Эрүүл мэндийн яамныхан 2023 онд 668 иргэнээс “Хэрэглэж буй эмийнхээ чанарыг та юу гэж үнэлдэг вэ” гэсэн асуумж авахад “чанартай” гэж 64 хувь нь, чанаргүй гэж 5 хувь нь, мэдэхгүй гэж 31 хувь нь хариулсан байна. Иргэд эмийн чанар, хяналтын тогтолцоонд найдлага тавьж байгаа юм. Харин энэ асуултыг тэд мэргэжлийн эмч, эмнэлгийн 356 ажилтнаас асуухад 40 хувь нь дунд, 4 хувь нь муу, 7 хувь нь мэдэхгүй, 49 хувь нь сайн гэж хариулжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон эмч, эмнэлгийн ажилтны дөнгөж тал хүрэхгүй нь эмийн чанарт итгэлтэй байна.

Хуурамч эм, чанар хангахгүй эм бол Монгол төдийгүй дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудал мөн. Энэ ч үүднээс иргэдийн шахалт шаардлагаар УИХ-аас Эмийн чанар, үнийн тогтолцоонд хяналт шалгалт явуулах Түр хороог 2021 онд байгуулж, удахгүй сонсгол хийлгэх гэж байгаа.

Эмчилгээний өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, аюулгүй эм хэрэглэх нөхцөлийг төр бүрдүүлэх ёстой. Энэ бол Монгол Улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлогод заасан төрийн өөрийн үүрэг. Хэдийгээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар гэж агентлаг байгуулсан боловч төр иргэдээ чанартай эмээр хангах үүргээ биелүүлж чадахгүй байгаа нь Үндэсний аудитын газрын 2021 оны шалгалтаар тогтоогдчихсон. Аудитын дүгнэлтэд, импортын эмийн 6.1 хувь, дотоодод үйлдвэрлэсэн эмийн 18.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй байгааг дурджээ. Мөн ЭМДС-гаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэйг онцолсон байна.

Эмийн чанараа хатуу хянадаг орнуудаас эм импортлохгүй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 36 орныг эмийн чанартаа хатуу хяналт тавьдаг хэмээн зарлаж жагсаалт гаргасан. Тоймловол, Европын орнууд, нэмээд АНУ, Япон л байдаг. Сайн чанарын эм үйлдвэрлэдэг учраас мэдээлэл сайтай монголчууд өөрт хэрэглэх эмээ хатуу зохицуулалттай эдгээр орноос захиж авдаг юм билээ.

Гэтэл Монгол Улсын эмийн бүртгэлд хамгийн олон эм бүртгүүлсэн улсуудыг жагсаахад, 1-т Монгол Улс өөрөө 832 эм, 2-т, Энэтхэг-483 эм, 3-т, Өмнөд Солонгос 434 эм, 4-т ОХУ-251 эм, 5-д Герман улс-230 эм бүртгүүлснээрээ жагсаж байна. Өнөө 36 орноос Герман л байх жишээтэй. Эмийг хэн импортолдог, хэн улсын бүртгэлд эмийг нь бүртгүүлдэг вэ гэхээр эм ханган нийлүүлэх компаниуд. Монголд эмийн импортын зах зээлийг “Монос фарм трейд”, “Ази Фарм”, “Эм импекс”, “ЭНТО” компаниуд баздаг. 2018 онд эм ханган нийлүүлэх эрхтэй 360 компани байсан бол 2022 онд 465 болж 165-аар өсчээ. Эмийн сан 2018 онд 2128 байсан бол 2022 онд 400-аар нэмэгдэж 2595 эмийн сантай болсон. Манай улс 2021 онд 489.7 тэрбум төгрөгийн эм импортолж байсан бол 2022 онд 637.5 тэрбум төгрөгийн эм импортолсон байна. Өөрөөр хэлбэл, Монголд эмийн бизнес цэцэглэн хөгжиж байна. Харин эмийн хатуу зохицуулалттай орноос эм импортлох нь жил бүр багасч байгаа юм. Чанартайг нь импортлуулах, чанартайг нь улсын эмнэлгийн өвчтөнүүдэд хэрэглүүлэх, чанартайг нь өвчтөнд бичиж өгөх сэтгэл дутаж байна. Энэ эс үйлдлийн захиалагч нь харин хэн бол?

