Генетикч Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын сүүлийн 30 жил судалгаагаар монголчуудын дунд өөрөөсөө дээш гурав, дөрөвдүгээр үеийн ах, дүүс ураг барилдахад илэрдэг цус ойртолт их байна гэсэн дүн гарчээ. Улсын хэмжээнд Говь-Алтай хамгийн их цус ойртолттой бол хоёрт Дорноговь, гуравт Баян-Өлгий, дөрөвт Дорнод, тавд Өмнөговь, араас нь Завхан аймаг жагсана. Харин Увс аймаг хамгийн бага цус ойртолттой, араас нь Дундговь, Архангай аймгийг эрсдэл багатайд нэрлэжээ. Монголын хүн амын 6.1 хувь нь буюу 57300 гаруй хүн цус ойртолттой гэх энэхүү судалгааг тэр бүр дэлгэрүүлэн тайлбарладаггүй. Харин судалгааг хийлцсэн Э.Энхмаа одоо ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнд ахлах шинжээчээр ажилладаг тул 2022 онд УИХ-аар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай 01 тоот тогтоол батлуулж чаджээ. Монголчууд тэгтлээ цус ойртоогүй гэдэг бодолтой эрдэмтэн, багш нар байдаг боловч УИХ-ын тогтоол гаргах хэмжээнд судалгаагаа хамгаалж, хэрэглээнд оруулж чадаагүй тул Ж.Батсуурь, Э.Энхмаа нарын судалгааг ач холбогдолтой л гэж үзнэ. Адил ургийн овогтой хүмүүс хоорондоо гэрлэдэггүй, есөн үеийн хэлхээ дотроо ураг барилддаггүй ёс журамтай явсан цөөхөн монголчуудын дунд цус ойртолт нэмэгдэх тусам төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөх нь олширч, удамшлын өвчин ихтэй, өвчин эсэргүүцэх, сэтгэн бодох чадвар тааруу хүүхэд нэмэгдэнэ. Аймаг, сум, жалга довны гэрлэлтээ больцгоож, угийн бичгээ хөтөлцгөөн төрөл саднаа мэддэг, бэлгийн замбараагүй харилцаа үүсгэхээ больсон цагт л аюул биднээс холдох аж. Гэхдээ цус ойртолтоос сэргийлэхэд туслах бусад арга зам бас бий.
Эцэг тогтоохоос илүү нарийн ДНХ шинжилгээ
Одоо мөрдөж буй 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулийг 8 удаа нэмж өөрчилжээ. Сүүлийн 25 жилд нийгмийн амьдрал багагүй өөрчлөгдсөн, зохицуулах олон асуудал гарч байгаа тул Засгийн газар Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулахаар болж, өнгөрсөн оны зургаадугаар сард төслөө УИХ-д оруулсан. Хуулийн 5.4-т “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ батлуулахаас өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор ДНХ (дезоксирибонузлейн хүчил)- ийн шинжилгээнд хамрагдаж болно” гэсэн заалт тусгасан байна. “Болно” гэдэг бол албан журмынх биш, сайн дурынх гэсэн үг. Энэ нь ч зөв. Учир нь, нэгт иргэний ДНХ-ийн мэдээлэл бол тухайн хүний нууцлах ёстой хувийн (эмзэг) мэдээлэл. Хоёрт, бусад иргэний ДНХ-ийн мэдээллийг хангалттай цуглуулсан сан байхгүй нөхцөлд төрөл, садан мөн эсэхийг нь тогтоох боломж байхгүй учраас анхны зорилгоо хангахгүй. Гуравт, манайд хийдэг эцэг тогтоох шинжилгээнээс илүү нарийн учраас хууль, хүний нөөц, лабораторийн техник, төхөөрөмж, урвалж, нууцлалаа хангаж байж хийхгүй бол болохгүй эд юм билээ. Мөнгөөр зодлоо гэхэд наад тал нь 2028 оноос мөрдөж эхлэх зохицуулалт байж болохыг мэргэжилтнүүд нь өөрсдөө Засгийн газарт сануулсан.
Бэлэн болсны дараа манайх шиг 3.5 саяхан хүн амтай улсад дорхноо хэрэгжээд, үр ашгаа өгч цус ойртолтоос сэргийлэх шийдэл. Хос хоёр гар утсаа ойртуулаад шалгахад төрөл, садан мөн бишийг нь илэрхийлдэг үндэсний аппликейшнтэй болъё гэвэл суурь судалгаа нь ДНХ-ийнх байж болно. Гол нь монголчуудын ДНХ-г шинжлэх эрхийг хувийн лабораторид өгч болохгүй бөгөөд нууцлал, аюулгүй байдлыг нь хамгаалахын тулд төрийн байгууллага нь бусад төрийн болон хувийн хэвшлийнхэнд алдахааргүй офлайн орчинд хадгалах нь оновчтой болов уу. Ялангуяа 2022 онд Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэхдээ хувийн шинжилгээний лабораториудад зарим шинжилгээг хийж болохоор хуульчилсан цагт.
