлч байх, зохицох чадварууд, нийгмийн болон соёлын харилцааны мэдлэг, мэдрэмж өндөр байхыг шаардаж буй. Энэ тал дээр манайх шинэ ажилтыг сургах, компани соёлыг төлөвшүүлэх зэрэгт анхаарах нь зүй. Түүнчлэн энэхүү судалгааны дүгнэлт, зөвлөмжид үндэслэн төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хууль тогтоомжуудын шинэчилсэн найруулга, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулаад байна.