“АНУ-ын иргэдийг гадаадын дайсны хяналттай програмаас хамгаалах тухай хууль”-ын төслийн санал хураалт өчигдөр Америкийн Төлөөлөгчдийн танхимд боллоо. Санал хураалтын дүнд Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн 352 нь дэмжиж, 65 гишүүн татгалзсан санал өгсөн байна. Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан нам болон Бүгд Найрамдах намын гишүүд уг хуулийг батлахаар санал нэгдсэн нь тэр бүр тохиогоод байдаггүй ховор үзэгдэл юм. Хэдийгээр улс төрийн тавцанд эсрэг тэсрэг байр суурийг илэрхийлдэг ч гадаадын хяналттай програм, аппликейшныг хориглох хуулин дээр хоёр нам ийнхүү санал нэгдлээ.
Хэрвээ “АНУ-ын иргэдийг гадаадын дайсны хяналттай програмаас хамгаалах тухай хууль”-ийг Сенатын танхимын гишүүд дэмжвэл Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зурна. Ингэснээр тус хууль албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Энэ хууль хэрэгжиж эхэлбэл хамгийн их гарз хохирол амсах компани нь ТикТок апп-ыг эзэмшдэг Хятадын ByteDance компани болох юм. Учир нь энэ апп-ыг Хятадын Засгийн газар, Коммунист намын хяналтанд үйл ажиллагаа явуулдаг гэсэн хардлага Америкийн эрх баригчдын дунд байсаар ирсэн. Тиймээс АНУ даяар 170 сая хэрэглэгчтэй ТикТок апп-ыг хориглох хууль эрхзүйн орчин бүрдэнэ.
Дээрх хууль батлагдвал ByteDance компани 180 хоногийн дотор ТiкТок-ыг худалдах, эсхүл Америк даяар уг үйлчилгээг хориглоно. ТiкТок -ыг өдөр тутамдаа хэрэглэдэг, тус үйлчилгээгээр дамжуулан ашиг орлоготой болсон америкчууд өчигдөр Цагаан ордны гадаа жагсаал хийж, хуулийн төслийг эсэргүүцсэн байна.
Америк, Европ даяар салбаруудаа нээсэн тус үйлчилгээ нь дэлхий даяар тархсан боловч АНУ-д хоригловол эдийн засгийн маш том гарз хохирол амсана. Эдийн засгийн хохирлоос гадна Америк, Хятадын дипломат харилцаанд маш том ан цав үүснэ гэдгийг шинжээчид хэлж буй.
Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дийлэнх нь уг хуулийн төслийг дэмжсэн нь ByteDance компанийн хувьд гэнэтийн үйл явдал болсон тухай Wall Street Journal сэтгүүлд нийтэлсэн байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны сонгуулийн кампанит ажлаа сурталчлахын тулд өнгөрсөн сард ТiкТок-д нэгдсэн байна.
ТiкТок-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чев хуулийн төслийг цуцлуулах арга эрэлхийлж Вашингтонд ажиллаж байна. ТiкТок-ын бодлого төлөвлөлтийн газрын дэд Ерөнхийлөгч Майкл Бэкермэн уг хуулийн төслийг олон нийтийн сонсголгүй, урьд өмнө байгаагүй хурдтайгаар хэлэлцэж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болж магадгүй гэжээ.
Хятадын Гадаад хэргийн хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин АНУ-ын Засгийн газар ТiкТок Үндэсний аюулгүй байдалд нь заналхийлж байгааг гэрчлэх яамар ч нотолгоогүйгээр зүй бус үйлдэл гаргалаа, хариугаа эргээд хүртэх болно гэсэн мэдэгдлийг өчигдөр хийсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд дахин нэр дэвшихээр болсон Дональд Трамп өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ТiкТок-ыг эсэргүүцсэн байр суурийг илэрхийлдэг байсан. Тэр ч бүү хэл эзэмших эрхийг нь ByteDance компаниас салгах оролдлого хийж байсан удаатай. Гэвч энэ удаад Трамп хуулийн төслийг хүчтэй эсэргүүцэж байна. Энэ нь Трампын 2024 оны сонгуулийн кампанит ажилд хандив өгсөн тэрбумтан Жефф Ясс ТiкТок-ын гол хөрөнгө оруулагч гэдэгтэй холбоотой гэж зарим эх сурвалж бичиж байна. Хуулийн төсөл Сенатын танхимд унана гэж Трампын хүрээллийн зарим улс төрчид ярьж байна.
Америкийн Монтана мужид ТiкТок-ыг хориглох хуулийн төсөл батлагдсан боловч энэ нь эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх хүний эрхийг хязгаарлаж, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж холбооны шүүх үзсэн тул хуулийн төслийг гацаагаад байгаа юм.