Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувь дээр нь нийслэл Улаанбаатар хот оршиж буй. Дэд бүтэц, төлөвлөлт муутай учраас, дээр нь хүн амын олонх нь эл хотод оршин суудгаас түгжрэл, түгжээснээс эхлээд төвөгтэй асуудлууд олон. Түүнчлэн төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нийслэлд байдаг нь их олон асуудлын “зангилаа” болдог.

Хүн амын хэт их бөөгнөрлийг сааруулахын тулд огцом өөрчлөлт, оновчтой шийдвэр гаргах нь хамгаас чухал. Захиргаа, үйлчилгээний байгууллагуудыг орон нутаг руу шилжүүлж, аймаг, сумдыг айл өрх оршин суух нөхцөл бололцоогоор хангах нь нэн түрүүний асуудал. Гэвч өнгөрсөн хугацаанд иргэдийн амьдрах орчин нөхцөл, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, боловсрол гээд эдгээр чухал дөрвөн асуудлыг орон нутагт орхигдуулсан нь хөдөөгөөс хот руу чиглэсэн хөл хөдөлгөөний голлох шалтгаан байв.

Орон нутагт олгож буй "зээл"

Төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд орон нутаг руу чиглэсэн тодорхой ажлууд хийгдэх болсоор багагүй хугацаа өнгөрөөд байна. Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьшсан болон нийслэлийн алслагдсан дүүрэгт анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн гурван хувийн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгохоор шийдвэрлэсэн. 2024 оны гуравдугаар сарын байдлаар аймаг орон нутагт нийт 1465 зээлдэгчид 128 491 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Мөн тус тогтоолын хоёрт заасан “Төвлөрлийг сааруулах хүрээнд нийслэлээс орон нутагт шилжин үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийг дэмжих нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгох” ажлын хүрээнд Баянхонгор, Говьсүмбэр, Орхон, Хөвсгөл аймгуудад нийт дөрвөн аж ахуй нэгжид 1.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Энэ нь алсуураа хүн амын шилжилт хөдөлгөөнийг хөдөө рүү чиглэхэд багагүй нөлөөлж буй. 2022 онд нийслэлд орон нутгаас шилжин ирэгсдийн тоо 37 мянга байсан бол өнгөрсөн онд 32 мянгад хүрч, буурчээ. Харин нийслэлээс орон нутаг руу шилжигсэд 2022 онд 17 мянга байсан бол өнгөрсөн оны байдлаар 23 мянга болж өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн дараах дөрвөн аймагт хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн хамгийн их бүртгэгджээ.

  • Дархан-Уул аймаг: 2994 иргэн
  • Орхон аймаг: 2839 иргэн
  • Өмнөговь аймаг: 2672 иргэн
  • Төв аймаг: 2137 иргэн

Хотоос хөдөөг зорьж буй иргэдийн дийлэнх нь 20-29 насны иргэд байгаа аж. Түүнчлэн эдгээр иргэдийг боловсролын зэргээр нь авч үзвэл 35 хувь нь дээд боловсролтой, хоёр хувь нь магистрын зэрэгтэй, 12 хувь огт боловсролгүй, зургаан хувь нь бага, 9 хувь нь дунд, боловсролтой байна. Мөн 29 хувь нь бүрэн дунд, зургаан хувь нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн, нэг хувь нь дипломын боловсролтой байгаа юм. Гэр бүлийн байдлаар нь авч үзвэл гэрлэсэн, хүүхэдтэй хүмүүс хөдөө орон нутгийг зорьж байна.

Зуд ба шилжилт хөдөлгөөн

Улсын хэмжээнд нийт зургаан сая орчим мал хорогдоод буй. Онцгой байдлын Ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас урьдчилсан байдлаар нийт 20 сая толгой мал хорогдоно гэсэн дүгнэлт гаргасан. 20 сая мал хорогдвол 20 мянга орчим малчин өрх малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэлтэй байгаа аж. Улмаар хотоо харлуулсан малчид амьжиргаагаа залгуулахын тулд хот суурин бараадах нь мэдээж. Үүнтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатарыг зорих хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлтэй. Эрсдэлийг бууруулах үүднээс Засгийн газраас малгүй болсон малчдад 5-8 сая төгрөгийг урт хугацаатай, хүүгүй зээл олгохоор шийдвэрлэжээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 107 тэрбум төгрөгийн хөрөнгөнөөс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийг урт хугацаатай, хүүгүй олгоно. Түүнчлэн бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдэлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд Мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Энэ бол нэг удаагийн шинжтэй хууль. Малчдын хоршоодыг зээлээр дэмжинэ. Мөн бэлчээрийн ургамал тариалахад нь дэмжлэг үзүүлнэ.

Төсөвт тусгагдсан "төлөвлөгөө"

Засгийн газраас орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин суурьшиж буй иргэдийг хөнгөлөлттэй үнээр түрээсийн орон сууцанд оруулах бодлого баримталж буй. Түүнчлэн хөдөө орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөөд байна. Үүнтэй холбоотойгоор дэд бүтцийг барьж байгуулахад 2024 оны улсын төсөвт 98 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Орон нутагт 300 мянган орон сууц барьж байгуулах тухай асуудалд төр улсын төсвөөс газрыг нь олгож, дэд бүтцийг нь татаж өгнө. Тухайн газар дээр хувийн хэвшил орон сууцаа барьж, эргээд хувийн хэвшлийн барьсан байшинг иргэн авахад ипотекийн зээлд хамрагдах зарчим үйлчлэх юм.

Урьдчилгаа төлбөр төлж орон сууц худалдан авах боломжгүй иргэд орон нутагт олон бий. Энэ нь ажилгүйдэлтэй холбоотой. Эдгээр иргэдэд түрээсийн орон сууц барьж өгвөл шууд байранд орж, амьдралд нь эерэгээр нөлөөлөх боломж бүрдэнэ. Улаанбаатар хотод Буянт-Ухаа, Яармаг гэх байршлуудад түрээсийн орон сууцны тоог нэмэх нь хот руу чиглэх шилжилт хөдөлгөөнийг хөхүүлэн дэмжихээс хэтрэхгүй.