Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны хамт олны санаачлагаар “Хоггүй орчин-Бидний хариуцлага” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байна.
Аяныг 2024 оны дөрөвдүгээр сарын сүүлийн хоёр долоо хоногийн хугацаатай зарласан. Одоогоор Налайх дүүргийн 6-р хороо, Төв аймгийн музей, Баянзүрх дүүргийн 10-р хороонд барилга барьж компаниуд, Хэнтий аймгийн Галшар сумын Эрүүл мэндийн төв, Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар зэрэг байгууллагаас аянд нэгдэж, орчны хог хаягдлыг түүж, зайлуулж цэвэрлэхийн зэрэгцээ өөр өөрийн байгууллага дээр угаалга, цэвэрлэгээ хийжээ.
Аяны нээлтэд зориулж НЭМҮТ-ийн хамт олон дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Сэлбэ голын 100 айлын гүүрнээс Сити их сургуулийн хойд гүүр хүртэлх талбайд эрэг орчмоор болон голын голдрилд байгаа хогийг түүж зайлуулсан байна. Түүнчлэн байгууллагынхаа хашаан дах болон ойр орчмын хогийг цэвэрлэж, хашаа хайс, байр байшингийн хана, гадна талыг нөхөж сэлбэх, угааж цэвэрлэх ажлыг хийжээ.