Эмийн чанарыг иргэдэд биш лабораторид турших ёстой

Хамгийн ноцтой нь, эмийн чанарыг шалгадаг төрийн ганц лабораторийн тоног төхөөрөмжүүд эвдэрсэн, урвалж бодисууд нь тасарсан, багажууд нь актлагдсан байхад анхаарал хандуулаагүй олон жил болсон нь бидний анхаарлыг татав. Эмийн хяналтын лаборатори эмийн чанарыг шалгах стандарт аргын 28-ыг нь анхнаасаа хэрэглэдэггүй, лабораторын 148 багаж, тоног төхөөрөмжөөр эмийн чанарыг шалгадгаас 48 нь ажилладаггүй, 16 нь цаашид ашиглах боломжгүй болоод уджээ. Энэ байдлаас гарч өөрчлөх тоног, төхөөрөмжийг нь шинэчлэхэд ердөө 5.5 тэрбум төгрөг л шаардлагатай. Энэ тухай 2021 онд Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын Эмийн хяналтын түр хорооны хурал дээр танилцуулж байсан. Энэ тухай УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, чуулганы хурал дээр ч ярьж байсан. ҮАГ-ын тайланд Эмийг улсын бүртгэлд бүртгэнэ гэдэг бол монголчуудад хэрэглэж болно гэсэн үг. Бүртгэх эсэх шийдвэрийг ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл гэдэг бүтэц гаргана. Тэгэхээр Монголд чанартай эм орж ирдэг үү, ер нь оруулах уу, хоцрогдсоныг нь хасах уу гэдгийг тэд ч дурдсан байдаг. Эмийн чанарыг лаборатори нь тогтоогоогүй байхад зөвшөөрөл өгч оруулаад иргэд дээр туршиж байна гэхэд хилсдэхгүй. Яг л Б.Чойжилсүрэн сайд болоод “Хятадаас сайжруулсан түлш оруулж ирээд Яармагт туршина” гэж байсан шиг.

Гэтэл Монгол Улсын 2022, 2023, 2024 оны төсөвт, тухай бүрийн төсвийн тодотголд 5.5 тэрбум төгрөгийг нь тусгалгүй хасч явсан нь хачирхал төрүүлж байна. Энэ бол эмийн чанарыг хянахгүй байх сонирхол, шууд утгаараа иргэдийн эрүүл мэнд, амь насны эсрэг эс үйлдэл гэж үзэж болно. Т.Мөнхсайхан, С.Энхболд, Д.Чинзориг гэж гурван Эрүүл мэндийн сайдтай, Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан гэдэг хоёр Сангийн сайдтай эс үйлдэл холбогдох ёстой.

Нөгөөтэйгүүр 2021 онд байгуулсан боловч 2024 онд сонсголоо дөнгөж хийх гээд байгаа Эмийн хяналтын түр хорооныхон эмийн сэдвээр улс төрийн оноо цуглуулах шоу хийж байна. Түр хорооны анхны дарга Н.Учрал нар юу ч хийгээгүй бол одоогийн дарга Ж.Чинбүрэн нарт байгуулсан гавьяа одоогоор алга. Харин Ж.Чинбүрэн “Эмийн хяналтын лаборатори эмээ шалгаж чадахгүйд хүрсэн тухай шүгэл үлээж байна” нэртэй сошиал контент л хийжээ. Эхнэр нь саяхныг хүртэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан, өөрөө 2021 оноос хойш Түр хорооны хуралд сууж энэ сэдвийг өмчилж байгаа Ж.Чинбүрэн анхнаасаа мэдэж байсан зүйлээрээ өнгөрсөн гурван жилд юу ч хийлгүй эс үйлдэл гаргачихаад гэнэт мэдсэн, сэрсэн юм шиг “шүгэл үлээж” болохгүй л дээ.

Хүний эмийн зөвлөл гэх сонирхлын зөрчилтэй бүтэц

Эмийг улсын бүртгэлд бүртгэнэ гэдэг бол монголчуудад хэрэглэж болно гэсэн үг. Бүртгэх эсэх шийдвэрийг ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл гэдэг бүтэц гаргана. Тэгэхээр Монголд чанартай эм орж ирдэг үү, ер нь оруулах уу, хоцрогдсоныг нь хасах уу гэдгийг тэд л мэддэг гэсэн үг. Иргэдийн эрүүл мэнд, амь настай холбоотой эмийн асуудал дээр тэд итгэл дааж ажиллах ёстой. Гэтэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ахалдаг Хүний эмийн зөвлөл дотор итгэл даахгүй хүмүүс байна аа.

Тухайлбал, АШУИС-ийн Эм зүйн сургуулийн захирал Д.Даваадагва бол эм үйлдвэрлэдэг “Судрын тун” компанийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч. “Судрын тун” компанийн Аньсгриппин-А гэх мөхлөг эмийг Хүний эмийн зөвлөлөөр хэлэлцэхэд “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэж худал мэдүүлж байгаад улсын бүртгэлд бүртгэх санал өгсөн. Илэрхий ашиг сонирхлын зөрчилтэй нэгнээ анагаахын салбарт хамт ажиллаж ирсэн бусад нь мэдэхгүй байна гэж байхгүй. Гэтэл нүдээ аниад хүлээн зөвшөөрсөн явдал ноцтой.

Дахиад, Эм холбооны гүйцэтгэх захирал О.Дамба бол “Энхийн шүүдэр” компанийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч. Хүний эмийн зөвлөлөөр “Энхийн шүүдэр” компанийн эм, тариа, дуслын шингэний үйлдвэрт GMP батламж олгох эсэхийг хэлэлцэхэд О.Дамба “Ашиг сонирхлын зөрчилгүй” гэж мэдүүлж, саналаа өгсөн. О.Дамбыг бүгд л мэднэ. Тэгсэн хэрнээ хэлж анхааруулаагүй, хурлаа цааш үргэлжлүүлснээс үзэхэд Хүний эмийн зөвлөл дээр энэ мэт арын хаалга, найраа хэвийн зүйл гэж бодогдоно.

