Монголчууд Говь-Алтай аймгийн Тайшир суманд Гэгээн нуурыг байгуулан хүний гараар бүтсэн хамгийн залуу, том нуурыг бий болгож чадсан. Улаан Боомын хавцалд усан цахилгаан станц барихын тулд 50 метр өндөр, 190 метр урт далан байгуулан Завхан голын усыг хуралдуулсан нь 17.2 километр урт, 3.7 километр өргөнтэй нуур болж дэлхийн газрын зурагт болон Google хайлтын системд албан ёсоор тэмдэглэгдээд байна. Үүний араас Байдрагийн голыг түшиглэн Баянхонгор аймагт 400 сая м.куб устай Луут нуурыг байгуулах бүрэн боломж нээгдэж байгаа таатай мэдээ ч дуулдаж эхлэв.

Байдраг гол дээр усан цахилгаан станц барина. Энэ бол усны эх үүсвэрийг эрчим хүчинд ашиглах, экологийн тэнцвэрийг хадгалахын төлөөх монголчуудын олон мөрөөдлийн нэг. Байдрагийн гол Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч говийн Бөөнцагаан нуурт усаа нийлүүлдэг. Нийт урт нь Бөөнцагаан нуур хүртэл 295 км урсдаг. Байдраг голын эхэнд баруун гар талаас Загийн гол, зүүн гар талаас Өлзийтийн гол зэрэг 99 гол горхи цутгадаг. Хангайн өмнөд уулсын нарийхан хавцал дундуур урсахдаа говийн тачир ургамалтай ангамал хөрсийг чийглэх их үүргийг тээж урсдаг. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд гол дагасан уул уурхай ч нэмэгдэж, байгалийн болон хүний нөлөөгөөр Бөөн цагаан нуурын хувь заяа сэтгэл зовниулахад хүрчээ. Ус ашиглах зуун боломжийн нэг гэгдэх Усан цахилгаан станц барьж, урсцыг тохируулан зохицуулах судалгаа шинжилгээ олон жил үргэлжилж, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусаад байна. Харин гүйцэтгэх ажлыг санхүүжүүлэхэд Байдрагийн усан цахилгаан станцын төсөлд Унгар улс хамтран ажиллах болсон тухай таатай мэдээ дуулдаж эхэллээ.

Хямралаас гарах тэмцэл

Монгол Улс өнгөрсөн хоёр өвлийг эрчим хүчний хүндрэлтэй нөхцөлд давлаа. Нөөц тоноглолгүйгээр бүх хүчин чадлаа ажиллуулж, шаардлагатай үед цахилгааны хязгаарлалт хийсээр байна. Энэ маягаар ирэх өвлүүдийг давах, шинэ бүтээн байгуулалтуудыг эрчим хүчээр хангах аргагүйг салбарын мэргэжилтнүүд хэлэх болсон. Тиймээс эрчим хүчний сэргэлтийн төслүүд дээрээ гол анхаарлаа хандуулж байна. Үүнд усан цахилгаан станцын төслүүд ч багтаж байгаа юм. Эрчим хүчний том төслүүдийн тухайд гэвэл, саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэсэн 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлын явцын мэдээллийг сонссон. Одоогоор бүтээн байгуулалтын ажил 50 хувьтай байна. Төслийн эхний үе шатны 150 МВт-ын блокийг ирэх аравдугаар сард, хоёр дахь шатны 150 МВт-ын блокийг 2025 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Амгалангийн дулааны станц, зүүн бүсэд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын өргөтгөлүүд 2024 оны нэгдүгээр улиралд багтан ашиглалтад орно. Өмнөговь аймагт 300МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тавантолгойн дулааны цахилгаан станцын гүйцэтгэгчийг шалгаруулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Сэргээгдэх эрчим хүчний санаачилгууд ч сэргэж эхэллээ. Орон нутагт 2022-2023 онд сэргээгдэх эрчим хүчний 5 төсөл хэрэгжиж, нийт 41МВт-ын эх үүсвэр ашиглалтад оруулсан бол 2024 онд сэргээгдэх эрчим хүчний төслийн хүрээнд 3 төсөл хэрэгжиж, 27МВт-ын эх үүсвэрийг ашиглалтад оруулахаар төлөвлөгөөний дагуу ажиллаж байна.

Эг

Эрчим хүчний хямрал, хараат байдлаас гарахын төлөөх “тэмцэл”, ажил санаачилгууд ид өрнөж байна. Дээр дурдсан том төслүүдийн зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний ажлууд амжилттай урагшлах боломжууд ч нээгдэж байна. Харин удаан жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл Орос-Монголын хилийн усны хэлэлцээрт яригдаж байгаа. Энэ төсөл дээр НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад айлчлах үеэр энэ асуудал яригдаж байсан юм. ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргаснаар ажил саатсан гэх ч өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ. Энэ чиглэлд НҮБ дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байсан юм. Өнөөг хүртэл хоёр улсын хилийн усны хэлэлцээрийн шийд хүлээгдэж байгаа ч нааштайгаар шийдэгдэхээр байгаа юм байна. Учир нь Эгийн голын усан цахилгаан станц байгуулагдаж томоохон усан сан үүсгэх нь Байгаль нуурт нөлөөгүй, харин ч голын адагт байгаа айл өрх, тосгонуудыг зуд болон үерээс хамгаалах ач холбогдолтой нь батлагдаж байгаа гэж Усны газраас мэдээлсэн.

