Нийтийн буюу нийгмийн эрүүл мэндийн салбар бол улс нийтээрээ анхаарах ёстой тэргүүлэх чиглэл. Энэ салбарыг хөгжүүлж, үр дүнтэй ажилласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг 20 хувь бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн жишиг бий. Өөрөөр хэлбэл, нийтийн эрүүл мэндийн салбарын ажил сайн байвал хүн амын өвчлөл багасаж, эрүүл мэндэд зарцуулах улсын төсөв буурч, хүн ам эрүүл аж төрнө. Харамсалтай нь, манай улсад нийтийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээ тун хангалтгүй байсаар өнөөг хүрлээ. Үүний нэг шалтгаан санхүүжилттэй холбоотой.
Сүйрэлд хүргэх зардал
ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр эрүүл мэндийн салбарын төсвийн 30-аас доошгүй хувийг нийтийн эрүүл мэндийн салбарт зарцуулах ёстой. Харин манай улсад энэ салбарт ердөө зургаан хувийг л зарцуулж байгааг Азийн хөгжлийн банкны хийсэн судалгаагаар дүгнэжээ. Тэгвэл энэ зардал нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажилтнуудын цалин, нийгмийн даатгал, байрны урсгал зардалд зарцуулагддаг байна. Харин бусад үйл ажиллагаагаа олон улсын хандив, тусламжаар санхүүжүүлж байгааг НЭМҮТ-ийн захирал С.Өнөрсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тухайлбал, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн таван удаагийн судалгааг ДЭМБ-ын хандиваар хийсэн байна. Хоол тэжээлийн үндэсний зургаан удаагийн судалгааг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хийжээ. Уг нь хуульд улсын хэмжээний томоохон судалгааг заавал хийхээр тусгасан боловч төсөв баталдаггүй аж. Олон улсын байгууллагууд цаашид Засгийн газар санхүүжилтээ бие даан гаргадаг болох ёстой гэж анхааруулж, зөвлөсөөр байгаа юм.
Нөгөө талаар иргэдийн эмчилгээ үйлчилгээнд зарцуулж байгаа төлбөр орлогын 10 хувиас хэтэрч, улмаар ядууралд өртөж байгааг ч мэргэжилтнүүд хэлж байна.

Иргэд эрүүл мэндийн байдал, эмчилгээний төлбөрөөс болж ядуурах тохиолдол хэдэн жилийн өмнөөс гарч байгааг мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаа харуулдаг. 2018 оны байдлаар манай нийт өрхийн найм орчим хувь буюу 240 мянга гаруй хүн өрхийн орлогын 10-аас дээш хувийг эрүүл мэндийн зардалд зориулж, үүний улмаас жил бүр 25 мянга гаруй хүн ядууралд орж байгаа үнэлгээ өгчээ. Дэлхийн жишиг үнэлгээгээр өрхийн зардлын 10 болон түүнээс дээш хувийг эм тариа, өвчний оношлогоо, эмчилгээ гэсэн эрүүл мэндийн зардал эзэлж байгаа бол үүнийг сүйрэлд хүргэх эрүүл мэндийн зардал гэж үздэг. Энэ тоо манай улсад буурах биш өсч байх магадлал өндөр учраас энэ судалгааг тасралтгүй хийж эрүүл мэнд, нийгмийн бодлогод тусгаж байх нь чухал.
Тиймээс нийтийн эрүүл мэндийн салбараа хөгжүүлж, төсөв хөрөнгө тусгаж, хүн амаа аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрсдэлт хүчин зүйлүүдийг судалгаагаар нотлон бодлогын хариу арга хэмжээ авснаар салбарын өртөг зардлыг бууруулахын зэрэгцээ иргэдээ сүйрлийн хэмжээний зардал гаргаж ядуурахаас сэргийлэх юм.
Үр дүнгүй арга хэмжээ
Улс орнуудын хүн амын дундаж наслалт өндөр, өвчлөл бага, хөдөлмөрийн бүтээмж их, хөгжил сайтай байгаа нь энэ салбартай нь салшгүй холбоотой. Нийтийн эрүүл мэндийн салбараа хөгжүүлж, тулгамдсан асуудалд нарийн тооцоо судалгаа хийж, үр дүнд нь суурилсан бодлого хөтөлбөр баталснаар улсын хөгжлийг бүрдүүлэгч хүн амаа эрүүл, аюулгүй байлгаж чадаж байна.
