Үндэсний судалгаа зөвлөгөөний төвөөс Монгол Улс дахь цэргийн хөдөлмөрийн судалгаа явуулсан байна. Мэдээлэл цуглуулах ажлыг 2023 оны ес, аравдугаар сард хийсэн бөгөөд Зэвсэгт хүчний 339-р анги, Зэвсэгт хүчний барилгын 017 дугаар анги, Зэвсэгт хүчний 120-р анги, Зэвсэгт хүчний 256-р ангид алба хааж буй цэргүүд болон халагдсан 100 цэргийн дунд судалгаа явуулжээ.
Ингэхэд алба хааж буй цэргүүдийн 78.0 хувь, халагдсан цэргийн 61.0 хувь цэргийн шинжтэй хөдөлмөр хийсэн гэж хариулсан байна. Харин хугацаат цэргийн алба хаагчийн 41.0 хувь, халагдсан цэргүүдийн 94.0 хувь цэргийн бус ажил хийсэн гэж хариулжээ.
Онцгой нөхцөл байдалтай төдийлөн хамааралгүй цэргийн бус ажлыг хугацаат цэргийн алба хаагчид ихэнхдээ томилгоогоор хийдэг байна. Голдуу газар тариалангийн ажил хийдэг бөгөөд хүнсний ногоо тарих, хураах ажил хамгийн түгээмэл аж. Хугацаат цэргийн алба хаагчдын 21.9 хувь, халагдсан цэргийн 61.5 хувь нь ийнхүү хариулжээ.
Ажлын хөлсний жишиг үнэлгээг судлахад барилга, төмөр зам барих зэрэг улсын бүтээн байгуулалтын ажлын өдрийн хөлс 70 мянга хүртэл төгрөг байгаа бол бусад ажлын хувьд өдрийн хөлс 13 мянга орчим төгрөг байжээ. Гэхдээ судалгаанд оролцогсод цэргийн бус ажлыг цалин хөлсгүй хийх нь түгээмэл байна. Сарын медиан цалин нь 100 мянга, дундаж цалин нь 236,100.0 төгрөг байна.
Өдрийн найман цагаар ажиллах хуулийн хязгаараас илүү байна
Судалгааны төгсгөлд дараах дүгнэлтүүдийг хийсэн байна.
1. Зэвсэгт хүчний тухай хуульд (3.1.17, 6.2.11, 6.3, 11.1.15, 13.1.13, 181.2.6, ба 181.3.8 заалтууд) хугацаат цэргийн алба хаагч цэргийн бус ажил, үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь ОУХБ-ын 29 болон 105 дугаар конвенц, Монгол Улсын Хөдөлмөрийн хуультай зөрчилдөж байна хэмээн судлаачдын зүгээс үзэж байна. Мөн хугацаат цэргийн алба хаагчдаар хийлгэж буй цэргийн бус ажил, үйлчилгээ нь албадан хөдөлмөрийн шинжтэй байна хэмээн судалгааны үр дүнгээс дүгнэж болно.
2. Хугацаат цэргийн алба хаагчдаар хийлгэж буй цэргийн бус ажил, үйлчилгээ нь албадан хөдөлмөрийн шинжтэй байна хэмээн судалгааны үр дүнгээс дүгнэж болно.
3. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн бус ажлыг цалингүй хийх нь нэлээд их бөгөөд асуумж судалгаанд мэдүүлснээр ийм төрлийн ажлын хөлс хамгийн бага, мэдэгдэхүйц хэлбэлзэлтэй байна. Мөн түүнчлэн цэргүүд олон цагаар ажилладаг нь сард 22 өдөр, өдрийн 8 цагаар ажиллах хуулийн хязгаараас илүү байгааг судалгаа харуулж байна.
4. Офицер, ахлагч нар цэргийн албанаас сайн дураараа чөлөөлөгдөх боломжтой бөгөөд энэ нь Хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэгддэг. Энэ асуудал дээр ахиц дэвшил гарсан байна.