
“Banijay” группийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизийн бүтээдэг “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг долоо дахь улирлын цоо шинэ дугааруудаар эргэн ирэх гэж байна.
“Яг түүн шиг” шоу өмнөх улирлууддаа хамгийн сонирхол татам уран бүтээлчдийг оролцуулж, авьяас чадварыг нь сорьж, багагүй дуулиан тарьж байсан билээ.
Шоуны хамгийн эхний улирал 2016 онд хийгдсэнээс хойш дуучин П.Баярцэнгэл, жүжигчин Г.Бархүү, дуучин Б.Нацагдорж /Наки/ гэх мэт үнэмлэхүй ялагчдыг ар араасаа тодруулсан байдаг. Та бүхний хамгийн тод санаж буйгаар шоуны тав дахь улиралд гавьяат жүжигчин, дуучин С.Наран, өмнөх жилийн зургаа дахь улиралд дуучин, жүжигчин Jason буюу Б.Баяржавхлан ялагч болж байсан нь үзэгчдийн сайшаалыг ихэд хүртэж, телевизийн шоу нэвтрүүлгүүдийн дунд үзэлтээрээ тэргүүлж байсан түүхтэй.
Мөн дуучин Б.Чойжоо, И.Мишээл, Mrs M, Э.Агиймаа, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, Х.Баярмаа гэх мэт хүмүүс оролцож, та бүхний дурсамжид тод үлдсэн гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлж байсан билээ.
Долоо дахь улиралд хийгдэж буй “Яг түүн шиг” шоу оролцогчдоо бүрдүүлж дууссан бөгөөд "Боловсрол" телевизийн албан ёсны фэйсбүүк хуудсаар өнгөрсөн долоо хоногт танилцуулж дууссан. Шоуны долоо дахь улиралд
- “B” продакшны дуучин Б.Анужин
- “Тоонот” рекордсын дуучин, бүжигчин Б.Халиун
- “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Э.Намуун
- “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор
- “Тоонот” рекордсын артист, дуучин О.Z буюу Э.Золбоо
- “Мөнхийн Реп” хамтлагийн дуучин Б.Лхагва
- УДЭТ-ын жүжигчин, МУСТА, Д.Мөнх-Од
- “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа нар тус, тус сонгогдсон.
Эхний дугаарт найман оролцогч ямар дүрд хувирах болсныг энэ долоо хоногт зарлах бөгөөд бэлтгэлдээ аль хэдийн орсон хэмээн мэдэгдсэн юм. Мөн энэ улирлын онцлог нь, үндсэн шүүгчдийн бүрэлдэхүүн шинэчлэгдэж, урлагийн салбар дахь нэр хүндтэй эрхмүүд сонгогджээ.
Долоо дахь улирлын үндсэн шүүгчид хэн байх бол. Оролцогчдод ямар дүр таарсан бол. Тун удахгүй “Боловсрол” телевизээр…