Хүний хөгжлийн хамгийн эрчимтэй, чухал үе бол бага нас билээ. Энэ насанд сурсан, мэдсэн, ойлгосон зүйлс нь тухайн хүний зан ааш, төлөвшлийн үндсэн суурь нь болж өгдөг. Тухайлбал бага нас, тэр дундаа 0-5 нас бол хүүхдийн тархины хөгжилд нэн чухал үе бөгөөд мэргэжилтнүүд үүнийг алтан үе гэж нэрийддэг. Учир нь, энэ насанд төлөвшүүлсэн аливаа зүйлс нь хүүхдэд насан туршид нь суух дадал зуршил болж өгдөг байна. Иймээс улс орнууд хүүхдийг бага нас буюу алтан үед нь аливаа зүйлсэд сонголт хийх, бие даах чадварт эртнээс сургаж зөв бие хүн болох суурийг нь бүрдүүлж өгдөг аж. Олон улсад хүүхдийн бие махбод, оюун санааны хөгжлийн онцлог зүй тогтол дээр үндэслэн хүүхдийн насны үеллийг дөрөв хуваан авч үздэг байна.

Үүнд:

• Нялх үе (0-18 сар)

• Бага насны үе (3-5 нас)

• Сургуулийн насны үе (6-12 нас)

• Өсвөр буюу идэр насны үе (12-20 нас) гэж ангилдаг.

Нялх үе (0-18 сар): Энэ үед хүүхдэд итгэх болон үл итгэх мэдрэмж үүсэж төлөвшдөг. Ээж нь хүүхэдтэйгээ хэрхэн харьцаж, яаж асарч халамжилж байгаагаас шалтгаалан өөртөө болон бусдад итгэх зан чанар төлөвших суурь тавигддаг байна. Итгэл нь бие хүн болон төлөвшихөд нөлөөлөх бусад шинж чанаруудыг эзэмшихэд үндэс суурь нь болж өгдөг аж.

Хар бага насны үе (18 сар-3 нас): Энэ үед хүүхдэд бие даасан байдал бий болох буюу ичих, эргэлзэх мэдрэмжүүд үүсэж төлөвшдөг. Энэ насанд хүүхдээ өөрийнх нь дураар чөлөөтэй байлгаж, хорьж цагдахгүйгээр өсгөх нь биеэ даасан, шийдвэр гаргах чадвартай, өөрийн гэсэн бодолтой болж төлөвшихөд сайнаар нөлөөлдөг.

Бага насны үе (3-5 нас): Энэ насанд бие даан танин мэдэх, турших зэрэг төлөвшлийн үндсэн суурь нь тавигддаг. Хүүхдийн үндсэн хэрэгцээ нь тоглоом тоглох бөгөөд тоглоомоор дамжуулан ертөнцийг таньж мэддэг. Улмаар аливаа зүйлсийг өөрөө бие дааж сонгож, танилцан суралцаж чаддаг. Энэ насанд хүүхдийг өөрийн хүсэл сонирхлоор нь аливаа зүйлсийг туршиж, сонголт хийлгэж дадах нь чухал. Ингэж чадвал тухайн хүүхэд тууштай, сониуч, бүтээлч бие хүн болж төлөвших суурь нь бий болгодог.

Сургуулийн насны үе (6-12 нас): Энэ насандаа хүүхэд шинэ зүйлийг биеэрээ туулж үзэх, шинэ харилцаанд орох зэрэгт гол анхаарлаа хандуулдаг. Түүнчлэн 6-12 насанд сургуулийн өмнөх наснаас сургуулийн насанд шилжих шилжилтийн үе тохиодог. Энэ нь зургаан настнуудын хувьд нийгэм сургуулийн шинэ орчинд дасан зохицох, харилцааны хувьд илүү өргөн хүрээлэл дунд ордгоороо онцлог. Үүнээс шалтгаалж хүүхдэд дасан зохицох, өөрийгөө бусдад илэрхийлэх, найз нөхөдтэй болох зэрэг шинэ сорилтууд тулгардаг. Тиймээс 6-12 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ аль болох алдаж онох боломжийг өгөх нь чухал байдаг. Ингэснээр хүүхэд өөртөө итгэлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарлахад түлхэц болдог аж. Мөн нөгөө талаар өсвөр насанд бэлтгэх суурь болж өгдөг байна.

