Хүн амын 49 хувь нь оршин суух 1,730,263 иргэнтэй Улаанбаатар хотын залуусын үнэт зүйл юу вэ. Дуучдын хэлдгээр их хотын тархи, зүрх нь болсон залууст ер нь юу илүү ҮНЭТ байна вэ.
Залуусын үнэт зүйл хэзээд үнэтэй
МУИС-иас 2023 онд явуулсан судалгаа болон "Аксон Нейролаб" компаниас 2021 онд явуулсан судалгааны дүнд тулгуурлан залуусын үнэт зүйлийн талаар өгүүлье. Үүнээс өмнө тэдний үнэт зүйл яагаад чухал вэ гэдэгт анхаарах нь зүй. Дээрх хоёр судалгааны баг залуусын үнэт зүйл нь тоохгүй өнгөрч, тоомжиргүй хандах зүйл биш гэдгийг сануулсан байна.
“Хотын залуучуудын үнэт зүйлсийн ялгарлын шинжилгээ” сэдэвт судалгааг хийсэн МУИС-ийн багийнхан “Өөрчлөгдөн буй нийгмийн харилцаа, үе хоорондын залгамж болдог залуус бол хөдөлмөрийн зах зээлийг бүрдүүлж буй талаасаа ч нөхөн үржихүйн идэвхтэй бүлэг талаасаа ч нийгмийн томоохон давхарга, нийгмийн харилцааны тусгалыг маш тодоор илэрхийлдэг бүлэг” гэж тодорхойлжээ.
Харин “Аксон Нейролаб” компанийн “Оюутан, залуучуудын үнэт зүйл” судалгааны багийнхан “Gen Z үеийнхэн буюу залуучуудын үзэл бодол, хандлага нь ирээдүйн трендийг бий болгодог чухал хүчин зүйл юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ихэнх байгууллагуудын гол зорилтот үйл ажиллагаа нь оюутан, залуус руу чиглэсэн хандлагатай байдаг. Мөн ажлын орчинд залуучуудыг ойлгож, тэдэнтэй хамтран ажиллана гэдэг маш том сорилт болоод байгаа билээ. Тиймээс залуучуудын үнэт зүйл, хүсэл сонирхол, чиг хандлагыг ойлгох нь бизнесийн байгууллага, хүний нөөцийн үйл ажиллагааг зөв зохион байгуулахад чухал нөлөөтэй юм” гэж тодорхойлжээ.
Энэ хоёр дүгнэлтээс л залуусын үнэт зүйл хэр чухал болох нь харагдаж буй.
Эрхэм нь гэр бүл
“Хотын залуучуудын үнэт зүйлсийн ялгарлын шинжилгээ” сэдэвт судалгааг 2023 оны тавдугаар сард 15-34 насны, хотод амьдардаг 300 хүний дунд явуулжээ. Улаанбаатарын залуусын үнэт зүйл бүрэлдэхэд нөлөөлсөн хүчин зүйлүүдийг эрэмбэлэхэд нэгдүгээрт гэр бүл, үүний дараагаар эрүүл мэнд, боловсрол, ажил мэргэжлийг жагсаасан байна.
Нарийвчлан харуулбал,
-30.9 хувь нь гэр бүл,
-12.9 хувь нь найз нөхөд,
-10.4 хувь амьдардаг орчин
-8.5 хувь нь эмээ, өвөө
-7.9 хувь нь төрсөн ах эгч, дүүс
-6.1 хувь нь багш
-5.1 хувь нь уламжлал, зан заншил
-3.5 хувь нь хамаатнууд
-3.4 хувь нь фэйсбүүк зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
-3.3 хувь нь түүх, түүхэн хувь хүмүүс
-2.4 хувь нь телевиз болон кино
-1.9 хувь нь урлаг, соёлын бүтээгдэхүүн
-1.8 хувь нь шашин
-1 хувь нь соёлын өв, хөшөө дурсгал
-0.9 хувь нь үлгэр домог туульс хэмээн хариулжээ.
Нам холбоонд элсэх нь хамгийн үнэ цэнгүй
Одоо судалгааны гол дүгнэлт рүү оръё. Улаанбаатарын залуус “Өөрт хамгийн чухал зүйлс”-ийн эхний тавд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, оршин суух газраа чөлөөтэй сонгох, нүүх, эх орноосоо гараад буцаад чөлөөтэй эргэн ирэх, улс эх орны нөхцөл байдлын талаар найдвартай мэдээлэл хүлээн авах, өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх чухал гэж үзсэн байна. Харин хамгийн үнэгүй зүйлд янз бүрийн нам холбоонд чөлөөтэй элсэхийг нэрлэж. Тэгвэл эсрэгээр нь эдгээр залуусын өөр бусдаас юу хүлээж байгааг сонирхжээ. Тодруулбал, хүний хамгийн үнэ, цэнтэй чанарт юу нэрлэхийг тодруулсан байна. Ингэхэд шударга байдал, ердийн хүн байгаа нь, сайхан сэтгэл, оюун ухаан болон бүтээлч байдал, ёс зүй гэж нэрлэсэн байна.
