Сүүлийн жил салхин цэцэг өвчний өвчлөлийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Амьсгалын замаар тархан халдварладаг, бага насны хүүхдэд ихэвчлэн тохиолддог эл цочмог халдварт өвчөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвчилдөг. Салхин цэцэг өвчний эмчилгээ, сувилгаа болон урьдчилан сэргийлэлтийн талаар ХӨСҮТ, Насанд хүрэгчдийн цочмог гифатитийн тасгийн эмч Л. Хуягбаатартай ярилцлаа.
-Өрх, дүүргийн эмнэлгүүдэд салхин цэцгээр өвчилсөн хүүхэд цөөнгүй хандаж байна. Улирал солигдож байгаатай холбоотойгоор эл халдварт өвчний тохиолдол нэмэгдэж байна уу?
-Ер нь жилийн дөрвөн улиралд, тогтмол бүртгэгддэг. Сургууль, цэцэрлэг амрах үеэр үл ялиг багасах хандлага ажиглагддаг. Сургууль, цэцэрлэг хичээллэж байх үеэр болон баяраар салхин цэцэг халдварт өвчний тохиолдол нэмэгддэг. Гэхдээ сүүлийн жил гаруй хугацаанд салхин цэцгийн тохиолдол өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн.
-Сүүлийн нэг жилд тохиолдол нэмэгдсэн гэлээ. Үүний шалтгаан юу байна?
-Салхин цэцэг агаар туслын заваар халддаг халдварт өвчин. Тиймээс тохиолдол багасахгүй байна. Цар тахлын жилүүдэд хүмүүс хөл хориотой байсан төдийгүй амны хаалт хэрэглэж, ариун цэвэр сайн сахисан. Тиймээс тухайн жилүүдэд халдварын тархалт өмнөхөөсөө багассан. Харин одоо буцаад хуучин амьдралын хэв маягтаа орсон учир тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.
-Гочлон хэдээс хэдэн насныхан өвчилж байгаа вэ?
-Салхин цэцгээр нэг өвдсөн хүнд насан туршийн дархлаа тогтдог. Тиймээс одоо өвчилж байгаа хүмүүс ихэвчлэн 20-иос доош насныхан байна. Багадаа өвдөөгүй хүмүүс насанд хүрсэн хойноо өвдөх тохиолдол бий. Дархлааны онцлог, вирусийг эсэргүүцэх чадвараас хамаардаг. Мөн бага насандаа хүн ам багатай, хөдөө амьдарч байсан хүмүүс тухайн үедээ өвдөөгүй байх тохиолдол бий.
-Насанд хүрсэн хүнд шинж тэмдэг илүү хүчтэй илэрдэг гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Тийм тохиолдол байж болно. Учир нь насанд хүрсэн хүний хөлс, тосны булчирхай хүүхдийнхээ илүү байдаг. Тиймээс гэмтсэн арьс, салстаа бохирдуулах эрсдэлтэй. Улмаар арьсны идээт үрэвсэл бий болж болзошгүй. Мөн шинж тэмдэг насанд хүрсэн хүмүүст илүү шинж тэмдэг илэрдэг. Хүчтэй халуурна, булчин, үе мөч, толгой өвдөнө.
-Зарим хүн салхин цэцэг туссан хүүхдийг салхинд гаргаж, усанд оруулж болохгүй гэдэг бол зарим нь усанд тогтмол оруулж, агаарт гаргаж байсан нь гэж зөвлөдөг. Аль нь үндэслэлтэй вэ?
-Салхинд гарч гарч болно. Гэхдээ халдварт өвчин учир халдвар хамгааллын дэглэм барих нь чухал. Түүнчлэн маш цэвэрхэн байж, тууралтыг савандаж угаах нь хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга. Тууралт хүүхдийн бие дээр гарахаас гадна амны хөндий, бэлгэ эрхтэн дээр ч гардаг. Тиймээс тухайн хэсгийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Амны хөндий бактери ихтэй байдаг учир салст нь идээлж, үрэвсэх эрсдэлтэй. Үрэвссэн тохиолдолд хүүхдэд их зовиуртай байдаг. Тиймээс амны хөндийг нь сайн арчлах нь зүй. Шүдийг нь ойр ойрхон угааж, хэлний өнгөрийг нь маш сайн цэвэрлэж, уусмалаар зайлуулах хэрэгтэй. Мөн тууралт бэлгэ эрхтэн дээр их гардаг. Мэдээж түрхлэг түрхэж болохгүй. Харин бие зассаных нь дараа тогтмол угаах ёстой. Мөн бага насны хүүхдэд живх зүүлгэхгүй байх нь чухал.
-Салхин цэцэг хүндэрсэн тохиолдолд ямар эрсдэлтэй вэ?
-Салхин цэцгийн хамгийн түгээмэл хүндрэл арьсны идээт үрэвсэл. Мөн толгойн орчимд гарсан тууралт дээр идээт буглаа үүсвэл менингит зэргээр хүндрэх эрсдэлтэй. Вирус амьд биет учир хүний биеийн аль ч хэсэгт хүрэх боломжтой. Тиймээс шүүдэст менингит ч үүсэж болзошгүй. Тиймээс эрүүл мэндийн байгууллагад хандаад, биеийн байдлаа үнэлүүлээд эмчилгээ хийлгэх нь зүй.
-Бага насандаа салхин цэцэг тусаагүй эрэгтэй хүн нас биед хүрсэн хойноо өвчилбөл үргүйдэлд хүрэх эрсдэлтэйг зарим эмч, судлаач хэлсэн байдаг. Ийм тохиолдол тэр бүр элбэг биш байх?
-Олон улсын судалгаа дээр үргүйдэл үүсэж болзошгүй гэж үздэг. Гэхдээ манайд энэ талаар хийгдсэн албан ёсны судалгаа одоогоор байхгүй.
-Вирусийн шинж тэмдэг илрэхээс өмнө халдвар тархах эрсдэлтэй юу?
-Вирусийг өөртөө авснаас хойшхи 14-21 хоног нууц үе. Тэгэхээр 10 гаруй хоног тухайн хүн вирус тээж байгаагаа ч мэдэхгүй халдвар тараадаг. Шинж тэмдэг илэрснээс хойш ч халдвар тараана. Хамгийн сүүлийн цэврүүт тууралт гарснаас хойш 5-7 хоног халдвар тараах эрсдэлтэй. Тууралт 5 хоног үргэлжилнэ.
-Эмчилгээг хэд хоног хийх нь зүй вэ. Эцэг, эхчүүд дур мэдэн эмчлэх тохиолдол цөөнгүй. Үүнээс болж хүндрэх тохиолдол бий юу?
-Стандарт нь, 5-7 хоногийн эмчилгээ. Эмчилгээгээ курсээр нь хийлгэхгүй, дутуу байхад нь орхисон тохиолдолд сэдрэх эрсдэлтэй. Дур мэдэн эмчилгээ эхлүүлээд тэр нь хүндрэх тохиолдол элбэг. Хамгийн сайн ойлгох ёстой зүйл бол хүн бүрийн биеийн онцлог өөр. Нэг хүүхдийг эдгээсэн эмчилгээ нөгөө хүүхдийг эдгээхгүй, хүндүүлэх эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн хүнд хандах зайлшгүй шаардлагатай.