Гоё доо. Хавар ирэх нь гоё. Өвлийн хахир, утаа угаар, замын халтиргаа түгжрэл бүгд мартагдаад нэг л гоё. Шинэ жил, валентин, цагаан сар, март, цэргийн баяр гээд амьсгал давчдуулсан олон цэнгэлийн араас хүүхдийн баяр хүртэл түр амсхийж ажлаа хийх боломж олдох нь гоё. Хаврын урьтай зэрэгцэн ичигсэд ичээнээсээ гарч ирэх шиг бүгд амилах нь гоё. Үлгэрийн баатруудыг санагдуулам сайхан амлалттай ах, эгч нар мэлсхийн гарч ирж чихэн дээр цэцэг ургуулах нь гоё. Тэдний дуулах нь гоё, бүжиглэх нь гоё, жүжиглэх нь ч гоё. Тэднийг таашаан үзэгч олон түмэн нь ч гоё.
Сонгуультай жил болохоор мөнгө тараах нь гоё. Инфляц өсчихнө, үнийн өсөлт нэмэгдэнэ гэж ард урдахаа бодож тархиа гашилгахгүй нь бүүр ч гоё амар амгалангийн мэдрэмж. Сарын өмнөхөн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол өгсөн, гоё. Удахгүй “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол өгнө, гоё. Тэгээд хэдхэн хоноод төрийн бүх албан хаагчдын цалин 10 хувиар, нийтлэг үйлчилгээнийхний цалин 20 хувиар нэмэгдэх юм байна, гоё ш дээ. Хөдөө орон нутгийнхан бол бүр гоё. Нэмэгдэл нь нэмэгдэж байгаа. Тэтгэвэр 100 мянгаар, халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж 10 хувиар нэмэгдэнэ гоё биз дээ.
Угаасаа манай улс биднийгээ гоё халамжилдаг. Эрэгтэйчүүдийн хувьд халамж авдаг байх нь хөдөлмөр эрхлэх сонирхлыг 15.5 хувиар бууруулж байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй өндөр байгаа гэнэ билээ. Тэглээ гээд эмэгтэйчүүд хөгшдийнхөө араар нуугдаад байгаа ч юм биш бид угаасаа гоё халамжлуулдаг. Араас нь зудын гамшгийг арилгахаар өчнөөн мөнгө тараана. Угаасаа малчдын нийгмийн даатгалын талыг төр төлж, тэднийг НӨАТ-аас чөлөөлчихсөн гоё л байгаа. Энэ жил бүр гоё, сонгуультай. Гоё ах эгч нар үүнд жилжин бэлдсэн. Найр наадам, олон цугласан бүх л газар торгон дээл, өнгөт медалиар гоодсон эрхэм хүмүүс оройд суун олны нүдэнд өртөж, намаржин, өвөлжин, сар шинийн урт амралт, зуд турханы их цасан дунд үл ажран олон гоё зураг авахуулж явсан. Одоо тэднээрээ чимсэн зурагт сонин, сэтгүүл хэвлүүлж “Үүнийг түмэнд түгээ” гэх нь гоё.
Түүнийг нь авч уншихад эгээ л улс орон маань гэрлийн хурдаар хөгжих гэж байгаа мэт давилуун гэгээлэг сэтгэгдэл төрөх нь гоё. Ийм хүчирхэг сэтгэгдлийг үе үехэн бидэнд илгээдэг дээ тэд маань. Тэднийхээ үгээр бид олон жилийн өмнө дүүжин тээвэртэй болсон, метротой ч болсон, усан замтай ч болсон, гоё. Зарим нь сонгуулийг үзэж чаддаггүй. Гэхдээ гоё шүү дээ. Тэр жил сонгуулиас болж долоон сарын нэгэн болсон л гэдэг. Долоохон хоногийнх нь дараа гоё наадам болж, сарын дараа олимпын аваргатай болж бүгд гоё мартсан. Сонгуулийн хэдэн сар тэнгэр хөвсөлзөж, газар тунарсан том явдлууд болдог нь гоё. Ах нар мөнгө тараах нь гоё, ажаа нар сурталчилгаанд явж мөнгө олох нь гоё. Адаг сүүлд нь санал өгөх нь гоё. Санал их авсан ах нар том дарга болоод явах нь ч гоё.
Сонгуулийн дараа наадамтай. Бид ер гоё бүхний завсар зайгаар хэсэгхээн л ажиллаж амьдардаг. Өнгөрсөн наадмын дуулиан, түрүү бөхийн будлиан бараг мартагдсан байх нь гоё. Энэ жил 102 сум зуун жилийн ойгоо хийнэ. Хөл толгойгүй наадаж, найрласан гоё зун болох нь. Дээлийн хээ, бүсний эрч шалгасан уртхан зун болох нь. Ер нь ч бид найр наадмын дунд амьдардаг нь гоё.
Монголд өдөр бүр баяр. Тэр өдөр бүр нь өөрийн гэсэн битүүнтэй, шинийн нэгэн, хоёронтой. Дээр нь шар тайлах өдөртэй байх нь гоё. Бид хуулиар эрхийг олгосон есөн тэмдэглэлт баяраар 15 хоног амардаг. Үүний дээр нийтээр тэмдэглэх баяр гэж 17 баяр бий. Мэдээж бид валентин зэрэг олон улсын олон баярыг алгасаж үзээгүй гоё үндэстэн. Хүссэн хүссэнээрээ л гоё баярладаг. МАН ч баярын өдөртэй, АН ч баярын өдөртэй тэр бүү хэл буддын шашинтнуудад зориулсан их дүйчин өдрөөр ч амардаг. Төрсөн өдрүүд, аймаг сумдын ой, сургуулийн ой, төгсөлтийн ой, валентин, халловин гээд завшаан бүрийг алддаггүй гоё үндэстнийг үзээд өгье гэсэн ч өнгөт орчлонд Монголоос өөр нь хаана байна. Тоолоод, тооцоод үзтэл монголчууд жилийн 365 хоногийн 119-ийг нь баярлаж цэнгэж, амарч наадаж өнгөрөөдөг гэжээ. Арай ч ийм цөөхөн бишээ, зүгээр. Энэ бол албан ёсны баяр, амралтын өдрүүдийн л тоо байх. Үсний найр, хурим, насны ой, шагналын угаалга, цолны мялаалгыг тоолж оруулбал таарна. Ер нь ч тэгээд бид баяр бүхнийг баячууд шиг, тэр дундаа бүр дэлхий даахгүй баян шиг л баярхаж, сагаж, бааварлаж тэмдэглэдэг гоё хүмүүс.
Баяр бүхэн шагналын хуртай нь гоё. 2022 онд хятадаас бид 1.2 сая ширхэг медаль авчирсан. Спортын, урлагийн, морины бөхийн гээд. Бид ийм л медалийн мөнгөнд горойгоод байхааргүй гоё хүмүүс. Медалийн дундаж үнэ 5250 гэж үзвэл жилд 6.3 тэрбум төгрөг буюу 2 сая ам.доллар монголчууд медальд зарцуулчихдаг тийм л баавартай гоё үндэстэн. Шагнал гоё ш дээ. Хэнийг яаж шагнах хэнд ч хамаагүй. Эрэгтэй хүн байвал аль настай эсвэл аль танил талтайгаас нь эхлээд эмэгтэй хүн байвал бүр хэдэн хүүхэд төрүүлснээр нь ялгаад олон хүүхэдтэй бол бүр дотор нь ангилаад бүр нарийвчилбал хэдэн хүү төрүүлснээр нь ялгаад өргөмжлөөд явчихна. Ард нь хэнүүс юу гэх нь ямар ч падлийгүй, тийм л гоё. Улс даяарыг гялгаржуулсан коммунист зан сэтгэлгээгээ нэр бахдам түүчээлж яваа бахархам гоё үндэстэн Азийн цээжинд нэг л бий. Баяр ёслолоор нэгийгээ авчихаар атаархаж одоо тэр л ёстой авах ёстой гэж өөд нь шидэх нь ч гоё. Олны дотор дуулиантайхан гоё авах нь гоё байдаг юм.
Угаасаа ч бид ингэж алив бүхнийг морь шиг уралдуулж, шагнаж таашаадаг гоё улс. Бүр яруу сайхныг хүртэл хооронд нь уралдуулдаг гээл бод. Тэр түрүүлэх ёстой, энэ жил хэн түрүүлэхгүй бол шүүлт будилаантай гээд л гоё маргаан болдог юм. Ингэж шүлэг, яруу найраг хүртэл уралдуулдаг улс байхгүй гэж бодохоор сэтгэлд нэг л өег гоё. Хүн хүний бодож, сэтгэж бичсэн нь тухайн хүндээ нандин л байгаа биз, яадаг юм. Хүний нандин сэтгэл бодролыг өөр нэгнийхээс илүү дутуу гэж шүүдэг улс манайхаас өөр байхгүй, гоё.
Ер нь монголчууд гоё. Салхинд хийсэх хамхуул шиг намирч байгаа нь ч гоё. Сайхан бүхний түүчээнд явж, хэн нэгний ард орчихгүй юмсан гэж хичээж явдаг нь ч гоё. Бид биеэр биш брэндээр гоёдог. Нэг маань шинэ загвар авчихвал араас нь заавал уралдаад л авна. Одоо хүүхдүүд маань хүртэл iphone барьдаг болсон гээд бодвол бидний хэрэглээ гоё дэлхийн хэмжээнд хүрчихсэн. Манайхан ер нь юмыг авна л гэвэл авдаг. Авагдахгүй бол зээлээд авна. Энэ зээлээ дараагийн зээлээр төлчихнө. Тэр зээлээ ч дараагийн зээлээрээ төлчихнө. Ингэж л гоё амьдарч байгаа маань төрийн минь бодлоготой холбоотой. Угаасаа зээл авдаг, зээлээ ч зээлээр хаачихдаг юм.
Гоё сайхны оройд манлайлах огторгуйн их хүчийг төр засаг маань цэнэглэж өгдөг. Хаван хиа нарын отго жинсийг хураах, зарцлах эрхийг хасах Засгийн газрын шийдвэр гарч байснаас 101 жилийн дараа нэгэн гоё шийдвэр гарч, ажил мэргэжлийн жагсаалтад зарц, бараа бологч, дагалдагчийн ажлуудыг оруулж өглөө. Удахгүй тэгэхээр бид гоё урд хойноо бөхөлзөх дагалдагч, зарц нартай болно гэсэн үг. Угаасаа бид урд урдын түүхээсээ авахуулаад хэн ч хэнтэйгээ ижил тэгш байсан түүхгүй. Боломжтой бизнес, зээл байвал дарга нар нь авчихна, өнгөтэй өөдтэй боломж байвал дарга даргын хамаатнууд авчихна, төрд орсон ихэнх хүмүүс мөнгө идэхийн төлөө гарч байна. Тэд дээд дарга нартаа үйлчилнэ. Доод хүмүүсээ өөртөө үйлчлүүлнэ. Ингээд бодохоор дагалдагч зарц ангийн тодорхойлолтыг гоё, буцааж авчирсан нь ч зөв.
Энэ гоё тойргоосоо угаас бид гарахгүй. Хурааснаа бидэндээ харамгүй тараачихдаг, хурах орохоо хуваагаад идчихдэг, бүр ирээдүйд орж ирэхээ ч урьдчилаад тараачихдаг ухаант гоё төртэй байхад толгойгоо ажиллуулах хэрэг ч алга. Тийм ч болохоор бид тэдэнд дархан эрх өгсөн юм. Тэд бидэнд тараах, идэхээ яаж олохоо мэдэж гаршсан улс. Болохгүй бол гоё татвараа нэмнэ биз.
Татварын өртэй компаниуд нь тэгээд төсөл хөтөлбөрт орж чадахгүй, ажилдаг хүмүүс нь ядаж Солонгост очоод семинарт суучихаж чадахгүй, НДШ-ийн өр гээд виз нь ч гарахгүй. Дээр нь хэдэн сая төгрөгийн өртэй гээд компаниудын дансыг хаачихдаг нь ч гоё. Ингэхээр төлөхгүй хаачих юм.
Эцэст нь биднийгээ гоё амьдруулахын төлөө гоё төрийн маань бодож олсон зүйл л энэ. Угаасаа бид гоё хүмүүс, гоё ч амьдарч байна. Улс орон хөгжиж байна гээд болор хундгаа хангинуулж яваа дарга нар маань ч гоё удирдаж байна. Ер нь ч тэгээд бид эртнээсээ илүү тэнгэртэй, бусдаас тохой дээр хүмүүс. Монгол шиг гоё улс ч байхгүй гэж боддог юм.