Ердийн амьдрах нь үнэт зүйл
Бусдын үнэт зүйлийг хэрхэн баримжаалах талаар лавлахад, хүнтэй харилцахдаа, ажлаа хийхдээ, эргэн тойрны эд зүйл, байгаль орчинд хэрхэн хандаж хандаж байгаагаар тодорхойлно гэсэн байна. Харин бусад залуусын амжилтыг хэмжихдээ хүмүүсийг хүндэтгэх харилцаа, эрүүл мэнд, сайн гэр бүл болон үр хүүхэд гэж хариулжээ. Өөр нэг сонирхолтой зүйл нь судалгаанд оролцогчдын ихэнх нь ашигтай танил, харилцаа холбоотой хүмүүсийг “хамгийн муу” амжилттай яваа хүнээр нэрлэсэн байна. Зөвхөн 35-аас дээш насныхны хувьд ашигтай тал нь илүү гэж үзжээ.
“Хотын залуусын үнэт зүйлсийн ялгарлын шинжилгээ”-г хийсэн багийнхан болох МУИС-ийн Социологи, нийгмийн ажилтны тэнхимийн багш Ш.Оюунханд, Т.Бүрэнжаргал, П.Цэрэнбазар нар гол дүгнэлтдээ “Гэр бүл, эрүүл мэнд 90 гаруй хувийн үнэт зүйл байна. Найз нөхөд, ажил хөдөлмөр хоёр, гуравт эрэмбэлэгдэх үнэт зүйл болж байна. Залуучууд өөрсдөө шударга, сайхан сэтгэлтэй, ердийн хүн байхыг хүний хамгийн сайн чанар гэж үзэж байна. Мөн өөрсдийн амьдралын зорилгыг эрүүл саруул байх, дуртай ажлаа хийж тааваараа амьдрах гэж тодорхойлсон” гэжээ.
Залуучуудын 69 хувь: Эх оронч байх тийм ч чухал биш
Залуусын үнэт зүйлийн талаарх “Аксон Нейролаб” компаниас хийсэн судалгааны үр дүнг харъя. “Оюутан, залуучуудын үнэт зүйл” гэсэн нэршилтэй уг судалгааг СЭЗИС, АШУҮИС, МУИС, ШУТИС болон бусад сургуулийн 870 оюутны дунд 2021 онд явуулжээ. Хотын залуусын үнэт зүйл нийтлэлдээ ашиглах шалтгаан нь уг судалгаанд оролцсон залуусын ихэнх нь буюу 55.8 хувь нь Улаанбаатарын харьяалалтай байгаа юм. Насны хувьд 20-23 насны залуус 55.3 хувийг, 16-19 насны залуус 40.6 хувийг, 24-өөс дээш насны залуус 4.1 хувийг эзэлж байна.
Судалгааны дүнгээс танилцуулбал,
-93.2 хувь нь шинэ ур чадвар, мэдлэг олж авах нь амьдралын хамгийн чухал зорилго,
-85.5 хувь нь ижил хүйстний гэрлэлт огт буруу биш,
-69 хувь нь эх оронч хүн байх тийм ч чухал биш,
-61.6 хувь нь их сургуулиа төгсөөд гадаад үргэлжлүүлэн сурах төлөвлөгөөтэй,
-60.1 хувь Чингис хаан бидний баатар,
-44.9 хувь нь хоёр болон түүнээс дээш гадаад хэлээр харилцаж чадна,
-31.1 хувь нь гэрлэх нь тийм чухал зүйл биш гэж боддог. Мөн уг судалгаанд оролцсон залуучуудын 90.8 нь огт гэрлээгүй байсан гэдгийг энд дурдъя. Үүнээс гадна тэд ахмад үеийнхэндээ хандаж, “Бидний үзэл бодлыг сонсож, өөрсдийн үзэл бодлоо битгий тулгаж байгаарай” гэх захижээ.
Эдгээр судалгааны үр дүн нь улсын хөгжлийн ирээдүйн хөдөлгөгч хүч болсон залуусын хандлага, чиглэл ямар болсныг тод харуулж буй. Тэд том дарга, даамал, баян босс болохыг мөрөөддөггүй, мэдлэг боловсролтой, шулуун шударга чиг шугамтай, ердийн хүн байхыг үнэт зүйл гэж үзэж байна. Бидний ирээдүй ийм гэгээтэй байна.