Хүний эмийн зөвлөл дэргэдээ салбар зөвлөлүүдтэй. Салбар зөвлөлд ажилладаг АШУИС-ийн багш Х.Даариймаа Норов-7, Мана-4, Сороол-7 зэрэг цар тахлын үед монголчуудын эчнээ мэдэх болсон уламжлалт эм хийдэг “Мон-Интра” компанитай хамааралтай, мөн сургуулийн эмийн лабораторийн эмч Д.Энхжаргал нь бас сонирхлын зөрчил үүсэхээр байна. Эмийн хяналтын лабораторийн шинжилгээнд тэнцээгүй эмийг АШУИС-ийн Эмийн лаборатори дүгнэлт гарган тэнцүүлдэг тухай баримт албаныханд очсон юм билээ.

Монголд эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг 26 үйлдвэр байгаа. Гэхдээ 9 нь л эм үйлдвэрийн зохистой дадал буюу GMP стандарт хангасан байдаг. Тэдэнд GMP стандарт хангасан гэх гэрчилгээг олгохдоо будлиан хутгасан тухай баримт ч хуулийнханд очсон. Пенициллин, демидрол, витамин С, натрийн шингэнээ дотоодоосоо авдаг байя гэхэд үйлдвэрүүд нь ийм байхад хэнд найдах билээ.

Ганзаганы эм, нам эдгээдэг тариа

Монголчуудын дунд эмийн зохисгүй хэрэглээ өндөр. Хүүхдийнхээ шинж тэмдгийг сошиалд бичиж өөр шигээ дураараа нэгнээр “онош” тавиулж, эм зөвлүүлнэ. “Өвчин нам дардаг” эм зарж байгаа тухай зар тавихад ялаа шиг шавна. Эмчид үзүүлж байж жор бичүүлж авдаг эмийг эмийн сангийн ажилтнаас шаардаж загнана, ятгана. Орос, Буриад явж хямд эм оруулж ирнэ, 2-8 градуст хадгалах ёстой эмийг гэртээ хадгалж байгаад хүргэлтээр зарна. Гэтэл эм бол онцгой бүтээгдэхүүн, аюултай.

RMC үр шилжүүлэн суулгах төвийн захирал Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй болон бүртгэлтэй эмийг нууцаар оруулж ирэн эмнэлэгтээ хууль зөрчин худалдаалсан дүн нь 370 сая төгрөг. Энэ хэрэг шалгагдаад багагүй удсан ч эцэслэн тогтоосон юм алга.

Сүхбаатар дүүргийн С гэх нүдний эмнэлгийн захирал 62-той хөгшин, 30-тай залуу хоёрт умайн хүзүүний хорт хавдрын үед хэрэглэх заалттай тариаг нүдний шилэнцэрт нь тарьж сохолсон хэрэг бас шийдэгдэхгүй байгаа жишээтэй. Ерөөсөө “нүдэнд тарьвал сайн эм надаас авбал тал үнээр нь өгье” гэж хэлээд гаднаас хилээр ганзгалан оруулж ирээд тарьсан байгаа юм.

Урлаг соёлоор танигдсан, телевизийн эфирээр нүдлэгдсэн нөхөд ч эмийн сурталчилгаа, витамин, биологийн идэвхт бүтээгдэхүүн, архи, тамхинаас гаргах наалт, бэлдмэлийн рекламанд тоглоод, тэрийгээ цацаад байхад хяналт, хариуцлага гэдэг юм алга. Энэ хэрээр “сайн” гэсэн болгон руу шуурдаг хэнэггүй нөхөд эрүүл мэндээрээ өөрөө ч, үр хүүхэд, эцэг эхээ хохироосоор. Гэтэл ардчилал, чөлөөт зах зээл, либерал эдийн засаг гэдэг ойлголт эмийн салбар дээр өөрөөр яригддаг. Энэ замналаар явсан эртний түүхтэй, жишиг болсон Европын орнууд, АНУ-д эм үйлдвэрлэл, эмийн импорт, экспорт хамгийн хатуу хяналт, шалгалттай учраас “Хатуу зохицуулалттай орон” гэдэг тойрог үүсгээд үүнийг нь ДЭМБ баталгаажуулчихсан байна шүү дээ. Гэтэл манай улсад тухайн эм хүний биед ороод ямар идэвх, үр нөлөө үзүүлж эдгээж, бас гаж нөлөө үзүүлж байгааг шинжилдэг лаборатори ч байхгүй. Тэр нь байхгүйгээс гадна хүн амд гаж нөлөө түгээмэл үзүүлээд байгаа эмийг зах зээлээс шуурхай татах хяналт бөгөөд бүртгэл нь байхгүй.