Улирал солигдох үед хүний бие махбод болон сэтгэлзүйд багагүй өөрчлөлт гардаг. Ялангуяа хаврын улиралд бодисын солилцоо эрчимжин дааврын ялгаралт нэмэгддэг учраас хүн гаднаа цовоо сэргэлэн мэт боловч алсуураа нэлээд ядарч, сульддаг байна. Түүнчлэн хаврын ядаргаа нь гуравдугаар сарын дундаас дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх бөгөөд хүн бүрийн амьдралын хэв маягаас шалтгаалж, харилцан адилгүй байдлаар илэрдэг аж. Тухайлбал,
- Ханатлаа унтсан ч нойр хүрэх
- Толгой өвдөх, дүйнгэтэх
- Цаг агаараас хамаарч бие хямрах
- Сэтгэлзүйн хувьд тогтворгүй болох
- Амьдралын идэвхгүй болох
- Үе мөч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Түүнчлэн хүйтэн сэрүүний улиралд хүний бие дэх мелатонин дааврын хэмжээ ихэсч, сэтгэлийн хөөрөлд хүргэдэг серотонин дааврын хэмжээ багасдаг байна. Харин хаврын улиралд нарны гэрлийн нөлөөгөөр серотонин дааврын хэмжээ эргээд нэмэгддэг аж. Ийм ч учраас хүмүүс хаврын улиралд илүү дурламтгай болдог. Мөн энэ үед эрэгтэйчүүдээс тестостерон даавар, эмэгтэйчүүдээс эстроген даавар цусанд ялгарч эхэлдэг байна. Үүнтэй холбоотойгоор бэлгийн дааврын нөлөөгөөр нөхөн үржихүйн эрхтний үйл ажиллагаа сайжирдаг. Улмаар бие организм, сэтгэл санаа тогтворгүй болж, хаврын синдром хэмээх өөрчлөлтөд хүргэдэг.
"Халдварт өртөж, архаг хууч өвчин сэдрэх эрсдэлтэй"
Хүйтний улирлаас дулааны улиралд шилжих үед хүний бие махбод гадаад орчинтой дасан зохицохын тулд биеийн эд эс дайчилгаанд орсноор ядарч туйлдахад хүрдэг. Энэ үед дархлааны эс мөн бүрэн дайчлагддаг учраас биеийн эсэргүүцэл сулардаг. Дулаарах үед амьтад ичээнээсээ хөдөлж эхлэхтэй зэрэгцэж, нян бактери хөдөлгөөнд орж эхэлдэг байна. Улмаар бие организм халдварт өртөх эрсдэл нэмэгдэж, архаг хууч өвчин сэдрэх магадлал ихэсдэг. Тухайлбал, хаврын хавсарга буюу халуун хүйтэн хавсарсан сэрүүн салхитай үед нян бактери халдварлаж хатгаа тусах эрсдэл нэмэгддэг. Мөн хий ханиалга, харшил, хоолой болон үе мөчний өвчин сэдрэх хандлага ихсэнэ. Хаврын хямралыг давахын тулд хамгийн түрүүнд зөв хооллож, идэвхтэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.
Хооллолт
- Шингэний хэрэглээгээ нэмэгдүүлж, биеэс хорт бодисыг гадагшлуул
- Аль болох хөнгөн хооллох. Гэхдээ илчлэг ихтэй хоолноос огцом татгалзах хэрэггүй, хэмжээг нь алгуур багасгаж жимс, ногоо, цагаан идээ түлхүү хэрэглэ
- Хар шоколад бага багаар ид
- Өөрт шаардлагатай витамин, поливитаминыг хэрэглэ
- Долоо хоногт нэг өдөр махан хоолноос татгалз
Хэрэгжүүлвэл зохих хэвшил
- Дасгал хөдөлгөөн хийх (хэт ачаалал бүхий дасгалыг огцом хийхгүй байх)
- Бүлээн шүршүүрт ор (хүйтэн ус эсийг цочоон сэргээдэг тул энэ нь хавар тохиромжгүй)
- Тогтмол цагт унтаж амрах (орой эрт унтаж, өглөө эртлэн босох)
- Бясалгал, иогоор хичээллэ
- Өглөө босоод аяга бүлээн ус уух
- Тод өнгийн хувцас, эдлэл хэрэглэ
Гэхдээ ядаргааны ноцтой шинж тэмдэг илэрвэл хаврын ядаргаа хэмээн тайвшралгүй эмчид хандахыг зөвлөж байна.