Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Киргизстаны Бишкек хотноо үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын тамирчид хос мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал, 79 кг-ын жинд Э.Бямбадорж, 65 кг-ын жинд Т.Тулга мөнгөн медаль хүртлээ.
Олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж алтан медалийн төлөөх барилдаанд Ираны Мохаммед Ашгертай барилдаж 12:2-оор ялагдсан.
Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Т. Тулга жингийн хүчтэй өрсөлдөгч Ираны алдарт бөх, Рахман Амузидхалилитай барилдаж 2:1-ээр ялагдаж Ази тивийн хошой мөнгөн медальтан боллоо.
Өчигдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 70, 79, 97 кг-ын жингийн барилдаанууд боллоо.
ААШТ-ий 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт З.Занабазар эхний тойрогт Пакистаны тамирчин Мухаммад Билалыг 8-2 харьцаатай хожиж дараа нь Кум Хёок Кимд 5-0 харьцаатай ялагдсан бол 70 кг-д Ц.Чинзориг эхний тойрогт Узбекистаны бөхөд 8-0, 97 кг-д Ө.Батзул Ираны тамирчин Мохаммадхоссейн Мохаммадианд оноогоор цэвэр ялагдсанаар тус тус тэмцээнээ өндөрлүүллээ.