Нэгнээ танихааргүй олон сая хүн амтай холбооны улсууд бол ДНХ-ийн шинжилгээ, сан үүсгэх эрхийг хувийнхандаа өгчихсөн. Иргэд нь ДНХ-ийн тохирол, дараалал ойрхон бусад хүнээс төрөл садангаа олж байна. Гэрийн хаяг, нэр, зураг, утас, и-мэйлийг нь олж авч холбогдож байна. Телевизүүд, тухайн лабораториуд нь эцэг тогтоох шинжилгээний дүн, ДНХ-д суурилсан ургийн модоор нь шоу нэвтрүүлэг хийж байна зэргээс үзвэл хүн ам багаас нэгнээ таних, бусдын амьдралд оролцох дуртай Монголд арилжааны хувийн байгууллагуудад энэ эрхийг өгөхөд эртдэнэ.

ДНХ шинжилгээний төлбөр
Монголд ДНХ-ийн мэдээллийн сан үүсгэхэд дор хаяж 32400 иргэнээс шинжилгээ авсан байх шаардлагатай гэсэн судалгааг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрынхан Засгийн газарт танилцуулжээ. Ийм хэмжээний суурь мэдээлэл цуглуулсан байж “сан” гэж тооно гэсэн үг. Үүнд багаар тооцоход улсын төсвөөс 4 тэрбум төгрөг шаардлагатай гэж. Энэ 4 тэрбум төгрөг бол мэдээлэл цуглуулахад шаардлагатай төсөв болохоос лабораторийн төхөөрөмж, урвалж сайжруулах зардал биш. Ерөөсөө нэг иргэнээс дээж авч, ДНХ шинжилж, ПГУ авч, дүн шинжилгээгээ хийгээд, мэдээллийн санд байршуулах зардал болох 120-140 мянган төгрөг гэж тооцсон байна.
Мэдээллийн санг нэг удаад ингэж бүрдүүлсэн байхад Шүүхийн шинжилгээний ерөнхий газрынхан нэг иргэнээс сайн дурын ДНХ шинжилгээ авахад лавлагаа гаргаж өгөхөд 62 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамж авна. Энэ үйлчилгээг хувийнхан бол 90 мянган төгрөгөөр хийх тооцоог хүргүүлсэн байна.
Ер нь, яагаад цус ойртолттой тэмцэхийн тулд ДНХ-ийн лаборатори, мэдээллийн сан, лавлагаа болж хуулийн төсөлд шингээгээд унав аа гэж. Шалтгаан нь, нийтлэлийн эхэнд дурдсан Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын 01 тоот тогтоолтой холбоотой юм.
Тогтоолын 3-р заалтад, “Хүний генетикийн оношилгоо, эмчилгээ, генийн сангийн аюулгүй байдлыг зохицуулах чиглэлээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-д 2023 онд багтаан өргөн мэдүүлэх. Дөрөвдүгээр заалтад, монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр орчин үеийн дэвшилтэт технологи бүхий генетикийн лаборатори, генийн сан байгуулах асуудлыг судлан шийдвэрлэх, шаардагдах төсвийг улсын төсвөөс санхүүжүүлэх” ажлыг Засгийн газарт даалгаснаас тэр юм билээ. “Алсын хараа 2050” хэмээх бодлогын баримт бичигт “2050 онд хүн бүрийг удамшлын мэдээллийг хадгалсан цахим үнэмлэхтэй болгосон байна” гэсэн зорилт байдаг.
Гэхдээ ямар ч ажилд сул тал буюу сүүдэр бий. ШШГЕГ-ынхан 2007 оноос хүний цус, шүлс, үснээс АНУ-ын ВЕНЕТА аппарат ашиглан эцэг тогтоох шинжилгээг 99.9 хувийн магадлалтай гаргадаг болсон, сүүлд БНСУ-ын КОЙКА-гийн шугамаар тоног төхөөрөмжөө сайжруулсан. Шинжилгээний дүнд бол эргэлзэхгүй. Гэрлэхийг хүсэгчид ДНХ-ийн шинжилгээ өгч болно гэж хуульчилж сангаа бүрдүүлчихээд, дараа нь “шинжилгээг үндэслэн гэрлэлт бүртгэх эсэхийг шийднэ” гээд заалтаа өөрчилчихвөл яах билээ. Ингэж албажуулахдаа хамтад нь тэмдэгтийн хураамж болох 62 мянган төгрөгөө нэмээд эхэлбэл нөгөө талд нь гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдрагчид олшроод эхэлдэг.
Хамтран амьдрагчид саллаа гэхэд хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг. Салсан хосын өмч хөрөнгийн маргаан, хүүхдийн тэтгэмж өгнө, өгөхгүй гэдэг дээр л өнөөгийн эцэг тогтоох шинжилгээ албадлагаар явдаг шүү дээ. Тэгэхээр хуульчлах нь зөв. Хуульчлахдаа ДНХ шинжилгээний төлбөрийг ЭМД эсвэл нийгмийн даатгалаас нь суутган төлнө гэж томьёолвол ямар вэ.