Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Н.Төмөрхүү агсны нэрэмжит төвийн бүсийн физикийн анхдугаар олимпиадад зохион байгуулагдлаа. Тус олимпиадад Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн 8-12 дугаар ангийн 200 гаруй сурагч болон багш нар оролцлоо.
Мөн үеэр Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат "Физикийн хичээлдээ мэрийсэн хүүхдүүд хүмүүнлэг, анги хамт олондоо тусалдаг хүмүүс болж хувирдаг эерэг нөлөө бий. Тиймээс гаднын улс орнууд энэ чиглэлд анхаарч байна. Маш олон салбарын төвд физик байдаг онцлогтой" гэлээ.
Энэхүү олимпиадыг Зам тээврийн сайд, төр нийгмийн зүтгэлтэн Н.Төмөрхүү агсны гэгээн дурсгалын мөнхлөх, төвийн бүсийн багш сурагчдын физикийн шинжлэх ухааны мэдлэг чадварыг дээшлүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор аймгийн БШУ-ны газар, Арвайхээр сумын ЗДТГ, Улсын физикийн олимпиадын хороо, "Гэгээн хангай" клуб хамтран зохион байгуулжээ.
Энэ талаар "Гэгээн хангай" клубын Ерөнхийлөгч Н.Мөнхбуян "Н.Төмөрхүү агсан физикийн мэргэжилтэй хүн байсан. Байгалийн шинжлэх ухаан илүү хөгжсөнөөр Монгол Улсын ирээдүй илүү гэрэл гэгээтэй байна гэдэг үүднээс тус олимпиадыг зохион байгуулна" гэв.
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Засаг дарга Б.Ганбат "Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын сургууль цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийгээгүй салбар байхгүй гэж ойлгож байгаа. Энэ хүнийг сурталчлан таниулах зорилгоор шинжлэх ухааны ололт амжилтын түүчээ болсон физикийн олимпиадаар үйл хэргийг нь үргэлжлүүлэх болсондоо таатай байна" гэсэн юм.

Олимпиадын үеэр багш, сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.
Архангай аймгийн II сургуулийн физикийн багш Ч.Гончигдорж: Физикийн хичээлд дуртай хүүхдүүдийг хөгжүүлэх ач холбогдолтой. Олимпиадаар явсан хүүхдүүд асуудал шийдэх, аливаад бүтээлч хандах хандлага төвөшдөг.
Баянхонгор аймгийн БШУГ-ын мэргэжилтэн Д.Ууганбаяр: Улаанбаатар хотод ойр, ойрхон давтамжтай олимпиад болж байх шиг харагддаг. Харин орон нутгийн хэмжээнд аймгийн хэмжээний, улсын гэсэн олимпиад л болдог байсан. Ийн бүсийн олимпиад болж байгаа нь хүүхдүүдийг чадавхжуулж, физикийн хичээлд дурлах, тэр сонирхолыг нь төрүүлэх ач холбогдолтой гэж харж байна.
Өмнөговь аймгийн Коосэн технологийн коллежийн сурагч С.Жавхлантөгс: Өрсөлдөөн чанга байлаа. Бодлогууд нь хүндэвтэр, цаг хугацаа шаардсан, ухаан сорьсон байсан.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын I сургуулийн сурагч Б.Мөнхдалай: Олон аймгийн олон хүүхэд оролцож байгаа учир бодлогын хувьд хүндэрсэн. Хугацааны хувьд богино байсан нь бодлогоо хурдан бодох, хурдан сэтгэхэд сургаж байна гэж харсан.