…Бодлын цагдааг хуульчлуулахгүйн тулд болгоомжтой байхад илүүдэхгүй….
Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хуульчлах нь хууль зүйн нарийн маргаантай сэдвүүдийн нэг. Хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгэмд, бусдад хортой мэдээлэл цацаж байгаа асуудлыг хүний үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхтэй хэрхэн тэнцвэржүүлэх вэ?
Саяхан
Саяхан нэг хүн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар өөрийн үзэл бодлоо цахим хуудсандаа нийтэлжээ. Гэтэл цагийн дотор цагдаагийн байгууллага уг иргэний бичвэрт “Худал мэдээлэл” гэсэн тамга дарсан зурагтай залруулга гаргав. Үүний дараа үндсэн эрхийг цагдаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсэн бичвэр бүхэнд залруулга гаргах бодлын цагдаатай болсныг олон нийт эсэргүүцлээ. Үнэндээ хүний бодлыг хянаад, залруулга хийгээд, үг үсгийг залуурдаад сууж байх төрийн цензурийг иргэд хүсэхгүй байна. Энэ бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний мэдрэмж монголчуудад гүн сууж байгааг харуулсан дохио. Харин үүний нөгөө талд үзэл бодлыг хянаад, хазаарлаад байх хүсэл сонирхол төрд байгааг олноороо харлаа.
1984
Саяхан болсон дээрх үйл явдал монголчуудын эрх чөлөөний мэдрэмжийг шалгалаа. Өөрийн гэсэн үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх, үзэл бодлоо хамгаалахдаа бусдын нэр төр алдар хүндийг гутаахгүй, мэдлэгийн түвшинд мэтгэлцэх үндсэн зарчимтай суурь нийгэмд сууж байгаа нь сайн. Харин ч бүр үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ хамгаалж байгааг харж болно. Тухайлбал, цагдаагийн гаргасан залруулгын доор иргэд саналаа бичихдээ “Цагдаа нар сошиал манаад, ганц үг ган хийлгэхээ байжээ. Хойд Солонгос уу, юу вэ”, “Одоо бүр бодох ч эрхгүй болж байгаа юм байна даа, бодож ч болохгүй нийгэм үү”, “Өнөөдөр бодлоо бичиж болохгүй, маргааш бодож болохгүй, нөгөөдөр зүүдэлж болохгүй гэх юм байна л даа”, “Хууль хэрэгжүүлдэг газар нь хувь хүний бодлыг Эрүүгийн хуулийн 13.14 буюу нэр төр алдар хүндэд халдсан гэж үзэж байгаа нь өөрөө эмгэнэл юм аа. Дахиад хэлье хувь хүний бодлыг шүүх эрх хэнд ч байхгүй” гэхчлэн иргэний үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хамгаалцгаажээ. Цаг хугацааны давхцал гэлтэй диктатурт нийгмийн орчинд хүний эрхийг хэрхэн боомилж, вакумжуулдаг тухай “1984” нэртэй жүжиг тавигдаж, монголчуудын эрх чөлөөний мэдрэмж, сэрэхүйг өрдлөө. Товчхондоо тэр нийгэмд, “Сэтгэхүйн цагдаа” буюу чамайг буруу бодол тээсэн гэж хэн нэгэн үзвэл шүүдэг цагдаа нар бий. Тэр нийгэмд ямар ч худал, хуурмаг мэдээг нийт ард иргэддээ “үнэн” болгож итгүүлдэг, тэр үнэнийг л бодож амьдрах эрх чөлөөний хязгаар бий. Энэ хязгаарыг давж чөлөөтэй сэтгэвэл түүнийг нийтээр нь жигшүүлж, үзэл санааны хоригдол болгодгийг харуулжээ.

Жилийн өмнө
Жилийн өмнө эрх баригчид намын бодлогоор далайлган гуравхан хоногт хууль баталж үзүүлсэн. Энэ хуулиар төрийн болон албаны нууцаар шүгэл үлээх боломжийг хаасан, шаардлагатай үед олон нийтийн сүлжээг хаах заалттай, хамгийн гол нь төр бие даасан байгууллага байгуулж олон нийтийн үг хэлэх, хэвлэн нийтлэхийг хянах гэж байв. Олон нийтийн асар их шүүмжлэлийн мөрөөр Ерөнхийлөгч энэ хуулийг баталсан процесст нь хориг тавьж, УИХ хоригийг хүлээж авсан. Ерөнхийлөгчийн хориг энэ цаг үед үнэ цэнтэй байлаа. Гэхдээ Ерөнхийлөгч хоригоо хүний эрхийг зөрчсөн зүйл заалтуудад гэхээс илүү хууль баталсан процесст нь тавьсан. Тэгсэн ч гэсэн ахиад Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчөөд олон нийтээр хэлэлцүүлэлгүй, дээр нь Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү халдсан хууль баталвал хориг тавина гэдгээ үүгээр мэдэгдлээ. Харин нөгөө талд нь нэг нам дангаар засаглах нь төлөөллийн ардчиллын суурин дээр бий болсон хууль тогтоох зарчим цаашлаад хуулийн засаглалд хортойг харуулсан явдал болсон юм.
