Израилийн эрх баригчид Газын нутаг дэвсгэрт хүмүүнлэгийн тусламж хүргэх гарцуудыг нээхийг зөвшөөрчээ. Газын хойд хэсгийн Эрез гарцыг дайн эхэлснээс хойш анх удаа түр хугацаагаар нээх бол Йорданаас ирэх тусламжийг Керем-Шалом боомтоор нэвтрүүлэх юм. Мөн Ашдод боомтын үйл ажиллагааг сэргээж байна.
Хүмүүнлэгийн байгууллагын долоон ажилтан Газад амь үрэгдсэний дараа Ерөнхийлөгч Жо Байден Израил улс АНУ-ын дэмжлэгийг үргэлжлүүлэн авахыг хүсвэл энгийн иргэд аюулд өртөх, хүмүүнлэгийн хямрал нүүрлэхээс урьдчилан сэргийлэх ёстой гэдгийг анхааруулжээ. Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярилцсанаас хэдхэн цагийн дараа Газад тусламж хүргэх гарцуудыг нээх шийдвэр гаргажээ.