Өсвөр буюу идэр насны үе (12-20 нас): Амьдралын мөчлөгийн бүх үе шат дотроос мөн хамгийн чухал үе. Учир нь, энэ үед ижилсүүлэх, тодорхойгүй байдал хоёрын аль нэг нь л бүрэлдэн тогтдог. Өсвөр насны хүүхэд “Би хэн бэ, би хэнийг дуурайх вэ” гэдэгт хариулт хайдаг. Хэн нэгэн таалагддаг, хүндэлдэг, хайрладаг хүнээ үлгэрлэн дуурайж, түүн шиг биеэ авч явах, түүн шиг хувцаслах, бүр түүн шиг ярих гэх мэтээр өөртөө бие хүний тодорхой байдлыг төлөвшүүлдэг. Ингэх явцдаа өөрийгөө эрж хайх аялалд гарч өөрийн гэсэн үнэ цэнийг бүтээж байдаг.

Ийнхүү хүүхэд ураг байх үе болон дөнгөж төрсөн цагаасаа л танин мэдэхүй, сэтгэл зүйн хувьд эдгээр үе шатуудыг туулдаг бөгөөд тухайн насандаа юу мэдэрч, ойлгосноороо эрүүл сэтгэл зүйтэй, бие хүн болох эсэх нь шалтгаалдаг байна.

“Алтан үе”-ийг тордох шалтгаан

Хүүхдийн хөгжлийн алтан үед хүүхдийн тархины 80-90 хувь нь бүрэлдэн тогтдог. Иймд энэ үеийг чухалчилж цэцэрлэг, гэр бүлийн орчинд нь хүүхдийг илүү сонсож, өөрөөр нь аливаа зүйлсийг хийлгэж, сонгоход нь туслах хэрэгтэй байдаг. Тухайлбал, хөгжлийн чухал нас буюу таван настай хүүхэд л гэхэд өөрөө хувцсаа өмсөж тайлах, эвхэж хураах, гутлаа өмсөөд өөрөө үдээсийг нь үдэх, тоглоомоо хураах чадамжтай. Гэтэл үүнийг нь эцэг, эхчүүд өөрсдөө урдуур нь орж хийж, насанд нь тохирсон оролцоог нь хангуулж өгдөггүй. Энэ зэргийн жижиг зүйлсээс эхлээд хүүхдийн “Өөрөө хийе, би чадна” гэх хүсэл эрмэлзлийг нь багасгаж байдаг.

"0-6 нас нь хүний хөгжлийн алтан үе атал зарим эцэг, эх энэ үед хүүхдээ мөрөөр нь орхичихдог. Хүүхэд цэцэрлэгийн орчинд өглөөнөөс орой хүртэл цаг минут тутамд дадал бий болгох байдлаар цогц хөгжлийн таван үндсэн хэсэг болох танин мэдэхүй, хэл ярианы чадвар, бие бялдрын хөгжил, нийгэмшихүй, сэтгэхүйн чадварт суралцаж байдаг. Энэ таван чиглэлээр хөгжсөн, өсөх сэтгэлгээтэй хүүхдүүд ирээдүйд ямар ч сургуульд эцэг, эхийн албадан шаардлагаар бус өөрийн тэмүүллээр сурч, хөгжих давуу тал болдог."

Мөн нас насны онцлогоос хамаарч хүүхэд болгоны хэрэгцээ, шаардлага өөр байдаг. Тухайлбал 2-7 настай хүүхэд аав ээжтэйгээ тоглох хэрэгцээтэй байдаг бол 8-12 насныхан тоглох бус ярилцахыг илүүд үздэг. Харин үүнийг нь эцэг, эхчүүд анзаарч хүүхдийнхээ насанд тохирсон аливаа хэрэгцээ, шаардлагыг нь хангадаг байх нь чухал. Ингэснээр хүүхдийн шийдвэр гаргах, бие даах, бүтээлчээр сэтгэх зэрэг чадварууд нь хөгждөг.

"Хүний тархины хөгжлийн 70-80 хувь 0-5 насанд нь явагддаг. Энэ насны хүүхдийн хөгжил бол хэзээ ч хоцорч болохгүй галт тэрэгтэй адил. Тиймээс бид амжиж хөгжил төлөвшлийн зөв суурийг бий болгох мэдээллийг тархины шинээр үүсч буй тэдгээр холбоосуудад өгснөөрөө бүх амьдралынх нь турш давуу тал болох чадваруудыг тэдэнд бий болгох боломжтой."

Ийнхүү бага насны хүүхдийн хөгжил нь цаг минутаар хэмжигдэхүйц хурдтай явагддаг. Энэ үед эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ хэлж ярьж байгаа зүйл, тоглож байгаа тоглоом, асууж байгаа асуултыг анхааралтай сонсож, тэдэнтэй ярилцаж үнэт цагаа зарцуулах хэрэгтэй. Учир нь, тэдний хөгжилд гэр бүлийн хичээл зүтгэл, хайр халамж хамгаас чухал байдаг.