Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Шинэчилсэн найруулгаар хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болон үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан.

Мөн нэгжийн Засаг дарга нарын хүүхэд хамгааллын чиглэлийн чиг үүрэгт өөрчлөлт орсон тул энэ чиглэлийн үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой болжээ.

Энэ хүрээнд сум, хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах бөгөөд нийслэлд 387, орон нутагт 592 нийгмийн ажилтан ажиллуулах юм. Тус хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээг шинэчилж, шуурхай тусламжийн үйлчилгээ, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ гэсэн гурван хэлбэртэй байхаар тусгасан байна.