Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-оос эдийн засагт хамгийн их нөлөөгөө үзүүлэх нь “Боомтын сэтгэлт”. Монгол Улсын хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлснээр зорчигчид, бараа бүтээгдэхүүн ямар нэгэн хүлээлтгүй, саадгүйгээр гарч, эдийн засгийн эргэлт энэ хэрээр эрчимжинэ. Бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ хилээр гаргах гэж дугаарлан хугацаа алддаг байдлыг өөрчилж, боомтуудын боомийг тайлах нь “Боомтын сэргэлт”-ийн гол зорилт юм. Засгийн газар энэ зорилтоо эхнээс нь амжилттай хэрэгжүүлж эхэлсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн цогцолборын бүтээн байгуулалттай танилцсан үйл явдлаас харагдлаа. "Шинэ сэргэлтийн бодлого"-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд тус боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, өргөтгөснөөр нийт талбай найм, суудлын автомашин нэвтрүүлэх хүчин чадал долоо, том оврын ачаа тээврийн хэрэгслийнх гурав дахин нэмэгджээ. Замын-Үүдийн боомтоор цагт 900 зорчигч, зорчигч тээврийн 100 хэрэгсэл нэвтэрч байсан бол өнөөдөр 5000 зорчигч, зорчигч тээврийн 500 хэрэгсэл нэвтэрч, өдөрт 20 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай болж, 24 цагаар ажиллах боломж бүрдлээ. Ингэснээр хилээр гарах дарааллаа хүлээж тэр хэрээр цаг хугацаа, бизнесээ урагшлуулах боломжоо алддаг байсан цаг ард хоцорч байна. Бизнес эрхлэгчдийн үгсийн сангаас “Хил дээр ачаа ирчихсэн хүлээгдэж байгаа” гэдэг үг хасагдах нь.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын эхний зорилт бол боомтын боомийг тайлах Боомтын сэргэлтийн бодлого байсан. Цар тахлын хүнд үед хил холболтын цэгүүдийг шуурхай шийдвэрлэж, экспортын дөрвөн шинэ боомтын бүтээн байгуулалтын ажлуудыг бодлогоор дэмжиж, түншлэн ажилласан БНХАУ-ын Засгийн газарт талархал илэрхийлье. Өнөөдөр эдийн засаг, худалдааны гол хаалга Замын-Үүд боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, олон улсын стандартад нийцэж байна. Замын-Үүд боомтын боомилогдсон зангилаа ийнхүү тайлагдаж зорчигч, ачаа бараа нэвтрүүлэх хүчин чадал тав дахин нэмэгдэж байна” гэв.

БНХАУ-ын Засгийн газрын 233.5 сая юанийн буцалтгүй тусламж, улсын төсвийн 30.35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Хилийн Замын-Үүд боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажил” төсөл хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна. Энэ хүрээнд зорчигч тээврийн хэсэгт шинээр шалган нэвтрүүлэх 9500 ам.метр цогцолбор бүхий барилга байгууламж 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2.2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө, гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөн “Ухаалаг гарц” систем нэвтрүүлж, хилийн мэргэжлийн хяналтыг гаалийн байгууллагатай нэгтгэж давхардлыг багасгаж, хяналт шалгалтыг хялбарчилсан байна. Зорчигч, ачаа тээврийн цогцолборыг ирэх дөрөвдүгээр сараас 24 цагаар ажиллуулахтай холбоотойгоор орон тоог нэмж, 340 албан хаагч Замын-Үүд боомтод ажиллаж байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх орон сууц барих шаардлагатай байгааг албаныхан Ерөнхий сайдад хэлж байлаа.

Замын-Үүд боомт бол Монгол Улсын үүд хаалга болсон чухал боомт. Тус боомтоор экспортын 22, импортын 49 хувь  нь нэвтрэн өнгөрдөг. 2019-2023 он хүртэлх хугацаанд нийт импорт 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт, экспорт 2.3 тэрбумаас 3.4 тэрбум ам.долларт хүрч нэмэгдээд байна.

Манай улс ийнхүү боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлснээр дараагийн боломжууд ч гарч ирж байна. Тухайлбал, олон жилийн турш ярьж буй Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлаар БНХАУ-тай тохиролцжээ. Замын-Үүд хилийн боомтын зорчигч, ачаа тээврийн бүтээн байгуулалттай танилцсан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан БНХАУ-ын Эрээн-Монгол Улсын Замын-Үүд боомтод эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар хоёр тал тохирсон гэдгийг онцоллоо.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт” хөтөлбөрийн ийнхүү Замын-Үүд боомтын өргөтгөл шинэчлэлээр зорилтоо хангаж эхэллээ. Үүний араас Гашуунсухайт-Ганц мод, Ханги-Мандалын төмөр замыг холбосноор “Боомтын сэргэлт” бүрэн утгаараа эрчимжих юм.