Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун өчигдөр болсон нэгжлэг болон баривчлах ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хоёр хэрэг дээр ажиллагаа явуулсан. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх хэрэг дээр мөрдөх ажиллагаа явууллаа.
Мөн нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгө алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий "Алтайн хүдэр", "Бүрдэд Майнинг" компани болон Тээвэр Хөгжлийн Банк болон иргэдийн орон байр зэрэг 10 объектод нэгжлэг хийж, 100 гаруй боть санхүүгийн баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан.
Бусдын захиалгаар нэр бүхий этгээдүүд нь "Алдсан мөнгөө олж өг" гэх шалтгаанаар бусдыг хорьж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж өөрт нь болон түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэхээр заналхийлж, зорчих эрхийг хууль бусаар хязгаарласан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна. Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий дөрвөн иргэнийг өчигдөр баривчилж, хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр 48 цаг цагдан хорихоор 461 дүгээр хорих ангид хүргэсэн. Өнөөдөр эрүүгийн хуулийн дагуу хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн" гэсэн юм.