2006-2016 онд хар тамхины 388 хэрэгт 1112 хүн холбогдон шалгагдсанаас 74 хэрэг нотлогдож 138 хүн ял шийтгүүлсэн байдаг. Энэ төрлийн хэрэгт 2017 оноос өнөөдрийг хүртэл 1154 гэмт хэрэгт 1533 иргэнийг сэжигтнээр татан шалгасан байна. Энэ бол хар тамхийг хадгалсан, олж авсан, бэлтгэсэн, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан, улсын хил нэвтрүүлсэн гэмт үйлдлийн тоо. Тэдний 86.6 хувь нь 13-35 насныхан. Хэрэглэсэн зөрчлөөр торгуулсан иргэдийн тоог албаныхан ил болгодоггүй ч НҮБ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх алба 2023 оны тайландаа Монгол Улсын 15-64 насны иргэдийн 0.3 хувийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байсан гэдэг тоо зарлажээ. Үндэсний статистикийн хорооноос зарласан хүн амын насжилтын бүтцээр тооцоход хар тамхи хэрэглэж үзсэн хүний тоо 70 мянга гэсэн үг болж таарна. Яг манай албаныхны далд ярьдаг тоо бол 30 мянга. Нэг донтогч, эсвэл хар тамхины диллер 10 хүнийг хөлдөө чирдэг гэдэг тооцооллоор бүр их тоо гарна. Хар тамхины хэрэг, зөрчлийн тоон статистик нэмэгдэж байна гэдэг бол нэг талдаа энэхүү хууль бус бизнесийн сүүдэр нэмэгдэж байгааг, нөгөө талдаа илрүүлж бүртгэж байгааг илтгэнэ.
Манай улс 2014 оноос “Хар тамхины хэрэглэгч орон” статустай болсноор 10 жил хэдийнэ өнгөрчээ. Энэ хугацаанд АНУ болон цагаач ихтэй Европын орнууд, хамгийн сүүлд Герман хар тамхины хэрэглээгээ барьж дийлэхээ болиод каннабисын хэрэглээг зөвшөөрдөг болж байна. 2040 он гэхэд буурай хөгжилтэй орнуудад хар тамхи хэрэглэгчдийн тоо 38 хувиар өснө гэдэг судалгааг НҮБ саяхан танилцуулсан. Хар тамхины үйлдвэрлэлийн цөм Алтан гурвалжин, Улаан хавирган сар, Хар гурвалжингийн орнуудад шинэ төрлийн синтетик бодис үйлдвэрлэл өсч, хар тамхины картелиуд нийлүүлэлтээ нэмж байгаа нь газар зүйн хувьд БНХАУ, Оросын дунд оршдог 3.5-хан сая хүн амтай залуу үндэстэн монголчуудад эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа. ЦЕГ-т Хар тамхитай тэмцэх газар, ГЕГ-т Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтэс шинээр байгуулж, Эрүүгийн хууль дахь ялын бодлогыг чангалж, 2017 онд Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр баталсан нь анхаарахгүй байхын аргагүйд хүрсний илрэл юм. Гадаад орчны эрсдэлийг эс тооцоход хар тамхины эсрэг Монгол Улс өөрсдөө анхаараад хийх ёстой хэдэн зүйл байгаа талаар бид сурвалжилсан юм.
Каннабисын устгалд 25 тэрбум төгрөг л хэрэгтэй
Цагдаад бүртгэгдсэн нийт хэргийн 70 хувь нь Монгол дахь каннабисын хэрэглээ, наймаатай холбоотой.
Тэгэхээр хар тамхины хэргийн 70 хувьтай тэмцэе гэвэл Монголд тархсан олсны ургамлыг бүрэн устгахад хөрөнгө мөнгө, бодлого явах ёстой.