Уг нь дэлхийд нийтийн эрүүл мэндийн 88 төрлийн хариу арга хэмжээ байдгаас манай улс 20 гаруйг хэрэгжүүлдэг. Гэхдээ эдгээр арга хэмжээ үр дүнгээ өгсөн эсэх, санхүүжилт оновчтой байсан эсэх зэргийг судалсан зүйл одоогоор байхгүй. Энэ салбарынхан ч төдийлөн үр дүнтэй ажилласангүй.
Уг нь энэ салбарынхан ном журмаараа ажиллабал хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, боловсрол олгох, өвчлөлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг судлах, тандах ажлыг ерөнхийд нь гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, бүх төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлж, хүн амаа эрүүл байлгахад чиглэж ажиллана гэсэн үг. Бүр нарийвчлан хорт хавдраар жишээлэхэд, юунаас үүсэж буй, хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой, аль нас бүлгийнхэн өвдөж байна, ямар бүтээгдэхүүн их хэрэглэдэг хүмүүс өртөж байгааг нарийн судалгаагаар нотолж, түүнд тохирсон бодлогын хариу арга хэмжээ авах ёстой. Гэтэл манайхан элэгний хорт хавдрын шалтгааныг вируст л нялзаадаг. Харин хүмүүс яагаад вирус туссан, вирус нь яагаад хавдар болж байгааг нарийвчлан тогтоодоггүй, ерөнхий байдлаар л танадалт судалгаа хийж байна гэсэн үг.
Угтаа эрүүл мэндийн салбарыг хүнээр төлөөлүүлбэл, нэг гар нь эмчилгээ үйлчилгээ, нөгөө гар нь нийтийн эрүүл мэнд. Тиймээс ч энэ салбарт анхаарч гэмээнэ хүний амын өвчлөл багасаж, хөдөлмөрийн бүтээмж сайжирч, улс орны хөгжил ч тэр хэрээр нэмэгддэгийн олон жишээ бий.
Жишиг туршлагууд
Дэлхий нийтийн жишиг болсон Канадын туршлагыг өгүүлье. Канадад авто замын ослоор олон хүн нас бардаг байжээ. Тиймээс Эрүүл мэндийн сайд нь “Дундаж наслалт бага байгаа нь авто тээврийн осолтой холбоотой. Авто замын хөдөлгөөн, замын чанарыг сайжруулъя. Осол бэртлээс хамгаалах стандартыг шинэчилье” гэж уриалан бодлого хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Цаашлаад хүнсний үйлдвэрүүд нь хүний эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байшин барилгаа ч хүндээ ээлтэй байдлаар шийдвэрлэж, гудамж талбайдаа стресс ядаргаатай иргэдээ тайвшруулах ногоон байгууламжуудыг ч олноор нь байгуулсан байна. Энэ нь үр дүнгээ өгч, канадчууд өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.
Нийтийн эрүүл мэндийн асуудлыг бүрэн цогцоор нь судалж, шийдвэрлэсэн улс орнуудын жишээ Финляндаар үргэлжилнэ. Зөвхөн нэг муждаа л хэрэгжүүлсэн эрүүл хооллолтын төсөл нь зүрх судасны өвчлөлгүй, эрүүл финляндчуудыг бүтээсэн байна.
Зөвхөн тамхины эсрэг хариу арга хэмжээ л гэхэд улс орон бүр өөрсдийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, тохирсон арга хэрэглэжээ.
АНУ-д тамхины сурталчилгааг холливудын одод хийж байсныг болиулсан байна. Учир нь, оддыг дагаж дуурайх өсвөр наснынхны тамхидалт их байгааг судалж нотолсноор ийм шийдэлд хүрчээ. Ингэснээр тус улсад тамхины хэрэглээ буурсан байна.
Солонгос улсад нийт эрэгтэй хүний 64 хувь нь тамхи татдаг судалгаа гарчээ. Судалж үзэхэд цэрэг цагдаагийнхан тамхи татах нь их байж. Тиймээс эрчүүд олон ажилладаг салбар руу чиглэж сургалт, танин мэдүүлэх арга хэмжээ авснаас тамхины хэрэглээ нь буурсан аж. Скандинавиын орнуудын хувьд тамхины татварыг нэмэхэд л хэрэглээ буурсан жишээ байна.
