2024 он түүхэн дэх хамгийн халуун жил болно
Түүхэн дэх хамгийн халуун жил 2023 он болсныг Дэлхийн цаг уурын байгууллага мэдээлсэн. Халууны шалтгааныг Номхон далайн экваторын усны гадаргын давхаргын температурын хэлбэлзлээс болж дулаарал үүсдэг Эль Ниньо үзэгдэлтэй холбон тайлбарласан. Тэгвэл уг үзэгдлийн хоёр дахь жил болох 2024 он өмнөхөөсөө ч илүү халуун байх өндөр магадлалтайг Дэлхийн цаг уурын байгууллагын өнгөрсөн долоо хоногт гаргасан тайланд дурджээ.
Өнгөрсөн онд Эль Ниньогийн улмаас дэлхийн өнцөг булан бүрд байгаль цаг уурын эрс тэс үзэгдэл тохиолдож, их хэмжээний хохирол учирсан байдаг.
Тухайлбал, Африкт хэт халалттай, ган гачигтай үед их хэмжээний үер бууж, 300 гаруй хүн амь насаа алдсан.
Мөн үхэлд хүргэх аюултай хэт халалтын давалгаа Европ, Хойд Америк, Хятад зэрэг томоохон бүс нутагт олон хоног үргэлжилсэн. Улмаар БНХАУ, Словени, Австри, Энэтхэг, Бразилд үер усны гамшиг нүүрлэж, олон хүн амиа алдаж, орох орон, амьдах нөхцөлгүй болсон юм. Энэтхэгт л гэхэд 50 мянга орчим хүн орох оронгүй болж, БНХАУ-д 14 хүн амиа алдав. Ливи улсад есдүгээр сард хүчтэй аадар бороо орж, гурван далан нурсны улмаас 3400 гаруй хүн амиа алдсан гээд үлэмж хэмжээний хохиролтой гамшигт явдлууд өнгөрсөн онд тохиосон юм.
Түүнчлэн Канадад гарсан ой, хээрийн түймрийн улирал урьд өмнө нь бүртгэгдсэн хамгийн эрс тэс түймрийн улирал болж тэмдэглэгдсэн байна. Түймэрт 18 сая гаруй га талбай өртсөн бөгөөд өмнөх бүртгэгдсэнээс 10 сая га талбайгаар илүү байжээ. Судалгаагаар Канад улсын Квебек мужид тохиолдсон ой, хээрийн түймрийн гол шалтгаан нь хэт халалт, хуурайшилт, хуурай салхины эрчим нэмэгдсэнтэй холбоотой байна.
Монголд ч 2023 онд хэт халалтын улмаас үерийн аюулын тохиолдол нэмэгдсэн. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2022 онд үер усны аюул 35 бүртгэгдсэн бол хэт халуун жил буюу 2023 онд үерийн тохиолдол гурав дахин нэмэгдэж, 107 болжээ. Эдгээр үерийн тохиолдлоос хамгийн их хохирол амссан нь нийслэлийнхэн байв. Нэг л удаагийн үерийн улмаас дөрвөн хүн амиа алдаж, 356 өрх, 25 аж ахуйн нэгж, байгууллага, 105 автомашин үерт өртсөн гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй бөгөөд хоёр удаагийн том үерийн улмаас олон тооны орон сууц барилга, зам гүүр, далан, цахилгаан дамжуулах шугамд гэмтэл учирсныг тоолж амжаагүй билээ.
Ийн 2023 онд тохиолдсон үер, гал түймэр, ган гачигийн гамшигт үзэгдлүүд энэ жил ч давтагдахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бид бэлэн үү.