Каннабис буюу таримал олс одоогоор манай орны 11 аймагт 15 мянган га талбайг хамран ургадаг. Устгалд жил бүр таван тэрбум төгрөг зарцуулж таван жил устгахад каннабисаас салж чадна гэж албаны хүмүүс бидэнд ярьсан. Өөрөөр хэлбэл, 25 тэрбум төгрөг устгалд зарцуулах хэрэгтэй байна. Таван их наяд төгрөг Малжуулах хөтөлбөр гээчид зарцуулах гэж байгаагийн хажууд 25 тэрбум төгрөг бол шүлс шиг мөнгө. Аймгуудын ИТХ хар тамхины өвс устгалыг аймгийнхаа төсөвт тусгалгүй өдийг хүрсэн тул ирээдүй хойчийнхоо төлөө улсын төсөвт нэгмөр тусгаж, устгалыг чанартай явуулах шаардлагатай юм билээ.
2014 оны тархацын судалгаараар Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Булган, Архангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгийн зарим сумдын нутагт тархац нь тогтоогдсон. Хүүхэд залуучууд түүж хатааж татдаг, нэгнээ уруу татдаг, нэгэндээ зардаг, донтохоороо бусад синтетик төрлийн хар тамхины бодисын хэрэглээ рүү шилжин улмаар хууль бус бизнес рүү орон гэмт хэрэгтнүүд болцгоодог. Ингээд баригдахаараа 1-25 жил хүртэлх ял шийтгүүлж, нэг насны амь нас, эрүүл мэнд, нэр төрөөрөө хохирч, бусдыг хохироож байна. 2019 онд дөрвөн аймагт каннабисын гол нөөц байгааг тогтоосон. Эдгээр аймгийн үе үеийн Засаг дарга, ИТХ хар тамхины ургамлаа устгахад мэдсээр байж төсөв тавьж байгаагүй нь эс үйлдэл мөн. Мөнгөгүйдээ биш сэтгэлгүйдээ гэдэг нь саяхан Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийнхаа Цагдаагийн дарга Ж.Энх-Одод Ланд-300 гардуулснаас л харагддаг. Гэвч тэр нь сая халагдчихлаа.
Сохор рентген, үнэрлэдэггүй нохой
Бид кинонд харснаараа хар тамхийг нунтаг цагаан бодис, өвс, тариагаар төсөөлдөг. Гэтэл хар тамхи илүү олон янз, хэлбэртэй болон хөгжиж, танихад амаргүй болсон. Тунг нь хэтрүүлбэл шууд үхэлд хүргэдэг, нэг хэрэглээд л донтуулдаг синтетик төрлийн бодисууд Монголд хилээр л орж ирж байгаа. Илрүүлж, таслан зогсоож чадвал Монголд зарагдахгүй. Гаа шиг харагддаг экстраси, марк шиг харагддаг LSD, талст нунтаг метамфитамин буюу “мөс”, бүр электрон тамхины запас болгон савласан хэлбэрээр орж ирж байна. Ирээд зарж, худалдаалж байна гэдэг бол хил дээр синтетик төрлийн бодисоо бүрэн дүүрэн илрүүлж чадахгүй байна гэсэн үг.
Хар тамхичид, наймаачид гадаад руу хууль бус худалдааны сайт, чат зэргээр бараагаа захиад Монгол шуудан, DHL-ээр гэртээ хүргүүлээд аваад байна. Шуудангийн захиа илгээмж, карго барааг ГЕГ-ын харьяа Улс хоорондын шуудан илгээмжийн газар 100 хувь рентгенддэг гэх боловч биднийг очиж үзэхэд бараа шалгах рентген нь 2017 онд актлах хугацаа нь болчихсон, ашиглалтаас гаргахаас аргагүй хоцрогдсон төхөөрөмж байв. Захиа дугтуй рентгэнддэг төхөөрөмж нь 2023 онд Гэмт хэргээс сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс шилжин ирсэн гэх боловч хоцрогдсон технологи байлаа. Манай улсын хувьд шуудан болон Нисэхийн гааль хар тамхи орж ирэх хамгийн эрсдэлтэй бүс. Гэтэл эрсдэл өндөр байгаа газартаа хамгийн сүүлийн үеийн төхөөрөмж аваад өгчихдөггүй явдал нь өөрөө эс үйлдэл. Монголчууд ихээр аялж зугаалах болсон Туркээс “мөс”, Вьетнамаас “тос” гэж нэрлэдэг шинэ төрлийн хар тамхи зөөх хандлагатай байгаа. Арилжаа наймаа, ажлаар явдаг АНУ, Хятад, Оросоос ч тэр. Тэгэхээр гол эрсдэлтэй Нисэх, шуудан, ЗамынҮүдийн боомт дээр хар тамхи илрүүлэх чадавхыг сайжруулах ёстой ч рентген нь сохроос гадна рентген дээр суудаг гаалийн байцаагч нар дутагдалтай байгаа юм байна.
