
БНСУ-ын Гванжу хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 20-29-ний өдрүүдэд үргэлжилж байна.
Тус тэмцээнд 28 орны нийт 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчин ганцаарчилсан, багийн болон холимог багийн төрөлд өрсөлдөж байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй хоёр тамирчин цэц сорьж байгаа юм.
Өнөөдөр тус тэмцээний эмэгтэйчүүдийн багийн харваанд Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар БНСУ-ын багийг 6:0-ээр хожсоноор алтан медаль хүртлээ. Тэд пара байт харвааны төрлөөр ДАШТ-ээс алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчид болж байна.
Пара байт харвааны ДАШТ-ий эмэгтэйчүүдийн багийн төрөлд монголоос өмнө нь Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар хүрэл медаль хүртэж байв.
Мөн өнөөдөр явагдсан холимог багийн төрөлд Д.Сэлэнгээ, Н.Мөнхбаатар Италийн багийг хожиж, дэлхийн аварга боллоо. Энэ тэмцээнээс Монголын баг эмэгтэй баг болон холимог багаар аваргын алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргалаа.
"Гванжу" пара байт харвааны ДАШТ-ий рекурв төрөлд Монгол, БНХАУ, БНСУ, Итали, Тайланд, ОХУ-ын баг тамирчид медальт байранд шалгарлаа. Мөн Монгол, БНХАУ-ын баг дэлхийн хошой аваргатай болсон онцгой амжилтыг бичив.