Одоо
Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийг УИХ-ын хэлэлцэх асуудлын товд оруулжээ. УИХ хаврын чуулганаараа хүний эрхийг хамгаалах чиглэлийн гурван хуулийг хэлэлцэнэ. Монгол Улс Үндсэн хуулиараа иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тунхагласан. Одоо иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тусгай хуультай болохоор яригдаж байна. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх жил ирэх бүр хумигдаж байгаа учраас тусгайлан хуульчлах ёстой гэж зарим хуульч үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүний бодлыг хуульчлах гэж байна хэмээн шүүмжилж эхэллээ. Хүний эрхийн үндэсний комиссоос Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн батлахыг дэмждэг. Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хууль энэ хавар хэлэлцэгдэх бол Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль орж ирээгүй ч ХЭҮК загвар хуулийн төсөл боловсруулсан байдаг юм. Дээр нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ баталсан ч Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийг батлахгүй хойш тавьсаар байна. Ингэж шаардлагатай хүний эрхийн хуулиудаа өөрчлөхгүй мөртлөө Хүний эрхийн багц хууль, Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хууль зэрэг олон хууль ярих болсны цаана хязгаарлалтын заалтууд олноороо ороод ирэх вий гэх айдас байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, цахим орчны зохицуулалт гээд хүний эрхийн эрх зүй бол тэнцвэрийн эрх зүй. Нийтийн эрх ашгийг хүний эрх, эрх чөлөөтэй хэрхэн тэнцвэржүүлж зохицуулах вэ гэдэг маш чухал бодлогын асуудал. Үүн дээр хөнгөн хуумгай, ямар нэгэн судалгаагүйгээр, нийтийг хамарсан хэлэлцүүлэггүйгээр хууль батлах нь Хууль тогтоомжийн тухай хууль зөрчихөөс гадна практик үр дагаварын талаасаа ч буруу алхам болно. Иргэний улс төрийн эрх чөлөө бол зургаан нөхцөлд хязгаарлагдаж болно гэдгийг олон улсын гэрээнд тодорхойлсон. Үндэсний аюулгүй байдал, нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдал, нийтийн эрүүл мэнд, нийтийн ёс суртахуун, бусад эрх чөлөө гэсэн зургаан нөхцөлөөр зөвхөн хууль гаргаж хязгаарлах боломжтой. Гэхдээ энэ хязгаарлалтыг тогтоохдоо зүгээр нэг “Өө энэ үндэсний аюулгүй байдалд хортой юм байна, энийг ингээд хязгаарлачихъя” гэх биш үнэхээр гарцаагүй шаардлага байсан уу гэдгийг хууль тогтоогчид нотлох ёстой. Монгол Улс бол ардчилсан улс. Тийм учраас иргэнийхээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг тэр ардчиллыг амилуулж байдаг эрхийг хязгаарлах биш хамгаалах ёстой. Хэрвээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй болвол ардчилсан улс өөрөө байхгүй болно. Тиймээс аливаа хүний эрхийн хууль гаргах, түүнд хязгаарлалтын заалт оруулах бол маш сайн судалж, нотолж, баримтад үндэслэн хэлэлцүүлэх ёстой.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь нийгэм дэх өөрийн алдаатай сэтгэлгээг засаж өөрчлөх боломжийг хувь хүнд олгодог жам ёсны эрхүүдийн нэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, тус эрх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлс болох төрийн байгууллагаас болон бусад эх үүсвэрээс мэдээлэл авах эрхтэй шууд холбогдох бөгөөд энэ нь иргэний үнэнийг мэдэх эрхийг хангаж байдаг. Хоорондоо салшгүй холбоотой хүний эрхийн асуудлууд энд яригдаж байна. Үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн жагсаж цуглах, үгээ хэлэх эрхийн асуудал ч бас яригдаж байна.

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэх тусам иргэдийн хуран цуглах, төр засагт төдийгүй бизнесийн байгууллагуудад, нийгэмд дуу хоолойгоо хүргэх, төрийн хэрэгжүүлж чадахгүй байгаа хууль тогтоомжийг шүүн хэлэлцэх шаардлага улам нэмэгдэнэ. Ялангуяа цар тахал, Орос Украины дайнаас үүдсэн хямрал, Палестин Израйлын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудад системт хүний эрхийн асуудал бий болсон. Энэ нь улам ихээр дуу хоолойгоо төр засагт хүргэх иргэдийн сонирхлыг нэмэгдүүлж байна. Ингэснээр уламжлалт жагсаал цуглаанаас гадна цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх, хүн оролцоогүй жагсаал эсвэл аяндаа жагсаал цуглаан үүсэх явдал олширч байна. Энэ нөхцөл байдалд бид иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, хамгаалах ёстой.
