Гадаад харилцааны сайд, Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Батцэцэг, тус ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар зудын эрсдэлийг даван туулахад зориулан гадаад, дотоодоос өгч буй хандив тусламжийг малчдад хэрхэн хүргэж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Б.Батцэцэг: -Өнгөрсөн наймдугаар сараас хойш Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Гаднын улс орноос тусламж их ирж байгаа. Тухайн улс орны Элчин сайд нар Ерөнхий сайдтай уулзаад тусламжийнхаа мэдээллийг өгч байгаа. Зарим тусламж ОБЕГ, УОК-т очиж байгаа. Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар бас гаднын тусламжийг авч байгаа. Дөрвөн тэрбум орчим төгрөгийг гаднын хүмүүнлэгийн байгууллагууд болон дотоодоос тусламжаар авсан. Энэ нь 10 мянган өрхөд бодитой дэмжлэг болох ёстой. Өнөөдрийн байдлаар 8000 гаруй айл өрхөд тусламж үзүүлсэн. Малчдад ойр зуурын хэрэглээний мөнгө, хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц өгч байгаа. Хаан банк, Төрийн банктай гэрээ байгуулан, малчдын дансыг нь орон нутгийн удирдлагуудынх нь тодорхойлолтын дагуу аваад тусламж өгч байгаа. Мөн зорилтод бүлгийн малчдад хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц өгч байгаа. Тусламжийн аян тавдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Н.Болормаа: -1900 малчин өрхөд 550 мянган төгрөгийг бэлнээр олгохоос гадна хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц өгч байна. Төмөр зудад өртсөн, 400 хүртэлх малтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, жирэмсэн, асаргаанд байдаг ахмад настантай айл өрхүүдийг сонгон тусламж өгч байгаа.
Мөн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтран 700 өрхөд бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцын тусламж хүргэсэн. Нэг малчин өрхөд 485 мянган төгрөг өгсөн.
НҮБ-ын Хүн амын сан эмэгтэйчүүдэд зориулсан 700 багцыг манайхаар дамжуулан малчдад хүргэсэн.
Автралийн Улаан загалмай нийгэмлэг Засгийн газраасаа санхүүжилт авч 600 өрхөд 550 мянган төгрөг, малын эрдэс тэжээлийн багц олгож эхлээд байна.
БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг Архангай, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймагт дулаан хувцас, хүнсний хувцас түгээж байгаа. Өвөр Монголын Улаан загалмай нийгэмлэг нэмж тусламж үзүлэхээ мэдэгдсэн. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам Төв аймгийн 500 өрхөд дулаан хувцас, хүнсний болон малын эрдэс тэжээлийн багц олгосон.
"Бадрах энержи" ХХК 200 өрхөд бэлэн мөнгөний болон бусад шаардлагатай зүйлсийн тусламж үзүүлсэн.
БНСУ тусламж үзүүлэхээ мэдэгдсэн. Бид айлуудаа судлан ажиллаж байна. Нэг айлд 550 мянган төгрөгийн тусламж үзүүлнэ. Донорууд бэлэн мөнгөний тусламжийг чухалчилж үздэг. Учир нь, эзэндээ шууд очдог, тухайн иргэн нь юунд зарцуулахаа өөрөө шийддэг учраас ингэж үздэг юм. Тусламжийг олгохдоо малчин айл өрхүүдийг давхардуулдаггүй.
Гадаад харилцааны яамны дотоод болон гадаадад ажиллаж буй албан хаагчид нэг өдрийн цалин болох 46.4 сая төгрөг хандивласан. Үүгээр Булган аймгийн хоёр сумын малчдад тусламж үзүүлсэн.
Нийтдээ 7200 өрхөд 3.9 тэрбум төгрөгийн тусламжийг хүргээд байна. Одоо цаашид тусламж үзүүлэх айл өрхүүдийнхээ судалгааг хийж байна. 50-иас дээш малаа зуданд алдсан малчин өрхүүдэд туслахаар шинэ шалгуур тогтоогоод байна.