Гамшигт бэлэн биш
Бид бэлэн биш. Тэр дундаа хүн амын төвлөрөл, барилгажилт, замбараагүй хот тэлэлт, газар олголт, шаардлага хангаагүй үерийн хамгаалалтын байгууламж, үерээс хамгаалах тогтолцоо бүрдээгүй манай нийслэл хотынхон үерийн аюулын эсрэг бэлэн биш. Шар усны үерт автахад бэлэн байгаа өнөө үед ч тоотой газар далан байгуулж, халиа тошины мөс зөөхөөс өөрөөр сэргийлж чадахгүй байна. Үерийн аманд буусан айл өрхүүд ч албаныхны сэрэмжлүүлэг, албан шаардлагыг биелүүлж нүүхгүй байна.
Мөн нийслэлийн хэмжээнд зам, талбайн борооны ус зайлуулах 169 км шугам, 3084 шүүрт худаг, 3601 үзлэгийн худаг, нэг насос станц, 10 насост худаг байдаг. Харин борооны ус зайлуулах гол цуглуулагч шугамуудын 70 орчим хувийг 1990 оноос өмнө хийсэн буюу нэлээд хуучирч муудсан гэсэн үг. Мөн шугам хоолойн 60 орчим хувьд нь лаг, хагшаас хуримтлагдсан байдаг. Мөн зарим газрын үерийн хамгаалалтын бүсэд барьсан барилга байгууламжийг буулгаж, шилжүүлж байгаа ч үерийн аюулаас бүрэн хамгаалж буй хэрэг биш. Хуучирч муудсан шугамуудыг шинэчилж, шинээр шугам, худгууд байгуулж, далан шуудуу барьж, эрсдэлт нөхцөлд байгаа айл өрхүүдийг нүүлгэж, голын ай савд газар олгохгүй байхаас гадна усан сантай болох нь үер усны аюулаас сэргийлэх арга зам. Эдгээрээс хамгийн чухал нь тохируулгын усан сан байгуулах ажил гэдгийг холбогдох мэргэжилтнүүд онцолж байна.

"Үерийн аюултай тэмцэх чиглэлээр арга хэмжээ авах ёстой. Ингэхдээ зөвхөн үерийн далан босгож үерийн аюултай тэмцэхгүй. Мөн хөрсний ус нь барилгын чанар, суултад нөлөөлдөг учир дернажийн систем буюу шүүрэлтийн байгууламжийг том хүрээнд байгуулах хэрэгтэй. Туул голын дагуу урсац тохируулгын усан сан барих хэрэгтэй."

"Үерийн дараа ган болдог. Үүний гол гарц нь усан сан. Борооны ус хуримтлуулах усан сан байгуулъя. Төлөвлөлтийн үндэс ус. Хятадад 23 мянган усан сан, БНСУ-д 19 мянган усан сан байна. Усыг төлөвлөхгүйгээр хотыг хөгжүүлэх боломжгүй. Үерийн хамгаалалтын үндсэн арга ганц далан биш, усан сан."
Халууны нэг эрсдэл өвчлөл
Хэт халалтын улмаас үүсэх хамгийн өндөр эрсдэл нь үер, ган гачигаас гадна хүний өвчлөл. Өнгөрсөн онд хэт халалтын улмаас зүрхний шигдээсээр нас барах тохиолдол нэмэгдэж байгааг НҮБ-аас анхааруулж байлаа. Жил бүр олон зуун мянган хүн урьдчилан сэргийлэх боломжтой халуунтай холбоотой шалтгааны улмаас нас бардаг аж. Сүүлийн үеийн судалгаагаар Европт өнгөрсөн зун “хэт халалтын” улмаас 61 мянган хүн нас баржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, хүний бие хэт халууны ачааллаас эргэн сэргэх хугацаа хангалтгүй байснаар зүрхний шигдээс, нас баралтын тохиолдол нэмэгдэхэд хүрдэг аж.
Түүнчлэн хэт халуунаас шалтгаалж тархины цус харвалт, булчин таталт, наршилт, хоолой, гэдэсний хямрал зэрэг өвчлөл нэмэгддэг байна. Тиймээс ирэх зун хэт халуунаас шалтгаалсан өвчлөлүүдээс өөрсдийгөө хамгаалах нь нэн чухал зүйлсийн нэг болох нь.
Ийн халуун жилийн халгиа ихтэй үед үер ус, гал түймэр, ган гачиг, өвчлөлийн гамшигт бэлэн байж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нэн тэргүүний шаардлага бидэнд бий. Дэлхий нийт ч хэт халуунаас үүдэх гамшгаас сэргийлэх чиглэлд “улаан” дохио өгч буй.