2022 оны байдлаар, Монгол Улсын ядуурлын түвшин 27.1 хувьтай байна гэдгийг Үндэсний статистикийн хорооноос 2024 оны хоёрдугаар сарын 7-нд танилцуулсан. Өөрөөр хэлбэл, гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэж ойлгож болно.

Баруун бүсэд ядуурал хамгийн өндөр

2022 оны байдлаар 914.2 хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй буюу ядууралд өртсөн байна.Үүнийг бүсээр нь авч үзвэл хамгийн өндөр ядуурлын түвшинтэй бүс нь баруун бүс байна.

•              Баруун бүсийн ядуурлын түвшин 36.5 хувь

•              Хангайн бүсийн ядуурлын түвшин 33.5 хувь

•              Төвийн бүсийн ядуурлын түвшин 24.6 хувь

•              Зүүн бүсийн ядуурлын түвшин 35.3 хувь

•              Улаанбаатар хотын ядуурлын түвшин 21.6 хувь байна.

2022 оны байдлаар насанд хүрсэн нэг хүний дундаж хэрэглээ 657 мянган төгрөг байна. Харин 418 мянга 90 төгрөг Монгол Улсын ядуурлын шугамд тооцогдож байна. Тэгэхээр уг мөнгөн дүнгээс доош хэрэглээтэй иргэн ядууралд өртсөн буюу ядуурлын шугамаас доош хэрэглээтэй тооцогдоно гэсэн үг юм.

Гэвч ядуурал цаашид буурахгүй улам л нэмэгдэх хандлагатай байгааг “Нээлттэй нийгэм форум”-аас 2023 онд хийсэн судалгаанаас тольдож болно. Энэхүү судлалгаа “Цалин болон халамжийн бодлого иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлж буй нөлөөллийн судалгаа” юм. Уг судалгааг “Нээлттэй нийгэм форум”-ын захиалгаар “Санхүүгийн хүртээмж хөгжил санаачилга” ТББ-ын А.Мөнхцог ахлагчтай  судалгааны баг хийж гүйцэтгэсэн байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин 76-58.7 хувь болж буурчээ

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулах хамгийн чухал ач холбогдолтой гэдгийг бид мэддэг. Тэгвэл энэхүү судалгаагаар Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин буурсаар байна.

Монгол Улсын ажиллах хүчний оролцооны түвшин 1992-2022 оны хооронд 76 хувиас 58.7 хувь болж буурчээ. Үүнд, эмэгтэйчүүд болон залуучуудын оролцооны түвшин буурч байгаа нь голчлон нөлөөлжээ. Ажилллах хүчний оролцооны түвшин буурах нь хувь хүний худалдан авах чадвар буурах, эдийн засгийн өсөлтийг сулруулах зэрэг сөрөг нөлөөнүүдийг дагуулдаг аж.

Ажилгүйдлийн  түвшин дэлхийн дунджаас 0.9 хувиар өндөр

Ажилгүйдлийн түвшин 2022 онд 6.7 хувь байгаа нь дэлхийн дунджаас 0.9 хувиар, өндөр орлоготой орнуудаас 2.2 хувь өндөр байна. Хүйсээр нь харвал, эрэгтэйчүүдүүдийн ажилгүйдлийн түвшин бусад улс орнуудтай харьцуулахад өндөр байна. Харин эмэгтэйчүүдийн ажилгүйдлийн түвшин бусад улс оронтой ойролцоо байгаа юм. Монгол Улсын ажилгүй байгаа иргэдийн зургаан хүн тутмын нг нь 15-24 насны залуус байгаа юм. Ажилгүйдэл нь хувь хүний худалдан авах чадвар болон сэтгэл зүйд муугаар нөлөөлөхөөс гадна эдийн засгийн өсөлтийг удаашруулж байдаг аж.

Улсын дунджаас бага цалинтай салбарт 82 хувь нь ажиллаж байна

Манай улсын хувьд уул уурхайн салбарт төвлөрсөн эдийн засагтай бөгөөд салбарын бүтээмж нь бусад салбартай харьцуулахад өндөр байдаг. Нийт ажиллагсдын 25 хувь нь ХАА, ойн аж ахуй, загас агнуур, ан агнуурын салбарт ажилладаг байна. Гэвч тус салбарт уул уурхайн салбараас 4.9 дахин их хүн ажилладаг боловч 8.6 дахин бага бүтээмжтэй байна. Өөр нэг харамсалтай статистик бий нь улсын дунджаас бага цалинтай салбарт нийт ажиллагсдын 82 хувь нь ажиллаж буй юм. Эдгээр салбарт хөдөлмөрийн дундаж бүтээмж жилийн 24.2 сая төгрөг байгаа нь уул уурхай болон санхүүгийн салбараас 4-8 дахин бага үзүүлэлт.

2.6 сая иргэнд 2 их наядын халамж

Монгол Улсын нийгмийн халамжийн хүрээнд үндсэн 12 бүлгийн 72 төрлийн үйлчилгээг хэрэгжүүлдэг байна. Давхардсан тоогоор 2022 оны байдлаар 2.6 сая иргэн, 2 их наяд төгрөгийн халамж авчээ. Судалгааны регрессийн шинжилгээний үр дүнгээр нийгмийн халамжийн зардал нь нийт ажил эрхлэлтийг бууруулдаг болох нь нотлогджээ. Хүүхдийн мөнгө нэмэгдсэн нь бага орлоготой өрхүүдийн хөдөлмөр эрхлэлтийг өндөр орлоготой өрхүүдээс илүүтэй бууруулж байгаа юм.

Цалин 60 хувь нэмэгдсэн ч бодит цалин 10 хувь орчим л өсжээ

Цалингийн тархалтаар нь авч үзвэл нийт ажиллагчдын хамгийн их буюу 17 орчим хувь нь 420-700 мянган төгрөгийн цалин авч байна. Мөн нэрлэсэн цалин 2017 оноос 2022 оны хооронд ойролцоогоор 60 хувь өссөн боловч бодит цалин 10 хувь орчим л өсжээ. Бодит цалингийн түвшинг өсгөснөөр ажиллагчдын худалдан авах чадварыг хамгаалдаг учир цалингийн бодлогуудын гол зорилтуудын нэг байдаг аж.