Хүнээс 4500 дахин үнэр мэдэрдэг гэх эрэлч нохой гэхэд гаалийн системийн хэмжээнд 40 байдаг. Учир мэдэх нэгний хэлснээр хар тамхи илрүүлдэг эрэлч нохой хоёр жил наслаад бие нь дийлэхгүй үхэх ёстой. Хар тамхи илрүүлэхийн тулд тухайн нохойг хар тамхинд донтуулдаг учраас хоёроос илүү жил насалдаггүй гэх. Гэтэл манай эрэлч ноход хөгширч үхэж байгаа нь тэдэнд хар тамхи өгөхгүй буюу донтуулахгүй байна гэсэн үг. Донтуулах хэмжээний хар тамхиар эрэлч нохдын бэлтгэл сургуулилтыг хангахгүй байгаагаас гадна эрэлч нохой үхэхэд нөхөж дараагийн нохойг авах төсөв улсад байна уу гэдэг асуудал яригдана. Гэхдээ хар тамхийг илрүүлэхэд рентген төхөөрөмж, эрэлч нохойноос илүү мэдээлэл голлох ач холбогдолтой. Хар тамхи авч яваа тухай мэдээллийг олно, тухайн иргэн, түүний ачаа барааны эрсдэлийг тооцно гэдэг бол цөм нь. Энэ мэдээллийг олж, мэдээлэгчийг элсүүлж чадахгүйгээр хар тамхитай тэмцэх хэцүү.
Эмийн санг хариуцлагажуулж, эмийн жорыг цахимжуулъя
Хүүхэд, залуучууд сэтгэцэд нөлөөлөх, тайвшруулах, өвчин намдаах төрлийн эм, бэлдмэл, тариаг эмийн сангаас авч хэрэглэн мансуураад байна. Тэгж хэрэглээд донтохоос гадна хордож байна, үхэж байна, судас нь бөглөрөөд гар, хөлөө тайруулж байгаа тул эмийн сан, ээж аавууд анхаарах хэрэгтэй байна. Эмийн нэрийг дурдаж болохгүй, сэдэл төрүүлнэ. Товчхон хэлэхэд, мансуурах зорилгоор хэрэглэдэг эмүүд нь хяналтгүй байна. Тэгэхээр шийдэл бол бүх төрлийн эмийн жорыг цахимжуулах, жоргүй авч болдог эмийг насанд хүрээгүй хүүхдэд зарахгүй байх арга юм.
Одоогоор ЭМДС-аас хөнгөлөлттэй үнээр авч болдог эмийн жорыг цахимжуулсан байсныг Цахим хөгжил харилцаа холбооны яам И-Монгол платформтой холбох ажлыг хийж байна.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм тарианы улаан шугамтай эмийн жорыг цахимжуулж, өвчтөн нь бүтээгдэхүүнээ эмийн сангаас авахад дараагийн хэн нэгэн ашиглах боломжгүй байдаг нэг удаагийнх болгомоор байна.
Тэгэхгүй бол тэдгээр эмийн жорыг хүүхэд, залуучууд өнгөтөөр хэвлэж, хувилаад “Эмээ явуулсан юм” гэж хэлээд л эмийн сангаас авч байна. Энгийн жороор олгодог эмээр ч мансуурч байгаа өнөөгийн нөхцөлд энгийн жорыг мөн цахимжуулж, хяналт бүртгэлтэй болгох ажил чухал байна. Шуурхайлах л хэрэгтэй, олон жил ярьсан учраас.