Эмзэг сэдэв
Үндсэн хуульд Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хуульчилсан нь ардчилсан нийгмийн суурь зарчмыг баталгаажуулсан. Гэхдээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мөн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний үр дүнд эрх зүйн хариуцлага оногдуулах үндэслэл зэргийг хэрхэн зааглах нь маргаантай асуудлын нэг хэвээр байна. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хуульчилж болно. Гэхдээ энд орох хязгаарлалт гарцаагүй, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд тодорхой ойлгомжтой байх ёстой. Тэр хязгаарлалт хамгаалж байгаа эрх ашиг хоёрын хооронд зорилго нь тэнцвэртэй байх ёстой гээд маш нарийн мэдрэмжтэй зохицуулалт шаардах учраас эмзэг сэдвүүдийн нэг. Иргэн үзэл бодлоо илэрхийлэхдээ бусдын нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх гээд бусдын эрхийг зөрчсөн тохиолдлуудад ялгаа зааг нь хаанаа байх нь хамгийн их анхаарал татна. Үзэл бодлоо илэрхийлж байгаа бүх хэлбэрийг яаж ялгах вэ. Ёжилсон байдлаар эсхүл хааяа мэдээллийг санамсаргүй байдлаар худал нийтэлсэн тохиолдлуудыг яах вэ гээд. Цаашилбал, Эрүүгийн хуулийн дагуу иргэнд хариуцлага хүлээлгэхэд, тухайн иргэний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн эсэхэд Үндсэн хуулийн шүүх дүгнэлт гаргадаг болох уу гээд хууль зүйн нарийн асуудлуудыг гаргаж ирэхээр байна. Нэг хэсэг нь хүний бодлыг хуульчлах нь гэж байгаа бол нөгөө хэсэг нь хүний эрхийн олон хуультай болох тусам олон хязгаарлалттай болно гэж байгаа. Харин хүний эрх хамгаалагчдын зарим нь төр иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг удаа дараагийн хуулиараа хязгаарлаж байгаа учраас үзэл бодлоо илэрхийлэх эрхийг тусгайлан хуульчилж баталгаажуулах нь зөв гэх болжээ.
Харин улс төрийн өнцгөөс харвал Монгол Улс ардчиллын индексээр ухралттай байгаа. Тиймээс хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хуульчлахыг ардчиллын индексээ ахиулах боломж гэж эрх баригчид харж байж болно. Ардчиллын индексээр Монгол Улс 2023 онд 77 дугаар байранд орж өмнөх оноосоо 16 байраар ухарсан.
2024 онд дахин дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд орсон.
Иргэдэд тавигдах хориг хязгаарлалт гэдэг бүлэг дотроо 15 бүлэгт задардаг. Энэ хэсэг дээр нэлээд уналттай байгаа. Үүн дотор үзэл бодлоо илэрхийлэх иргэний эрхийг төр хязгаарлаж байгаа байдлуудыг онцолсон байна.

Уг нь хуульдаа ямар нэгэн хязгаарлалт байхгүй хэрнээ практик дээр хязгаарлалтууд гарч ирж байна. Ялангуяа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх буюу либериал ардчилал гэх түрүү жил уналттай байсан хэсэгтэй шууд холбоотой. Бас иргэний эрх чөлөө гэдэг үзүүлэлт нөлөөлнө.
Болгоомжлол
Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний асуудал өмнө нь УИХ дээр хэд хэдэн удаа яригдсан. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газар өргөн барьж гурав хоногийн дотор батлуулж байсан түүх гэрч болон үлдэж. Одоо иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хуульчлахдаа улстөрчид ахиад хязгаарлалтын заалтуудаа оруулаад ирэх вий гэсэн хардалт байсаар байна. Хэдийгээр үндэсний эрх ашгийг хамгаалах шаардлага байгаа ч үүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрхээс яаж зааглах вэ гэдэг дээр нийтийг хамарсан хэлэлцүүлэг болоогүй ч хууль нь хэлэлцэх асуудлын жагсаалтад оржээ. Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хэвлэлийн эрх чөлөөний хууль гээд олон жил яригдсан хуулиудын өөрчлөлтийн хажуугаар дайрч яваа Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай болон Хүний эрхийн багц хуулиудын төсөл нь ч байхгүй мөртлөө хэлэлцэх асуудлын дараалалд нэр нь оржээ.
Хүн үзэл бодлоо илэрхийлэхдээ нийгэмд, бусдад хор хөнөөлтэй мэдээлэл цацаж байгаа асуудлыг хүний үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар заасан эрхтэй хэрхэн тэнцвэржүүлэх вэ гээд бас л их маргаантай асуудал сонгуулийн өмнө яригдах нь. Гэхдээ одоо болтол урьдчилсан хэлэлцүүлгүүд болоогүй, төсөл нь ч тавигдаагүйг харвал гурав хоногийн дотор батлагдаж байсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах нэртэй хүний эрхийг зөрчсөн заалттай хууль шигээ хурдан батлагдах эрсдэл бас байгаа юм. Бодлын цагдааг хуульчлуулчихгүйн тулд болгоомжтой байхад илүүдэхгүй.