Сэдвийн эрэлд

Нийгэм, улс төр, эдийн засгийн зэрэг элдэв сэдвийг гогодож, судалж, сурвалжлах нь сэтгүүлчдийн олон үүргийн нэг. Харин сүүлийн үед сэтгүүлчдээс гадна улс төрчид сэдвийн эрэлд “хатаад” байна. Гэхдээ зорилго нь харилцан адилгүй. Сэтгүүлчид аливаа асуудлыг нийгэмд ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хангахын мэрийж, асуудал дэвшүүлэн, аливааг “түлхүүрддэг” бол улс төрчид тиймгүй. Тэд олны анхааралд орж, сонгогчдод танигдан, шударга, шаргуу нэгний “дүр эсгэхийн” тулд сэдэв бүрийг шүүрдэж, асуудлыг болгоныг онилж, ард иргэдийг энэрдэг дүр эсгэх нь элбэг.

Ялангуяа, УИХ-ын сонгууль ойртсон өнөө цагт ийм үзэгдэл бүр гаарч, горилогчид нэр дэвшихээр зэхэж буй тойргийнхоо иргэдийн анхаарлыг татаж, харааг булаах зорилготой нэг төрлийн сэдвийн “марафонд” орчихлоо. Үүнийг олон жишээ гэрчилнэ. Тэд залилан, цахим мөрийтэй тоглоом зэрэг гэмт хэргийн агуулга бүхий сэдвийг онилж буйгаас гадна, цэвэр ус хамгаалах хөдөлгөөн, малчдын зээл, малын даатгал зэргийг нь хөндөхөө мартахгүй байна. Ингэхдээ ихэвчлэн “Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Зарлуулах шаардлагатай” гээд зогсохгүй иргэдийн орлогыг өсгөх нь зүй, өр, орлогын харьцааг нь өөр түвшинд хүргэх хэрэгтэй” гэхчлэн олон нийтэд таалагдах, ойлгомжтой үг, өгүүлбэр өгүүлэх нь элбэг. Сэдэв гогодож сэвэх нэг хэрэг.  Горилогчид зураг, дүрсээ гаргах боломжит бүх сувгийн ашиглаж, энд тэндхийн эвент, цуглааныг таслахгүйг хичээж байна. Элдэв камерын дуранд өртөхийг ч мэрийгчид олширлоо. Түүнчлэн сонгуулийн сургаар “Манлайлагч эмэгтэйчүүд”, “1000 малчдын чуулган”, “Малчдын зөвлөгөөн” гэхчлэн элдэв уулзалт, хурал эрс элбэгшиж, орон нутгийн иргэдэд “хот үзүүлэх” арга хэмжээ ч ар, араасаа зохион байгуулагдаж байна. Улмаар нийслэлийн шаггүй үнэтэй буудалд байршуулж, багашаархан бэлэг дурсгал өгч, багагүй сэтгэл дэвсэж, хөөрцөглөх боллоо. Мөн орон нутгаар ч хотынхны хөл ихтэй байна. Том тэрэг хөлөглөсөн улс төрчид айлуудын “хаалга амраахгүй” цувж, өөрийн эсвэл өөрт нь хамаатах сийлбэр, гуншинтай аяга, таван, хутга, хэрэгсэл бэлэглэж байх аж. Мөн зарим нь эх орон, элгэн садан, газар шороондоо хайртай гэдгээ илэрхийлж, уянгын ая дэвссэн, хөрөг нэвтрүүлэг цацаж эхлэв.

Нутгаа санасан сэтгэл

Архаг буюу одоо УИХ-д суудалтай улс төрчдийн хувьд асуудал арай өөр. Хэдийнэ нутаг орноо төлөөлж, төрийн сэнтийд суугаа учир танигдах, хүмүүсийн анхааралд өртөх хэрэгцээ шинэчүүлээс бага. Гэхдээ л тойрог томорч, дан ганц аймгаасаа бус бүсээсээ сонгогдох шаардлагатай болсон учир ард иргэдтэй уулзах, ая тавыг нь анирдах зайлшгүй шаардлагатай. Тиймээс намрын чуулган хаалтаа хиймэгц, УИХ-ын гишүүд сонгогчдодоо өнгөрсөн дөрвөн жил хийсэн ажлаа танилцуулж, дахин сонгогдох хүсэлтээ илэрхийлэхээр нутгийн зүг хүлгийн жолоо залаад буй. Улмаар нутаг орныхоо төлөө ийм, тийм ажил хийлээ хэмээн хуваарилсан төсөв, хуваасан хишгийг онцолж гогдон, энэ ажлаа үргэлжлүүлмээр байна, илүү сайн ажиллах хүсэлтэй байгаа гэхчлэн ухуулга, сурталчилгаа хийсээр яваа юм. Ингэхдээ сэм бэлэг, сэлт тарааж, намын штаб, ухуулагч нараа үүрэгжүүлж, сонгуулийн бэлтгэл ажлаа албан бусаар эхлүүлсэн.