Монголд эм импортлогчид эмийн сангийн бизнес эрхэлдэг. Орц, шат болгоны дэргэд эмийн сан байх нь буруу. Эмийн сангийн стандартыг жинхэнэ утгаар нь мөрдүүлж, тоог нь цөөлөх хэрэгтэй. Эмийн сангууд хяналт тааруу учраас мансууръя гэсэн хүн бол тэднийг яаж ч молигодоод эм, тариаг авч дөнгөж байна. Эмийн сан, хүн болон мал эмнэлгийн нөхөд ч мансуурагч нарт эм, тариагаа хууль бусаар дамлан зарж байгаа гажуудал байна.
Бүртгэл, хяналт, шалгалт, мөрдөн мөшгөх ажлыг эмийн салбар руу чиглүүлэхгүйгээр эм, тариагаар мансуурдаг явдал зогсохгүй.
Донтолтоос нь гаргадаг төв Монголд байхгүй
“Хэрэглэгч орон”-ы статустай 10 жил болсон хэрнээ донтсон иргэдээ донтолтоос нь холдуулах тогтолцоогүй улс бараг манайх л үлдэж. Дурандаа хар тамхи хэрэглээд тэрэндээ донтчихсон хүмүүсийн толгойг илэх гээд байгаа юм биш. Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар хараад үзэхэд эрэлт буюу хэрэглэгч, донтогчдыг бодисын хамаарлаас нь салгахгүйгээр хар тамхины бизнесийн нийлүүлэлт буурахгүй.
Хар тамхи, хэрэглэх эмгэгтэй хүмүүс рүү чиглэсэн эмчилгээ, тусламж бол нэг талаар тэдэнд үйлчлээд байгаа боловч үнэн хэрэгтээ тэдний гэр бүл, хамт олон, улс орны аюулгүй байдлын төлөө чиглэсэн хөрөнгө оруулалт байдаг. Донтсон хүн гарахад амаргүй. Улам л донтож, энэ бодисоо олж авахын тулд бусад гэмт хэргийг хийдгээрээ нийгмийн хор аюул ихтэй. Гэтэл манайд хар тамхинд донтсон иргэнийг албадан эмчлэх тогтолцоо байхгүй. Албадан байтугай сайн дурынх нь ч байхгүй. СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникт хар тамхины шарталт, хордлоготой иргэдэд 7-10 хоног дуслын шингэн хийгээд л гаргадгаас өөр үйлчилгээ байхгүй. Өөрөөр хэлбэл, архины хордлогод орсон хүнд хийдэг эмчилгээг хийгээд шинж тэмдгийг нь арилгахаас цааш алхам байхгүй.
Уг нь ЭМЯ Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн тайланд Хар тамхинд донтогсдыг тусгаарлан эмчлэх “Цагаан өргөө” нэртэй төв байгуулсан хэмээн тайлагнасан боловч тухайн төв нь ахмадын сувилалын үйл ажиллагаа явуулдаг хувийн аж ахуйн нэгж байх жишээтэй.
Гэтэл хар тамхичны гэмтэл нь тархиндаа байдаг. Тухайн бодисынхоо хамааралд бие эрхтэн нь орохоос гадна сэтгэл зүйн хамааралд орсон байдаг. Донтогчдын тархитай ажиллаж сэтгэл зүйн хувьд тухайн бодисыг хэрэглэхгүй болж эдгэрэх, дахин буруу зам руу орохгүй болж хүмүүжих бололцоог бүрдүүлэхийн тулд тусгай төв байгуулах шаардлагатай Монгол Улс тулж байна. Төлбөрийг нь хувиас нь төлүүлнэ биз, төлөх чадалгүйг нь хөдөлмөрлүүлнэ биз.
Ер нь хар тамхины аюулаас сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд мэдлэгтэй байж хүүхдүүддээ анхаарал халамж тавьж, ярилцаж, ойлголцож байх л хамгийн чухал. Сонирхож шохоорхож, бусдын ятгалгад автаж мансууруулах бодис хэрэглэж байна гэдэг бол хүүхэд “үгүй” гэж хэлэх чадваргүй байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр хүүхдээ хараа хяналтгүй орхидог, хайхардаггүй, хайр халамж мэдрүүлдэггүйн хар гай хар тамхины эрэлтийг нэмэгдүүлж байгааг мэргэжлийн сэтгэл зүйч, эмч нар хэлж байгаа юм.