Хөдөө орон нутагт хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор малын тэжээлийн эрэлт нэмэгдэж, үнэ өссөн. Тиймээс Засгийн газар малын тэжээлийг импортын татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Ингэхдээ гурилыг мөн татвараас чөлөөлсөн.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан малын тэжээл, гурилын импортын татварыг чөлөөлсөн шийдвэрээ танилцуулахдаа “Малын тэжээ, гурилын импортын татварыг тэглэнэ. Улсын хэмжээнд гурилын үнэ өндөр байгаа талаар иргэд шүүмжилж байна. Импортоор гурил оруулж ирвэл үнэ нь буурна гэж үзэж байгаа. Өмнө нь импортын татварыг тэглэх асуудал тодорхой хугацаатай байсан. 3-6 сарын хугацаанд импортын татварыг тэглэх асуудал яригддаг байсан. Харин энэ удаад тодорхой хугацаа заагаагүй. Мөн импортоор оруулж ирэх гурилд хэмжээ заагаагүй. Энэ нь зах зээл дээр гурилын үнэ бодитой болох нөхцөлийг хангах зорилготой” гэсэн юм.
Үүнтэй холбогдуулан Монголын тариаланчид өнөөдөр /2024.03.15/ мэдээлэл хийлээ. Тариаланчид “Эрх баригчид импортын гурилын татварыг тэглэх гэж байгаа гэлээ. Гэтэл энэ татварыг тэглэх юм бол бид нар унана. Газар тариалангийн салбар нэг уначихвал 6-7 жилдээ сэхэхэд хэцүү. Хоёр жилд нэг ургац авдаг. Цаана нь 60-70 мянган хүний аж амьдрал яригдана. Сүүлийн 2-3 жилд импортоор 200 гаруй мянган тонн будаа орж ирсэн нь борлуулалтад маш их нөлөөлсөн. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Хүнсний хувьсгал зарласан. Бид нар баяртайгаар хүлээн авсан. 100 гаруй тэрбум төгрөгийн зээл авч, техник технологио шинэчилж, үрээ шинэчлэн бордоогоо хангалттай бэлдсэн учир ургац арвин авна гэсэн бодолтой байна. Тэгэхээр нэг хувьсгалын ажлаа нөгөөгөөр унагаж болохгүй байх. Бид Засгийн газарт итгэлтэй байна. Арай ч ийм арга хэмжээ авахгүй байх. Гурилын үнийг тэглэвэл бидний тариа борлогдохгүй гээд банкнаас зээл өгөхгүй" гэлээ