Эрдэнэбүрэн

Бусад томоохон төслийн хувьд 90МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нааштай урагшилж байна. Баруун гурван аймаг эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг импортоор авдаг байдлыг зогсоохын тулд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах нь чухал. Баруун бүсэд эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглалтад орсноор тухайн бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Эрдэнэбүрэн усан цахилгаан станцын ач холбогдлын хувьд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломжийг гаргаж ирнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц жил бүр 50-60 тэрбум төгрөгийн баялаг бүтээнэ гээд харвал үнэхээр том төсөл. Эдийн засгийн хүлээлтээс гадна нийгэм, бизнес, экологийн сэргэлтийн боломжууд нээгдэнэ гэж мэргэжилтнүүд ярьж байгаа. Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдсанаар орон нутагт иргэдийн орлого нэмэгдэнэ. Загасны аж ахуй болон усалгаатай хүнсний ногоо тариалах талбай олширч, хүлэмжийн аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ. Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ гээд олон талын ач холбогдолтой юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр уг төслийн санхүүжилт шийдэгдэж байсан ч олон саадтай учирч байлаа. Нэгэн багийн дарга эсэргүүцэл бичин Хятадын талд илгээснээс эхлээд гэнэтхэн олон малчин гарч ирж талбай дээр хүртэл жагсаж байв. 271 өрийн 1251 иргэнийг нүүлгэхээс эхлээд их л ээдрээтэй замыг туулсан энэ төсөл амжилттай урагшилж байгаа нь сайн хэрэг. Төслийг 61 сарын хугацаанд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй юм. Өмнө нь Хятадын 26.5 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Дөргөн сумын нутагт орших Чоно хайрахын гол дээр 12 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг байгуулж байсан юм.

Байдраг

УИХ-ын дарга Г.Занданшатарын хийсэн айлчлалын үеэр Унгар улстай Байдрагийн УЦС-ын төслийн санхүүжилтийн асуудал яригдсан. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Унгар улсын Гадаад харилцаа, худалдааны сайд Петер Сияяартотай хийсэн уулзалтын дараа Байдрагийн гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэхээр болсон тухай мэдээлсэн байна. Ингэхдээ хүүгүй зээл олгон хэрэгжүүлэх боломжтой гэжээ. Ийнхүү усан цахилгаан станцын дараагийн том төсөл урагшлах шатандаа орлоо. Байдраг усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлснээр Байдраг голын урсцад олон жилийн тохируулга хийж 30 МВт хүртэлх хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Ингэснээр төвийн бүсийг цахилгаан эрчим хүчний найдвартай хэрэглээг хангахаар төлөвлөж байна. Мөн Байдрагийн усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, цахилгааны эрчим хүчний оргил ачаалал болон ослын үед тохируулгын горимоор ажиллах бөгөөд импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах давуу талтай гэж үзжээ. Байдраг гол дээр усан цахилгаан станц барьснаар цэнгэг устай, гүн цэнхэр, үзэсгэлэнт нуур үүснэ. Тэр нуураар Бөөнцагаан нуур, Байдраг гол хоёр сэлбэгдэж ширгэхээс аврагдах экологийн үлэмж ач холбогдолтой. Тийм ч учраас энэ ажилд орон нутгийн иргэдийн дэмжлэг өндөр байгаа юм. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн улс орнууд усаа нөөцөлж, усан сангууд бий болгон эрчим хүч үйлдвэрлэж байна. Монгол Улс ч усан цахилгаан станц, усан сан, усан цогцолборын төслүүдээ яаравчлах шаардлагатай. Томоохон төслүүд яригдаж эхнээсээ нааштайгаар шийдэгдэж байна. Судалгааны хүрээнд “Хөх морь” төслийн дотор Монгол орны томоохон голууд дээр усан цахилгаан станц барих боломжтой 33 байршилд судалгаа хийсэн байдаг. Томоохон есөн гол дээр байрлах 31 хөндлүүрийн усан сангаас нийтдээ 1714 МВт хүчин чадалтай усан цахилгаан станц байгуулах боломжтой гэсэн тооцоо бий.

Экологийн хувьд Байдраг гол дээр гэхэд Бөөнцагаан нуурын талбай 22 жилийн хугацаанд 13 хувиар багассан буюу аврал эрж буй голуудын нэг болжээ. Тэнд лууны дүрстэй нуур үүсэх төлөвтэй тул Луут хэмээн нэрийдээд байгаа юм. Энэ нуурт 400 сая м.куб цэвэр ус хураах ба энэ нь л Монгол Улсын нэг жилийн цэвэр усны хэрэгцээтэй тэнцэх хэмжээ ажээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг 2030 он гэхэд 30 хувьд хургэх, гадагш урсгалтай гол, мөрний урсцын 10 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл болон бусад хэрэгцээнд ашиглах зорилт тавигдаад байгаа юм.