"Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий есөн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Улмаар яллагдагчийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийн дагуу тавдугаар сарын 27-ны өдөр хүртэл хойшилсон байна.

Хөвсгөл аймгийн Спортын ордонд зохион байгуулж буй уг гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч цахимаар 3, шинжээч цахимаар 1, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 430, хохирогч нарын өмгөөлөгч, биечлэн 1, цахимаар 3, яллагдагч нарын өмгөөлөгч 0, нэр бүхий 18 иргэний нэхэмжлэгч, шүүх хуралдааныг хөндлөнгөөс 57 ажиглагч оролцож байгаа талаар Хөвсгөл аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлсэн юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанаар “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлага зэрэг нэр бүхий 9 яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Хэргийн талаар тодруулбал, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрөөс 2022 оны тавдугаар сарын 12-ны өдрийн хооронд нийт 213 тэрбум 032 сая 414 мянган төгрөгийг иргэдээс татан төвлөрүүлж, Хамтран ажиллах санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээг тэтгэврийн насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдэд туслах нэрээр байгуулж, 2595 иргэнд 45 тэрбум 491 сая 459 мянга 600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг.