АНУ-ын боомтын Балтимор хотод ачаа тээврийн усан онгоц гурван км урт гүүр мөргөсөн осол гарсан байна. Ослын улмаас зургаан хүн амь үрэгджээ. АНУ-ын Мэрилэнд мужийн боомтын хот Балтиморын эрэг дээр мягмар гарагийн шөнө 01:30 минутын үед ачаа тээврийн онгоц томоохон гүүрний тулгуур баганыг мөргөсөн томоохон осол гарсан. Ачааны онгоц гүүрийг мөргөхийн өмнө ослын дуудлага хийж гүүрэн дээрх автозамын хөдөлгөөнийг зогсоож чадсан боловч гүүрний засварын ажлыг хийж байсан найман хүн мөрний ус руу унасан байна.
Аврагчид гүүрэнд гарсан нүхийг бөглөхөөр ажиллаж байсан засварын ажилтнуудыг аврах ажиллагааг 18 цагийн дараа зогсоосон тухай сүүлд мэдээллээ. Усанд унасан хүмүүсийн хоёрыг нь аварч чадсан боловч зургаан хүн амь үрэгдсэнийг эргийн хамгаалалтын албанаас мэдэгдсэн байна. Амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь Гватемалаас ирсэн бол үлдсэн нь Мексик, Гондурас, Эль-Сальвадор зэрэг улсуудаас ирсэн цагаач иргэд байжээ.
Балтиморын Патапско мөрний эргийг холбосон Фрэнсис Скотт Кей гүүр нь гурван км урт бөгөөд ослоос хойш гүүр хаалттай хэвээр байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ослын үеэр хохирсон хүмүүст гүн эмгэнэл илэрхийлснийхээ дараа гүүрийг яаралтай сэргээн засварлах ажилд шаардлагатай бүх зардлыг Засгийн газар гаргана гэж мэдэгджээ.
Фрэнсис Скотт Кей гүүрийг мөргөсөн 289 метр өндөр Дали ачаа тээврийн усан онгоц 3,000 орчим чингэлэг тээвэрлэж Балтимороос Шри-Ланка улсыг зорьсон 27 хоногийн аялалд гарахаар эргээс дөнгөж хөдөлсөн байна. Сингапур улсад төвтэй Синержи группийн эзэмшилд байдаг усан онгоцыг Данийн Маерск компани ачаа тээвэрлэхээр түрээсэлсэн байжээ.
Усан онгоц зогсоолоос хөдөлснийхөө дараа гэнэт тоггүй болж бүх гэрэл цахилгаан нь унтарсан байна. Хурдаа авсан байсан бөгөөд шөнө дунд байсан учраас орчноо сайтар харах боломжгүй байсан гэж зарим хэвлэлүүдэд бичжээ. Хөлгийн багийнхан гэрэл цахилгаанаа эргэн холбож, усан онгоцны хөдөлгөөнийг удаашруулахаар оролдсон ч чадаагүй байна. Эцэст нь ослын дуудлага өгөхөөс өөр арга үлдээгүй гэжээ. Ачаа тээврийн онгоцон дээр байсан хөлгийн багийн 22 гишүүн Энэтхэгийн иргэд байсан байна.
Дали ачаа тээврийн усан онгоц анх удаа осол хийсэн тохиолдол энэ биш юм. Уг онгоц 2016 онд Бельги улсын Антверп хотын боомтод өөр нэг усан онгоцтой мөргөлдөж байжээ. Тухайн үед ямар нэг томоохон гарз хохирол учрах болон хүний амь нас эрсдэлгүй өнгөрсөн байна.
Фрэнсис Скотт Кей гүүрээр өдөр тутам 34,000 тээврийн хэрэгсэл тогтмол зорчдог тул гүүрийг нэн даруй сэргээн засварлах нь чухал байгаа юм. Гүүр нурснаар боомт дахь усан замын тээвэр ч мөн зогсонги байдалд ороод байна. Тус гүүрийг 60 сая ам.долларын зардлаар бүтээн байгуулж, 1977 онд ашиглалтад оруулжээ.
Балтиморын боомт нь АНУ-ын ес дэх том усан зогсоол бөгөөд 15,000 хүнийг шууд ажлын байраар хангадаг байна.