Ботсвана улсаас Өмнөд Африкийн сүмд Улаан өндөгний баярын хуралд оролцохоор зорьсон мөргөлчдийн автобус осолдсон байна. Автобус уулын замаар явж байгаад хадан цохион дээрээс доош унажээ.
Ослын улмаас 45 хүн газар дээрээ амиа алдсан бөгөөд найман настай охин ганцаараа амьд үлдсэн байна. Амьд үлдсэн охин хүндээр бэртсэн, биеийн байдал нь муу байсан тул онгоцоор эмнэлэгт нэн яаралтай хүргэжээ.
Өмнөд Африкийн төв сувгийн мэдээлснээр зорчигчид хөрш Ботсвана улсын нийслэл Габороне хотоос Марио тосгоны сүмийг зорин гарсан байна. Осол Лимпопо мужийн Мокопане болон Маркен тосгонуудын дунд Ммамат-лакала уулын зам дээр гарчээ. Энэ зам нь Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбург хотоос 300 км орчим зайтай байдаг аж.
Одоогоор ослын шалтгааныг тогтоогоогүй. Зарим хэвлэлүүдэд бичсэнээр автобусны жолооч гэнэт хяналтаа алдсан байна. Автобус ойролцоогоор 50 метр өндөр хавцлаас унасныхаа дараа үнс нурам болтлоо шатсаны улмаас зорчигчдын цогцсыг таних амаргүй болжээ. Мөн шатсан автобусан дотроос хохирогчдын цогцсыг гаргахын тулд багагүй хугацаа шаардлагатай байна.
Өмнөд Африкийн Тээврийн яамны сайд Синдисиве Чикунга хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, цогцоснуудыг Боствана руу буцаах ажлыг Засгийн газар хариуцлагатайгаар зохион байгуулна гэдгийг мэдэгджээ.