Цахим орчинд авто замын бродюр эвдэж байна гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрээр "2024 оны дөрөвдүгээр сарын 5-наас Намъянжугийн гудамж, Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замыг засах ажил эхлээд байна. Энэ хүрээнд замын асфальтбетон хучилтыг долоон см зузаан болгох шаардлага гарсан тул хашлагыг өндөрлөж байгаа. Стандартын дагуу авто замын хашлага нь зорчих хэсгээс 15 см-ээр өндөр байх ёстой. Тиймээс хашлагыг өндөрлөх, солих ажил хийгдэж байна. Зарим хэсгийн хашлагыг хэрэглэх боломжгүй болсон. Харин зарим ашиглаж болохыг нь тухайн дүүрэгт хүлээлгэж өгч байгаа. Улмаар шаардлагатай хэсгүүдийг сольж байна" гэв.
Энэ онд нийслэлийн 17 байршилд 19.5 км авто замд ээлжит засвар хийхээр төлөвлөжээ.Тодруулбал Амгалангийн замд ээлжит засвар шинэчлэлийг хийж байгаа бол Шархадны авто замд урсгал засвар хийн, нүхэн эвдрэлийг халуун асфальтаар нөхөж байгаа аж.