Тэгвэл манай улс тамхитай тэмцээгүй биш тэмцсэн. Гэхдээ үр дүн нь үйлчилгээний байгууллагад л тамхи татахгүй болсноос өөрөөр онцын өөрчлөлт гараагүй. Харин ч эсрэгээрээ монголчуудын импортын тамхины хэрэглээ 10 жилийн дотор 1.8 дахин өссөн байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг “Тамхи татвал ийм хортой. Ингэж үхнэ” гэхээс өөрөөр хийхгүй болохоор арга ч үгүй байх. Хэдэн насныхан, аль бүлгийнхэн хэзээ, хаана түлхүү тамхи татаж байгааг нарийвчлан судлалгүйгээр онцлогт нь тохирсон арга хэмжээ авах боломжгүй.
“Салбарт шинэчлэл хэрэгтэй”
Зөвхөн тамхи ч гэлтгүй нийтийг хамарсан эрүүл мэндийн эсрэг бүхнийг цогцоор нь судалж, шийдвэрлэж чадахгүй байна. Энэ нь нийтийн эрүүл мэндийн салбарт бодлого, хүний нөөц, санхүүжилтийн шинэчлэлт хийх шаардлагатайг харуулж буй.
Түүнчлэн салбаруудын уялдаа холбоог хангаж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих орчныг бүрдүүлэхгүйгээр үр дүнд хүрэхгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол, дадал хэвшил олголоо ч түүнийг хэрэгжүүлэх орчин бүрдүүлэхгүй бол үр дүнд хүрдэггүй. Тиймээс дэмжих орчныг бүрдүүлэхэд улсаас нэлээд хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай. Жишээ нь, хүүхдийг хог бүү хая, ангилан ялга гээд сургачихлаа. Гэтэл манайд хог ангилан боловсруулдаг үйлдвэр алга.

Ер нь, нийтийн эрүүл мэндийн салбарт бодлогын түвшинд шинэчлэлт хийх хэрэгтэй. Мөн хүний нөөцийн чадамжийн асуудал хөндөгдөнө. Хүний нөөцийн чадамж, ажлын байрны тавигдах шаардлага зэргээ шинэчлэхгүй бол цаашид урагш алхахгүй. Гуравдугаарт, санхүүжилтийн оновчтой хуваарилалтыг хийх хэрэгтэй байна.
Уг нь манай улс хүний эмчийн тоогоороо дэлхийн жишигт хүрсэн. Хүн амд ногдох орны тоогоороо дэлхийн дунджаас дээгүүр байдаг. Эрүүл мэндийн даатгалын бүрэн хамрагдалттай, санхүүжилтийн эх үүсвэртэй гэсэн үзүүлэлтээрээ сайн үнэлгээтэй. Харин эрүүл мэндийн үйлчилгээний үр дүнгийн үзүүлэлт буюу үр өгөөжтэй ажиллагаа нь маш муу үнэлгээтэй. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн улс орнуудын 145-т жагсдаг байна. Үр ашиггүй ажилладаг гэсэн үг. Энэ бүгд нь нөгөө л нийтийн эрүүл мэндийн суурь судалгаа хийдэггүй, түүнд тохирсон бодлого хэрэгжүүлж чадаагүйтэй холбоотой.
Уг нь энэ салбарт хамааралгүй хүн нэгээхэн ч үгүй. Бодлого, шийдвэр гаргах түвшнийхэн, засаг захиргааны нэгжүүд, иргэд, цэцэрлэг, сургуулийнхан гээд цөм хамаатай. Улс орны хөгжил л ярьдгаас бус түүнийг бүтээгч хүн амаа нийтээр нь эрүүл байлгахад анхаарахгүй байгаа нь саваа бэлдээгүй байж, саалиа хураахтай адил билээ. Эрүүл мэнд хувь хүний асуудал ч нийтийн эрүүл мэнд урт хугацаандаа улс орны хөгжил ирээдүйн чиг баримжааг тодорхойлох буй.