Гол асуудал орхигдсоор

Харамсалтай нь горилогчдын олонх нь гол асуудал болох бодлого, шийдвэрт хэрхэн нөлөөлж, яаж ажиллах тухайгаа гогодохгүй байна. Бүр тодруулбал, горилогчдын олонх нь мөрийн хөтөлбөртөө анхаарч, хийж, хэрэгжүүлэхээр зэхэж буй ажлаа тооцоо, судалгаанд үндэслэн тайлагнахгүй байгаа юм. Үүний оронд, амьдралыг нь сайжруулж, амьжиргааг нь дээшлүүлж, цалин, тэтгэвэр огцом нэмэгдүүлнэ зэрэг хэрэгжих боломжгүй мөрөөдлийг жагсаалт эгнүүлж буй. Уг нь мөрийн хөтөлбөр гэдэг нэр дэвшигчийн гол концепц, алсын хараа байх учиртай. Тиймээс юу, юунаас илүү үүн дээрээ төвлөрч, төлөвлөгөөгөө боловсруулах нь зүй.  Гэсэн ч улс төрчид үүнд анхаарсангүй. Үүнийг ҮАГ-аас гаргасан дүгнэлт нотолсон. Тус байгууллага нь нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт аудит хийдэг болсон. Үүнтэй холбоотойгоор 2024 оны Их хурлын сонгуульд оролцохоор 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүлсэн. Гэвч нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт урьдчилсан дүгнэлт хийхэд бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй аж. Учир нь мөрийн хөтөлбөрт ил далд хэлбэрийн амлалтууд их байсан гэдгийг Үндэсний аудитын газрын Санхүү-нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах ажлын хэсгийн дарга Ц.Наранчимэг мэдээлсэн юм.

Хэрсүү сонгогч

Улс төрчид мөрийн хөтөлбөр, бодлогын төлөвлөгөөндөө бус хүмүүст харагдах, таалагдах, танигдахад анхаарч, бэлэг сэлт, бэлэн мөнгө базааж, элдэв сэдэв хөөцөлдөж, эрээвэр асуудал гогцоодож байгаа нь сонгогчдын боловсролтой мөн холбоотой. Учир нь сонгогчид бэлэг сэлт тараадаг, бэлэн мөнгө амладаг, атгуулдаг байдалд нь бүр дасчихсан. Тэр бүү хэл “Би сайн хүн” гэх агуулгатай ярианд нь яг, таг итгэж, биелүүлдэггүй амлалтад нь итгэсээр л байдаг.

Ирэх сонгуулиар ужиг хандлага халагдахгүй нь улс төрчдийн үйлдлээс илт байна. Тэд биш ч бид өөрчлөгдөх боломжтой. Тиймээс сонгогчид харах өнцөг өөрчилж, илүү хэрсүү, ухаалаг байх шаардлагатай юм. Учир нь ирэх зургаадугаар сард зохион байгуулагдах сонгууль Монгол Улс, энд амьдарч буй ард иргэдийн аж байдал, нутаг орны ирээдүйтэй салшгүй холбоотой.Тиймээс санал өгөхдөө хэрсүү хандаж, мөрийн хөтөлбөр бодлого шийдвэртэй нь нягт танилцаж, уг хүнийх нь үнэн намтартай танилцахгүйгээр таван төгрөг, талх, тарианд "хууртаж" саналаа өгвөл улс орны уруу, дорой байдалд бид өөрсдөө ч буруутай болж хувирна. Тиймээс өгсөн бэлгийг нь ав, элдэв тоглолт, үйлчилгээ үзүүлбэл түүнийг нь ч хүрт. Харин сонголтоо ухаалаг хий.