"Банкны салбарын 2023 оны тойм" судалгааг танилцууллаа.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар "Өнгөрсөн онд банкны салбарын онцлох үйл явдал нь системийн нөлөө бүхий таван банк нээлттэй ХК боллоо. Ингэснээр манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гурав дахин өсөв. 2023 оны макро эдийн засгийн хувьд манай улс түүхэндээ анх удаа 69 сая тонн нүүрс худалдсан. Үүний нөлөөгөөр эдийн засаг долоон хувиар өсөж, макро эдийн засгийн орчин таатай байлаа. Банкуудын хувьд бизнесийн зээл олголт нэмэгдсэн нь таатай мэдээ байв. Харин зээлийн хүүг бууруулах стратегийн хувьд 2020 онд зээлийн хүүг бууруулах стратегийг УИХ-аас баталж, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө баталсан. Улмаар зээлийн хүүг сарын нэг хувьд хүргэх зорилтыг тавьсан. Гэвч энэ стратегийн нийт хэрэгжилт ердөө 5 хувьтай байгаа юм. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү дунджаар 16 хувьтай байна. Зээлийн хүү бууруулах стратегийн хэрэгжилтэд ковид19 цар тахал ихээхэн нөлөөлсөн. Энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Иймд энэ стратеги хангалтгүй хэрэгжсэн гэж үзэж байгаа" гэв.

Банк санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг" Төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарч, төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулсан. Энэ нь манай улс импортоос илүүтэйгээр экспортолсон нь төлбөрийн тэнцэл ашигтай гарахад чухал нөлөөлсөн. Түүнчлэн 2024 онд төсөв нэлээд өндөр тэлэлттэй гарахаар байна. Орлого болон эдийн засгийг өөдрөг байхаар төсөөлж байгаа ч төсвийн орлого тасрахад эрсдэл нэлээд үүсэхээр байна. Тухайлбал 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд төсвийн орлого 35 хувийг эзэлж байсан бол 2024 онд гурван нэгж хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ орлого, өсөлтийг гаргахад томоохон сорилт тулгарна гэж үзэж байна" гэлээ.